2016 оны 12 дугаар сарын 06-нд "МЭДЛЭГ ЯЛНА” уриатайгаар Зон Олны нам үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр тус намын 2 жилийн ой тохиож байна. Ингээд Зон Олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяртай ярилцлаа.
Зон Олны нам хоёр жилийн өмнө энэ өдөр байгуулагджээ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
Үзэл санаа, хүсэл зорилго нэгтэй нэгдлүүдийн төлөөлөл 2016.12.06-ны өдөр ЗОН-ын үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулж, улс төрийн намын үйл ажиллагаагаа эхлүүлж байв. ЗОН-ын үүссэн тухайд 2006 оноос эхлэлтэй Монгол Туургатан төв холбооны үйл ажиллагаа, түүний дэмжигч гишүүдтэй холбогдож ирнэ. Бид 10 гаруй жилийн турш үндэстний үнэлэмжийг сэргээх, оюун санааны дэвшилд хөтлөх нийгэмлүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг тасралтгүй зохион байгуулсаар ирлээ. 2016 онд улс төрийн намын зохион байгуулалтанд шилжсэн. ЗОН-ын дэмжигчид гол төлөв салбаруудын мэргэжилтэн, эмч, багш, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрдэж байна.
Улс төрийн намын хувьд хэрхэн ажиллаж ирэв?
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намын дотоод зохион байгуулалтыг бэхжүүлж, байнгын үйл ажиллагаатай улс төрийн нам болж төлөвшихөд анхаарал хандуулж ажиллалаа. Өнгөрсөн жилийн энэ өдөр ЗОН-ын Бага хурлаас улс төрийн байр сууриа албан ёсоор илэрхийлж, цаашид баримтлах бодлогоо олон нийтэд танилцуулж эхэлсэн. Нийслэл, 21 аймгийг хамарсан "цахим нам” системийг ашиглалтанд оруулж үйл ажиллагааны зардлаа хамгийн хэмнэлттэй байдлаар шийдлээ. Намын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/-ын үйл ажиллагааг жигдрүүллээ.
Монголын улс төрийн намуудын нэр хүнд ямар түвшинд байгааг хүн бүр мэдэж байгаа. ЗОН бусад улс төрийн намаас ялгарах онцлог нь юу вэ?
Эрх баригчдын алдаатай үйл ажиллагааны үр дүнд улс төрийн намын нэр хүнд туйлын харамсалтай байдалд хүрсэн. Цаашлаад парламентын засаглалаас ухрах хүртэл асуудал яригдах боллоо. Мөн жижиг улс төрийн намуудын идэвхигүй, хойрго байдал улс төрийн намын нэр хүндийг унагаж орхилоо. Жишээ нь 28 намын дүрэм, мөрийн хөтөлбөртэй танилцаж мэдээлэл авая гэхэд 24 нам нь албан ёсны цахим хуудасгүй, ердөө ЗОН, МАН, АН, МНН гэсэн дөрвөн нам л мэдээлэл авах цахим хуудастай байна. Нам нэртэй гэрчилгээ тамга олон буй ч жинхэнэ нам цөөхөн байна. Үүнийг ялгаж салгаж харах нь зүйтэй. Хуулийн шинэчлэлээс илүүтэй хуулиа бүрэн утгаар нь мөрдөж, хэрэгжүүлж чаддаггүйд гол асуудал байна. Энэ бүхний үр дүнд шинэ улс төрийн намуудын явах жим улам бүдгэрлээ. Гэвч бид зарчмаасаа ухарч болохгүй. Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн намаар дамжуулан зохион байгуулагдаж, олон ургалч үзлээр улс орны асуудлыг шийдвэрлэх бодлогоо уралдуулж, цаг хугацаа шаардах боловч улс төрийн намууд төлөвших ёстой. Улс төрийн намууд өөрийн үзэл баримтлалтай, түүндээ тулгуурлан улс орны бодлогыг тодорхойлох арга зам буюу мөрийн хөтөлбөртэй байдаг. ЗОН неоконсерватив үзэл номлолыг улс төрийн үйл ажиллагааныхаа чиглэл болгож тавьсан. Улс төрийн нам ямар байвал зохих, ямар чиг үүрэгтэй ажиллаж болохыг ухамсарласан.
