|

“Битгий, боль, зүгээр бай” гэж байнга хэлэх нь хүүхдэд яаж нөлөөлдөг вэ?

“Битгий, боль, зүгээр бай” гэж байнга хэлэх нь хүүхдэд яаж нөлөөлдөг вэ?

 

Хүүхдүүд маань хөлд орж, ухаан суухын хэрээр олон янзын ааш гаргаж эхэлдэг шүү дээ. Айлын хүүхэдтэй тоглоомоо хуваалцахгүй, дэлгүүрээс гарахгүй, эсвэл үл ялиг зүйлд байнга уйлж уцаарлах үе бишгүй л бий. Түүнийг нь бид ихэнхдээ "худлаа эрхэлж байна” гэж үл ойшоон шууд хэвшмэл аргаараа шийддэг. Гэтэл хүүхдийн бяцхан ертөнцөд үүний шалтгаан хамгийн том асуудал байж мэдэх юм шүү. Ийм үед бид хүүхдүүдтэйгээ зөв харилцаж, тэдэндээ тусалж чаддаг болов уу?

 

Ингээд томчууд бидний гаргадаг 5 нийтлэг алдаа, тэдгээрийн хор уршгийн талаар хуваалцъя.

 

Энгийн зүйлд ихэд баярлан, сэтгэлийн хөөрлөө гүйж харайн илэрхийлж, хүрээлэн буй орчноо идэвхтэй хөдөлгөөнөр таньж мэдэх бол хүүхдийн өсөлт хөгжлийн жирийн нэг үе шат. Гэтэл ажлын дараа ядарсан бидэнд тэдний энэхүү их энергийг ажиглахад төвөгтэй санагддаг нь нууц биш. Мэдээж дүүгээ цохих эсвэл ширээн дээрх хоолыг авч шидлэх хүүхдийн тухай энд яриагүй шүү. Харин чанга чанга тушаал буулгаж, хүлэг онгоцны ахмад болон тоглож эсвэл орлилдон гүйж, ээж аавтайгаа хөөцөлдөж тоглохыг хүссэн хүүгийн талаар ярьж байна. Гэвч томчуудын хувьд дээрх үйлдлүүд хэт их чимээтэй, сахилгагүйтэж, дураараа аашилж байгаа мэт харагдан, өөрсдийн амрыг бодож бид шууд хориг тавьдаг. Хүүхдийн зарим үйлдлийг мэдээж хориглох нь зөв л дөө. Гэхдээ ингэхээсээ өмнө эхлээд биеэ хэрхэн авч явах талаар хэдэн дүрэм гаргачих. Аливаа зүйлийг хориглож буй шалтгаан тань ямар нэгэн үндэслэлтэй байх хэрэгтэйгээс гадна хүүхдэдээ яагаад гэдгийг байнга ойлгуулж тайлбарлаарай. Үүнд их хичээл зүтгэл шаардагдах нь мэдээж. Тайлбарлаж таниулаагүй мөртлөө үргэлж үгүй гэсний үр дүнд бид амьдралын баяр баясалгүй, сэтгэл зүйн хувьд асуудалтай, аз жаргалгүй хүмүүнийг бий болгож мэднэ шүү дээ.

Бяцхан охин гулсуураас уначихсан, өвдөгөө шалбалчихаад уйлж байна гэж төсөөлье. Ээж нь сандран гүйж ирээд "за миний охин одоо зүгээр, битгий уйл за юу” гэж хэлэхтэй бид ихэвчлэн таардаг шүү дээ. Үнэхээр өвдөж байвал яаж уйлахгүй байх вэ? Бие өвдөх, тухайн үеийн онцгүй сэтгэл хөдлөлийг үгүйсгэснээр цаашид өөрийгөө илэрхийлдэггүй, сэтгэлээ бидэнд уудалдаггүй хүнийг хүмүүжүүлэх вий. Тиймээс аль болох өөрийг нь ойлгож байгаагаа илэрхийлж, асуудлыг хамтдаа даван туулах их чухал шүү. Тайвширсных нь дараа яагаад ийм зүйл болсон, дараагийн удаа хэрхэн болгоомжтой байх талаар ярилцаарай.

