|

МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИСийн Хүндэт профессор Д.Ухнаагийн отгон шавь уран бүтээлч, залуу дуучин Г. Тогтохбаяртай

МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИСийн Хүндэт профессор Д.Ухнаагийн отгон шавь уран бүтээлч, залуу дуучин Г. Тогтохбаяртай

 

МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИСийн Хүндэт профессор Д.Ухнаагийн отгон шавь уран бүтээлч, залуу дуучин Г. Тогтохбаяртай ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ганбаатарын Тогтохбаяр гэдэг. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа нутагтаа дүүргээд, СУИС-ийн мэргэжлийн эстрад дуулаачийн ангийг төгссөн.

-Урлагийн тайзтай хэзээнээс амьдралаа холбосон бэ. Хэдэн настайгаа дуулж эхэлсэн бэ?

- Анх цэцрлэгт байхдаа дуулах сонирхолтой хүүхэд байсан. Шинэ жил, хүүхдийн баяраар дуулна. Гуравдугаар ангиасаа урлагын тайзтай амьдралаа холбосон. Урлагт Архангай аймгийн хоёрдугаар сургуулийн дуу хөгжмийн Энхжаргал багш маань намайг хөтөлж оруулсан. Багшдаа маш их баярлаж явдаг.

- Урлагийн үзлэг болон өөр бусад олон тоглолтод оролцож байсан биздээ?

-Тэгэлгүй яахав. Урлагын үзлэгт байнга дуулдаг идэвхтэй сурагч байсан. Мөн дууны уралдааныг алгасдаггүй оролцдог байв. Мөн наймдугаар ангидаа "Надаас урсах аялгуу" нэртэй тайлан тоглолт хийж байлаа. Архангай аймгаасаа уралдаанд шалгарч "Дуулах өв" улсын уралдаанд амжилттай оролцсон.

-Танай удамд урлагийн хүн байдаг уу?

- Манай ээж их гоё дуулдаг хүн байсан. Дуулахыг маань хамгийн их дэмжиж, хаана ч дуулж байхад хувцасын минь барьчихсан алга ташаад зогсч байдаг байлаа. Ээжийн минь намайг дэмжсэн сайхан сэтгэл, хайр өнөөдөр намайг урлагтай холбосон гэж боддог юм.

-Дуучин бүхэнд дуулж байхад нь тохиолдсон хөгжилтэй сэтгэлээс гардаггүй дурсамж байдаг. Та мартагдашгүй дурсамжаасаа хуваалцаач?

- Дурсамж гэвэл их байдаг. Дөрөвдүгээр ангид байхад аймгт "Дуулах өв" уралдаан явагдсан юм. Ардын дууны тэмцээн. Тэгээд дуугаа дуулах гээд тайзан дээр гараад, хөгжимчид ч хөгжимөө тоглоод эхэллээ. Гэтэл манай ангийн хүүхдүүд дуулж эхлээгүй байхад цэцэг бариад хүрээд ирсэн. Би бүүр сандраад дууныхаа үгийг мартчихсан. Дуугаа дуулах гэж хоёр гурван удаа эхэлсэн ч дуулж чадаагүй уйлаад тайзнаас буусан юм. Энэ дурсамжаа ер мартдаггүй. Сайхан дурсамж болоод сэтгэлд үлдсэн дээ. /инээв/

-Багасаа дуучин болно гэж боддог байсан уу. Өөр мэргэжилтэй болох талаар боддог байв уу?

- Ер нь бага байхаасаа л дуучин Тогтохбаяр гээд өөрийгөө зарлаад гэртээ дуулдаг байсан. Өөр мэргэжилтэй болно гэж бодож байгаагүй. Математикийн багш маань 10 жилд байхад ямар тоогоор явах биш гээл шууд дүн тавьдаг байлаа.

- МУСГЗ Д. Ухнаагийн отгон шавь гэж сонссон. Багш шавийн барилдлага тогтоосон түүхээсээ хуваалцана уу?

-Тиймээ би их азтай. Мундаг хүний шавь болсондоо маш их баярлаж явдаг. МУГЖ Б.Сарантуяа , Т.Ариунаа , Жаргалсайхан гээд бүгд багшийн маань шавь нар . Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хамт байхад түшигтэй, хамгийн сайн зөвлөж, шүүмжилдэг хүн. Урлагийнхан багшаас маань их айдаг хэрнээ хүндэлдэг. Багшаасаа сурах зүйл их байна. Багш маань монголын эстрад урлагын амьд домог шүү дээ.