Дээд шүүхэд 28 улс төрийн нам бүртгэлтэй, үүнээс 2 том нам сүүлийн 30 орчим жил засаглажээ. Үр дүн төдийлөн харагдахгүй байна?
Монгол улсын шинэ үндсэн хуулийн хүрээнд 7 удаагийн парламентын сонгууль явуулж, 5 дах ерөнхийлөгчөө сонголоо. Алдаа оноогоо дүгнэх боломжтой цаг хугацаа. Асуудлын гол нь хуулиа дагаж мөрдөхгүй, дүрмийн бус тоглолт хийдэгт байна. Нэг дарга гарч ирээд Үндсэн хуулийг шүүмжилдэг, нэг сайд гарч ирээд хууль тогтоомжруу бүх буруугаа нялзаадаг. Хуулийг давж хууль батлах гэдэг, дүрмээ давж дүрэм зохиох гэж зүтгэж байна. Өнгөрсөн хагас жарны хугацаанд ийм л байдалтай явж ирлээ. Өмнөө байгаа хууль дүрмээ дагаж мөрддөггүй нөхөд шинэ хууль батлаад дагаж мөрдөнө гэдэг үнэмшилгүй. Эрх баригчид, улс төрийн намууд өөрөөсөө буруу олж харахгүй Үндсэн хуулиас, цаашлаад тогтолцооноос буруугаа хайгаад эхэлсэн. Намуудын тоо бол эмзэглэх асуудал биш, чанар өрсөлдөөн л чухал асуудал гэж үзэхээр байна.
Ерөнхийлөгчийн засаглал хүчтэй яригдаж байна?
Хагас жарны завхралаас үүдэж олон нийт эмх цэгц хүсэж байгаа нь ойлгомжтой. Ерөөсөө парламентийн засаглал болохгүй байна, хүчтэй удирдагч засаглах нь зөв юм байна гэсэн цөхрөлрүү олон нийтийг шахаж байна. 2020 онд эрх баригч намуудад гэмээ ухаарч, завсарлах боломжийг сонгуулийн замаар өгөөд, хамгийн бодитой бодлого дэвшүүлсэн шинэ улс төрийн хүчнийг засгийн эрхэнд гаргах хэрэгтэй. Үүнд хүн бүр оролцох эрх нь бий. Энэ бол улс үндэстэн бүрт олддог боломж биш, бидэнд ийм боломж байна.
Ерөнхийлөгчийн засаглалын тухайд тодруулна уу?
Улс орон байнга өөрчлөгдөж байдаг. Харин сайн талруугаа өөрчлөгдөхийн төлөө явах ёстой. Монголд засаглалын хэлбэрийг өөрчлөхөөс илүүтэй алдаагаа засаад цааш явах нь хохирол багатай. Өнөөдрийн хувьд засаглалын хэлбэрээ өөрчлөх нь шинэ алдааны эхлэл ч байж болно. Үүнийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Нийгэмд үүсэж буй асуудал бухимдлыг нэг хүний засаглал тогтоох шалтгаан болгохыг оролдож байна. Энэ бол асуудал.
ЗОН-ын хувьд боломж тун багатай өрсөлдөөнд орж ирсэн гэж харагдаж байна?
