|

ЖДҮ-гийн сан аль яаманд байна, тэнд У.Хүрэлсүхийн төрсөн дүү даргаар томилогддог байжээ

 

ЖДҮ-гийн сан аль яаманд байна, тэнд У.Хүрэлсүхийн төрсөн дүү даргаар томилогддог байжээ

 

 
Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хамаг томчууд нь хувааж завшсан дуулиан ил болсноор энэ зээлийг ер нь хэзээнээс, хэн хариуцаж олгож байсан бэ гэдэг эрэлд гарлаа. Олсны үзүүрээс чангааж явтал үзүүрт нь хэн байсан гээч?! Хээрээс нэг олс олтол үзүүрт нь үхэр байсан билээ гэдэг шиг л юм боллоо. Гэхдээ "үхэрчин" нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр гэгч жижиг дундын жинхэнэ том эзэн болж таарав.
Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал анх 2004 онд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны яамны мэдэлд бий болоход Ухнаагийн Отгонбаяр 2006 оны 03 сараас тус яаманд энэ асуудлыг хариуцаж ажлын гараагаа эхэлж байжээ. Тухайн үед сайд нь "Буянгийн" гэх Б.Жаргалсайхан байжээ.
2008 оны сонгуулийн дараа жижиг, дундын асуудал Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд шилжихэд мөнөөх У.Отгонбаяр 2008 оны 10 сараас жижиг, дундаа дагаад тус яам руу шилжсэн байна.

Ингээд зогсохгүй тухайн үед эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, төрсөн ах У.Хүрэлсүхийнхээ нөмөр нөөлгөөр Т.Бадамжунай сайдтай Жижиг, дунд үйлдвэрийн бие даасан агентлагт ЖДҮ-чин дарга Ц.Ням-Осорын шууд удирдлага дор ажиллажээ. У.Отгонбаяр 2009 оны 04 сараас 2012 оны 09 сар буюу Жижиг, дунд үйлдвэрийн газрыг татан буугдтал уг газарт ажиллаж, Ц.Ням-Осорын дараа үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар ажилласан байна.


2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдахад ч тэрээр ах У.Хүрэлсүхийнхээ буянд ажлаа хүлээлгэж өгсөнгүй. Том ахын нөлөө аль ч төрд их. Одоо УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг 2012-2014 онд Хөдөлмөрийн сайд байхад өнөөх У.Отгонбаяр 2012 оны 10 сараас 2014 оны 12 сар хүртэл мөн л Хөдөлмөрийн яаманд жижиг, дундын асуудлаа хариуцсаар л байж. Одоо тэр үүсгэн байгуулсан хоёр компаниараа жижиг, дундын зээл авсан асуудалд холбогдоод байгаа Х.Баделхан сайдын Барилга, хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байна.

Гурван Засгийн газар, гурван яам дамжин тасралтгүй 8 жил жижиг, дунд үйлдвэрийн зээлийг гардан хариуцаж, зохион байгуулж, бүх бичиг баримт цаастай ажиллаж байсан жинхэнэ эзэн нь Ерөнхий сайдын төрсөн дүү У.Отгонбаяр гэгч болж таарсан нь баримтаараа байна.


Яагаад У.Хүрэлсүх дүүгээ тасралтгүй энэ жижиг, дундаас салгахгүй "дэмжиж" ирсэн, яагаад чухамхүү У.Хүрэлсүхийн Засгийн Газрын үед ийм олноороо УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нь жижиг, дундын зээлтэй холбогдсон учгийг хуулийнхан шалгах байх. ЖДҮ-ийн сан аль яаманд харьяалагдана, яагаад тэнд дандаа У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр томилогдож байсан бэ?
У.Хүрэлсүх Ерөнхий сайдын танхимын сайд нар, түүнийг дэмжигч УИХ-ын гишүүд нь Засгийн газрын мэдлийн сангаас яагаад заавал Жижиг дундын санг онцлон, бүгдээрээ нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм шиг ижил дүнтэй /950 сая/ мөнгө авсан бэ?
2006 оноос эхлэн арваад жил тасралтгүй ЖДҮ сангийн мэргэжилтэн, даргаар ажилласан төрсөн дүүгээрээ Ерөнхий сайд маань ЖДҮ-гийн хэрэг хэмээх энэхүү нарийн зохион байгуулалттай схемийг зохиолгосон уу?
Дашрамд дурдахад дүү У.Отгонбаяр нь өнгөрсөн онд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэх хэргийг зохион байгуулсан асуудалд холбогдож, нэр нь олонд гарч байсан билээ. Хэрвээ энэ үнэн бол ЖДҮ-гийн хулгай гэх дуулиант хэргийн загалмайлсан эцэг нь Ерөнхий сайд, түүний төрсөн дүү болж таарч байна. Нийгэм хариулт хүлээсээр л...!!!

С.Сарнай

0 сэтгэгдэл