Нийгэм эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдээс өөр өөр зан авир, үйл хөдлөлийг шаардаж, өөр өөр аргаар хүмүүжүүлдэг. Гэтэл яагаад хүүхдийг балчир наснаас нь эхлэн жижигхэн асуудалд хүйсийн ялгаагаар хүмүүжүүлдэг юм бэ? Охид өөрсдийн үзэл бодолдоо бат зогсож, шаардлагатай үед "ҮГҮЙ” гэж хэлдэг, эсвэл хөвгүүд том залуус болоод эхнэр хүүхдэдээ хэрэгтэй үед нь уян зөөлөн ханддаг байгаасай гэж та хүсч байна уу? Бусад олон эх сурвалжаас хүүхдүүд хүйсний ялгааг өөрсдөө олоод мэдчихнэ шүү дээ. Тиймээс энэ хүмүүжлийн аргыг хүүхдэд тулгах хэрэггүй. Бусад хүмүүс юу гэх бол гэж санаа зовон, өөрийн сонирхол, хүсэл эрмэлзлээ бусдаас нуудаг хүн болгох вий.

Дүүтэйгээ тоглоомоо хуваалцаж тоглоорой, чихрээ хувааж идээрэй гэх мэтчилэн бид алхам бүртээ хүүхдийн дуртай зүйлийг бусадтай хуваалцахыг шаарддаг шүү дээ. Яагаад хүүхэд өөрийнхөө өмчийг бусадтай хуваах ёстой гэж? Хуваачихвал бусдын нүдэнд хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй өгөөмөр болж харагддаг болохоор уу?
Хүүхдийг бусдын шаардлагаар бус харин өөрийнх нь чин хүслээр бусадтай хуваалцаж сургах хамгийн чухал. Тоглоомоо найзтайгаа хүчээр хуваалцаж байгаа бол энэ нь жинхэнэ өгөөмөр хүмүүжил болохгүй. Харин хуваамааргүй байвал дураар нь орхичих. Нөгөө талаар айлын хүүхдийн тоглоом, эд юмсыг хүндэлж, түүнд санаархахгүй байхыг хүүхдэдээ зааж сургах нь мөн адил чухал шүү. Магадгүй хүүхдээ харамч болчихвол яах вэ гэж санаа зовж байгаа байх. Тэгвэл таны авсан шинэ машиныг танил тань унуулаач гэж гуйвал та зөвшөөрч чадах уу? Хүүхэлдэй бол хүүхдийн хувьд таны машин шиг тийм л үнэ цэнэтэй өмч нь шүү дээ.

Томчуудыг бусадтай харьцуулахад бид дургүйцнэ. Тэгвэл хүүхдүүд мөн адил ийм зүйл мэдэрдэг.
Батаа аль хэдий нь уншаад сурсан байхад чи хэзээ сурах юм? гэх мэтчилэн эцэг эхчүүд хүүхдээ хурцалж, бусдаас илүү гарах хүслийг нь өдөөж байна гэж эндүүрдэг. Гэтэл энэ нь эцэг эх, хүүхэд хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлж, хүүхдийг өөртөө итгэлгүй, өөрийгөө дутуу үнэлдэг болгоно.
Томчууд бид үргэлж өөрийгөө бусадтай харьцуулдаг яг энэ авираа хүүхдэдээ гаргаж, найз нөхөд, ажлын хамт олон, хөрш айлын 3 настайдаа уншиж сурсан охин, 5 настайдаа хүрд цээжилсэн хүү гэх мэтээр гайхуулдаг. Бидний бусдаас илүү байлгах гэсэн утгагүй хүсэл эрмэлзлээс илүү хүүхдээ байгаагаар нь хайрлан хүлээн авах их чухал юм шүү. Хэрвээ хүүхдийг хэн нэгэнтэй харьцуулах бол зөвхөн өмнө нь байсан өөртэй нь харьцуулаарай. Цовоо бяцхан үрс өдөр бүр шинийг сурч, өчигдрөөсөө илүүг мэддэг бас чаддаг болно.
Хүүхдүүдээ сонсох, ажиглах, ойлгохоос илүү шууд л хэвшмэл аргаар хүмүүжүүлэх үе зөндөө л бий. Гэр орон, ажил, хичээл гээд л үргэлж завгүй аав, ээж бидэнд эдгээр жижиг асуудалд тэр бүр анхаарах боломж хомс гэдгийг ойлгож байна аа. Гэхдээ хүүхэд бол бидний хамгийн нандин эрдэнэ шүү дээ. Илүү бодож тунгаасан, илүү хүлцэнгүй бас халуун дулаан харилцааг үр минь хүртэх эрхгүй гэж үү?
http://undesten.mn/77113.html

0 сэтгэгдэл