Эрх баригч намууд эрх мэдлийг атгаж байгаа гэдэг утгаараа бидний гол өрсөлдөгч мөн. Ихэнхи намуудын хувьд өрсөлдөгч гэхээсээ эрх баригч намуудын хамаарал бүхий этгээдүүд гэж ойлгогдохоор. Өдөр тутмын байнгын үйл ажиллагаагүй, ямар үйл ажиллагаа явуулж буй нь тодорхойгүй, хамтын шийдвэр гаргадаггүй, эрх баригч намуудын өнгө аясыг дагадаг, өдөр тутмын улс төрийн хэрүүлд татагдан ордог, дүрэм бодлогогүй, улс төрийн намын үндсэн шинжийг бүрдүүлж чадаагүй, клуб цуглааны зохион байгуулалтын хэмжээнд ч хүрээгүй. Улс төрийн намын санхүүжилт гэдэг ганцхан шалтагтай, туушгүй, мэрийлтгүй. Үндсэндээ 20 гаруй нам нэртэй улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга байна. Хамгийн гол нь улс төрийн намуудад үзэл баримтлал алга. Хүрэх цэг нь тодорхойгүй харанхуй яваад байдаг. Тэр байтугай улс төрийн намын гэрчилгээгээ өгөлцөж наймаалцдаг.
Жишээ нь аль намыг хэлж байна?
ТТЭНН-ыг Г.Уянга худалдаж аваад наймаа буцлаа, ХҮН-ыг С.Ганбаатар худалдаж аваад, цааш нь Т.Доржхандтай наймаалцсан, ИХН-ыг Ж.Батзандан байгуулаад АН-луу зугтсан, Л.Гүндалай АТН, АТХНгэсэн 2 гэрчилгээтэй, БНН-ын удирдлага ДМН гээд байгуулчихлаа, сая ЗГ-ыг огцруулах асуудал хөндөгдөхөд МАН-ын халаасанд 10 гаруй намын гэрчилгээ байдгийг та бид нүдээрээ үзлээ.
Хөдөлмөрийн үндэсний намыг арилжаанд орсон намын гэрчилгээ гээд та хэлчихлээ. Энэ үгэндээ итгэлтэй байна уу?
С.Ганбаатар дарга шударга хүн мөн бол хэрхэн худалдаж авсан талаараа хэлэх байх. Одоогийн удирдлагуудаас нь анхны үүсгэн байгуулагчдын нэрсийг асуухад мэдэхгүй л сууж байгаа. Анх үүсгэн байгуулсан бичиг баримт нь хаана байгаа, бүртгэлтэй 1024 гишүүд нь хэн болохыг өөрсдөө ч мэдэхгүй. ХөҮН гэх товчлолтой намын гэрчилгээг худалдаж аваад ХҮН болгочихсон нөхөд л гоё зүйл яриад яваа. Х тайлантай компани худалдаж авдаг шиг юм болсон.
Гишүүдээ танихгүй намын удирдлага? Дээд шүүх хяналт тавьж, бүртгэдэг биш бил үү?
Тийм. Хөдөлмөрийн үндэсний намыг 2011 онд байгуулагдахад одоогийн нөхдүүдээс нэг нь ч байгаагүй. 2014 онд наймаалцсан. 2015 онд мөнгө санхүү, сандал суудлын төлөө зодолдсон. Дээд шүүх хуулийн хүрээнд баримт материалыг нягталдаг. Харамсалтай нь энэ гэрчилгээ наймаалцдаг нөхдүүд чинь баримт зохиож ороод Дээд шүүхийг мэхэлж орхидог. Багахан маажаад үзвэл МАН, АН, МАХН-д багтаж шингээгүй гомдогсдын цуглаан. Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд залилан хийсээр байна. Энэ мэтчилэн хууль бус намуудыг Дээд шүүх дахин нягталж үзэх ёстой.
Улс төрийн намын санхүүжилт олон асуудлын зангилаа болоод байх шиг?