-Багшаасаа олон зүйл сурсан гэлээ. Тухайлбал...

-Багш минь гамм уншуулаад хоолой муу гарах үед хурдан хоол ид гээд хэтэвчнээсээ мөнгө өгөөд гаргана. Зөвхөн мэргэжил биш хэрхэн яаж амьдрах тухай хүртэл зааж, сургадаг. Багштайгаа хамт байхад амьдралынхаа хамгийн сайхан дурсамжаа өнгөрөөж байна гэж боддог юм. Багшааса үйл ажиллагаа хөтлөх , зохион байгуулах гээд маш их зүйлийг сурсан. Олон ч тоглолт, үйл ажиллагаанд хамт оролцсон .

- Анхны бүхэн дурсамж дүүрэн байдаг. Та анх ямар уран бүтээл хийж байв?

-Анхны уран бүтээл Сүхбаатарын ая Минжинсайхны шүлэг " Чиний миний залуу нас " дуу юм. Дуугаа гуравдугаар курст байхдаа дуулсан. Залуу нас нэвтрүүлгийн дуу. Мэдээж анхны уран бүтээлдээ дуучин бүхэн хайртай байдаг. Бид мартахгүй, Нарны унага зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон монгол киноны дууг сэргээж дуулсан. Монгол киноны дуунуудаар хөрөг нэвтрүүлэг хүртэл хийж байлаа.

- Архангайхан дуучин Тогтохоо гэхээр андадгүй юм билээ. Нутгийнхаа зон олонд зориулж, сайхан уран бүтээл хийсэн байна лээ?

-Би бол Арын сайхан хангай нутгийн хүү. Нутагаа гэсэн сэтгэлтэй мянга мянган залуусын төлөөлөл. Төрж, өссөн нутгийнхаа талаар, мөн түмэн олондоо зориулаад Амин зүрхний Архангай дууг хийсэн. Сайхан уран бүтээл болсон гээд нутгийн зон олон урмын үгийг харамгүй хайрласан. Дуу маань цахим оочинд өндөр хандалттай байгаа. Ирэх онд шинэ цомогоо гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Уран бүтээлийнхээ сэдэв агуулга дээр анхаарал хандуулж, нийгэмдээ сайн сайхныг уриалсан бүтээл хийхийг зорьж байна.

- Таныг менежер хийдэг гэж сонссон?

-Одоо " Эвэнт монголиа " гээд урлагын бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг газарт менежер хийж байна. Хөгжим техник, тайз дэлгэц гээд маш өргөн статустай газар л даа. Давхар өөрөө хөтлөгчөө хийгээд дуулчихдаг юм.

- Удахгүй шинэ жил боллоо. Албан байгууллагуудын захиалгууд ар араасаа хөвөрнө биз?

-Удахгүй шинэ жил болох гээд түмэн л ажилтай хүн явна. Хамтран ажилладаг байгууллага, нутаг усны ах эгч нар гээд л утас бол хангинана шүү дээ. Зөвхөн шинэ жил ч гэлтгүй манайх хурим, найр, ойн баярын тоглолтууд гээд их ажилтай байдаг.

- Архангайн уран бүтээлчдийн Тайхар нэгдлийн гишүүн гэсэн, нэгдлийнхээ талаар сонирхуулна уу?

-Архангайн уран бүтээлчдийн Тайхар нэгдэл гэж бий. Нутгаа гэх сэтгэлтэй, урлагаа гэсэн зүтгэлтэй их сайхан хүмүүс байдаг. Иайхар нэгдлийн тэргүүн МУСТА дуучин Баттулга ах залуу уран бүтээлч дүү нартаа зааж сургадаг. Яг л төрсөн ахын сэтгэлээр ханддаг юм. Нутаг усныхаа үйл ажиллагаанд манай Тайхар нэгдэлийнхэн их оролцдог . Үнэхээр чадварлаг уран бүтээлчидтэй .

Манай нэгдлийнхэн хамтраад Зүрхэнд Мөнхийн нутаг, Тайхарын дуулал, Хангайн дуу зэрэг олон уран бүтээл хийсэн.

Б.Заяа

www.unen.mn

0 сэтгэгдэл