Хуулиараа зохицуулаад цааш явах ёстой. Асуудал байна гээд хууль бусаар санхүүжилт босгоод эсвэл хуулинд байн байн гар дүрээд байж болохгүй. ЗОН сонгуульд оролцохдоо засгийн газрын танхимын гишүүдээ урьдчилан зарлах санаачлагыг 2016 онд гаргаж байсан. Одоо энэ талаар зарим улс төрийн намууд ярьдаг болсон байна. Албан тушаалын наймааг зогсоох хөшүүргийн нэг болно. Мөн намын гишүүдээ цахимаар бүртгэж, улсын хэмжээнд дотоод сүлжээгээр үйл ажиллагаа явуулах санаачлагыг ЗОН өөрсдөөсөө эхлүүлж "цахим нам” системийг ашиглаж байна. Бичиг цаас, бензин тос, цаг хугацаа, орон зайн хувьд асар их хэмнэлт гарч болж байна. Тухайн улс төрийн нам хэрхэн биеэ авч явж байгаагаас ирээдүйн зан төлөвийг нь тодорхойлох боломжтой. Эрх баригч намууд хэт нүсэр бүтэцтэй, санхүүгийн сахилга батгүй үрэлгэн, нийслэл, 21 аймаг, түүнээс доош нэгжүүдийн хөлөө тэжээхийн тулд санхүүгийн хүнд дарамтанд орж, түүнээсээ үүдэн хууль бусаар санхүүгийн эх үүсвэр босгодог, эргээд түүндээ ороогдон элдэв барьцаанд ордог явдал. Үүнийг тойрч гарах, шийдвэрлэх арга зам бол санхүүгийн сахилга бат, хэмнэлт, ил тод байдал. Уг хэмнэлтийг хийхийн тулд технологийн дэвшлийг ашиглах ёстой. Технологийн шийдэл бол аливаа зардлыг бууруулж, үр дүнг бий болгоно. Эрх барих амбицтай улс төрийн намууд нь өөрсдөө хоцрогдмол бүдүүлэг байж улс орны асуудлыг ухаалаг оновчтой шийдвэрлэж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэнэ гэдэг үнэмшилгүй. Хоцрогдсон арга барилаасаа салж, мэдлэгт суурилсан технологийн хөгжлийг ашиглаж санхүүгийн үрэлгэн байдлаасаа салах цаг болсон.
Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх хувилбар нилээд яригддаг? ЗОН-ын хувьд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна уу?
Хамгийн эхэнд ханцуй шамлан хийх ажил бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх. Сонгогчдын боловсрол өндөр байгаа тохиолдолд маш олон үргүй зардлууд өөрөө утга учиргүй болно. Хаанаас хэрхэн санхүүжих тал дээр ямар нэгэн хувилбар дээр тогтох нь тодорхой. Дээр хэлсэнчлэн хоцрогдсон үйл ажиллагаанаас татгалзаж, дижитал хувилбарлуу шилжихгүй бол хаанаас ч санхүүжилт олгоод салхинд хийснэ. Эрх баригч намуудын аварга бүтэц төрийн бүтцээсээ томроод явчихсан, засгийн эрх авахдаа намын аварга бүтцээ тэр чигт нь төрлүү шилжүүлэн байршуулах замаар тэжээдэг. Үүнээс маш олон асуудал салаалж байна. ЗОН-ын хувьд гишүүдийн дэмжлэг, хандив, татвараар санхүүждэг. ЗОН төдийгүй бусад улс төрийн намуудад санхүүгийн асуудал мэдээж тулгамдсан асуудал. Ялангуяа эрх баригч намуудтай хүч тэнцвэргүй тулааны талбарт зогсож байгаагийн хувьд ид шидийн хүч шаардаж байгаа нь ойлгомжтой. Гэвч хэмнэлттэй, хялбаршуулсан, ухаалаг шийдлүүдийг эрэлхийлэх нь улс төрийн намуудын хариуцлага. Сонгогчдын боловсрол дээшлэх тусам улс төрийн намын санхүүжилтийг хэмнэх боломжтой. Тэгэхээр улс төрийн намууд эхлээд сонгогчидруу чиглэсэн үйл ажиллагаагаа тогтмолжуулж үүргээ биелүүлэх цаг болсон.
ЗОН зорьж буй дэмжлэгээ авсан тохиолдолд боловсон хүчний асуудал тулгарах нь ойлгомжтой байх?
ЗОН-ын хувьд намын батлахаар бус мэдлэг чадварт үндэслэж боловсон хүчний бодлогыг тодорхойлно. Эрх баригч намууд төрийн албанд гаж үзэгдэл бий болгочихлоо. Ийм байдалруу түлхсэн. Үүнийг засах явдал бол энэ халуурлыг үргэлжлүүлэх бус зогсоох. Өнөөдөр аль мэргэжилтэн ажил албаа эзэмшиж чадсан тэр хүн ажил дээрээ үлдэх ёстой. Тэгэхээр аль намын дэмжигч байхаасаа үл хамаарч боловсон хүчний бие хэсэг болох учиртай. Нэг л Монгол улс бий, улаан цэнхэрээрээ ялгарахгүй мэддэг чаддаг ажлаа хийгээд урагшлах ёстой.
Монголд үүсээд буй хямралыг даван туулах арга замыг ЗОН хэрхэн тодорхойлж байна вэ?
Одоо ямар ч гоё уянгын халилтай зүйл ярих нь утгагүй. Монгол улс бусдын адил оршин тогтноход юу хийх ёстойгоо ярьж, түүнийгээ хэрэгжүүлэх чухал цаг үе. Хувьсгал, үсрэнгүй хөгжил ч ярих хэрэггүй. Бид дэлхий ертөнц дээр байхгүй цоо шинэ зүйлийг бүтээх, Монгол ялах тухай үлгэр домгоосоо салах цаг болсон. Харин аливаа буруу ташаа үйлдлүүдээ засаж, эмх цэгцэндээ ороход Монгол улс хөгжлийн нэг шат ахина. Монголчууд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж, бусдын адил орлоготой, чинээлэг, эрүүл энх амьдрахыг хүсэж байна. Хувьсгал хийх замаар бус Хувьсал хийх замаар. Энэ бол оюун санааны хувьсал юм. Дэлхий ертөнцөд нэг л зүйл ялалтыг авчирч байна. Энэ бол мэдлэг. АНУ ялна, Хятад ялна гэж огт ярихгүй байна, гэтэл бид Монгол ялна, эвтэй Монгол ялна гээд орилоод байна. Үнэндээ Монгол ялахгүй, Мэдлэг ялна. Монгол улс хөгжлийн шат ахихад өөрт байгаа боломжуудаа олж харах ёстой. Эдгээр боломжуудаас дараах 10 боломжийг ЗОН дэвшүүлэн тавьсан.
- Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс
- Оюуны потенциал - Залуу хүн ам
- Гадаад харилцааны туршлага - Олон улсын харилцаа
- Геополитик, геостратегийн хувьд газар зүйн ашигтай байрлал
- Хоёр хөршийн эдийн засаг, зах зээл - Боломж
- Үзэсгэлэнт байгаль аялал жуулчлал - Шавхагдашгүй баялаг
- Нүүдлийн мал аж ахуй – Нөхөн үржигдэх баялаг
- Байгалийн баялаг – Хөшүүрэг
- Төрт ёс, түүх соёлын гүн гүнзгий баялаг уламжлал - Нэгдмэл
- Гадаад дотоодын болон шашин хоорондын тэмцэл мөргөлдөөнгүй – Тайван
Нэгэнт бидэнд эдгээр боломжууд байгаа учраас хүрэх цэгээ дараах байдлаар тодорхойлох боломжтой гэж үзсэн. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, Эдийн засаг дахь төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлах, Хүний эрхийн үндсэн баталгааг хангах /Эдийн засгийн эрх чөлөөг хангах/, Чөлөөт өрсөлдөөнт улс төрийн эрх чөлөөг бэхжүүлэх, Хууль дээдлэх зарчмыг хангах, чангатгах, Төрийн цэгцтэй бүтэц, залгамж чанар, тогтвортой байдлыг бий болгох, Улс үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх зэрэг болно.
Тэмцэгчид Монгол улсын хөгжилд улс төрийн намууд саад болж байна гэж ярих юм?
Бид бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс. Авах зүйлээ аваад, засах зүйлээ засаад, муйхарлаж будилахгүй урагшлах ёстой. Өнгөрсөн хугацаанд хамгийн их эх орон, ард түмэн гэж орилсон тэмцэгчид л хамгийн бага ажил хийсэн байгааг бид харж болно. Эрх баригчид олон нийтийн улс төрийн боловсролд анхаарал тавилгүй зөнд нь хаясны үр дүнд популизм хийх хөрс суурь болчихлоо. Энэ бол улс орны хувь заяанд маш хортой үр дагавартай. Улс төрийн намаар дамжиж гарч ирсэн улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нь хүртэл тэмцэгчид болчихлоо. Айлаар ярьвал аав ээж нь ажлаа хийхгүй, хүүхэд хөгшидөө асрахгүй агсам тавиад байдаг боллоо. Хууль бус үйлдлийг хуулиар хамгаалж, хууль бусаар тэмцэх үү? Эсвэл хуулиар шийдэх үү гэдэг бодох л асуудал. "Тэмцэгчид” тэмцэж болно оо, гэхдээ асуудлаа гаргаж тавиад, шийдлээ дэвшүүлмээр байна. Ямар ч шийдэлгүй, хүрэх цэг нь тодорхойгүй тэмцэл бол эмх замбараагүй байдалд л хүргэнэ. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгд, хууль дүрмийнхээ дагуу бодлогоо дэвшүүлж олон нийтээс дэмжлэг хүс. Дэмжлэг авч чадвал бодлогоо хэрэгжүүл. Үүний тулд л улс төрийн нам ажилладаг. Энэ тийм ойлгомжгүй шинэ зүйл биш. Хүн төрөлхтний улс төрийн түүхэнд маш тодорхой сургамжлаад бичээд үлдээчихсэн байна. Ард түмний нэрийн өмнөөс яриад байгаа нөхөд ном уншмаар байна.
Өнгөрсөн өдрүүдэд засгийн газрыг оцгруулах асуудал нэг талдаа гарлаа. ЗОН-ын хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байв?
Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудлаар ямар ч тайлбаргүй огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Шударга ёсны сэлмээр цавчина гэж амлаад засгийн газар тогтож үлдсэн. Харамсалтай нь шударга ёсны сэлмээ буцаагаад далд хийчихлээ.
УИХ-ыг тараах асуудал хүчтэй яригдаж байна, энэ тал дээр?
Дээр хэлсэнчлэн хуулийн хүрээнд, дүрмийн дагуу тоглож сурмаар байна. Хэрэв гүйцэтгэх засаглал хүчээ ашиглан хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд саад учруулбал ард түмэн өөрийн хууль тогтоох байгууллагыг хүчээр сэргээх эрхтэй[i] гэдгийг мартаж болохгүй.
2020 оны УИХ-ын сонгууль хаяанд тулж ирлээ. ЗОН-аас хичнээн тойрогт, ямар хүмүүсийг сойхоор бэлтгэж байна?
Ирэх сонгууль бол ЗОН-ын хувьд анхны сонгууль. ЗОН-аас 76 тойрогт нэр дэвшүүлнэ. ЗОН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлтийг үндэслэж нэр дэвшигчдээ тодруулна. Үүнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байхыг ч шаардаж байгаа. Энэ талаар www.zon.mn сайтаас мэдээлэл авах боломжтой.
ЗОН-д хэрхэн нэгдэж, дэмжиж оролцох боломжтой вэ?
Монгол улсын Үндсэн хуулийн хүрээнд ард олны сайн дураар нэгдсэн улс төрийн байгууллагын хувьд оюунлаг, эрүүл чийрэг, эрх чөлөөт, чинээлэг ард олонтой Монгол улсыг бий болгохын төлөө Зон Олноороо нэгдэхийг урьж байна. ЗОН-ын үзэл баримтлал, дүрэм, мөрийн хөтөлбөр болон цаг үеийн мэдээ мэдээллийг дээр дурдсан хаягт хандаж авах боломжтой.
Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсэе.
Баярлалаа, уншигч олон болон танай сонины хамт олонд амжилт хүсэе.
0 сэтгэгдэл