|

ТОМЧУУД ТОМ ХУЛГАЙ ХИЙДЭГ

ТОМЧУУД ТОМ ХУЛГАЙ ХИЙДЭГТиймээ. Томчууд гэж хэнийг хэлж байгаагаас асуудлаа эхэлье. Хэдийгээр нас биед хүрсэн хүнийг л тийн нэрийддэг ч энэ удаа төрийн эрх мэдэлтэн нөхдийг энд хамааруулж байгааг минь хүлцэн ойлгоорой. Харин тэд чинь яахаараа хулгайд сэрдэгддэг бас томоохон хулгай хийсэн болж таарч байгаа нь сонин юм л даа. Энэ талаар олон баримт дурдаж болох. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн олон тэрбум төгрөгийг Улсын Их Хурлын хэдэн гишүүн, Засгийн газрын нэр бүхий сайдууд эрх мэдлээ ашиглан гэхдээ нууцаар хуваагаад халаасалчихсан гэсэн тун ноцтой баримт олон түмний өмнө ил болоод байна.

Үүнийг иргэд тун эмзэглэлтэйгээр хүлээн авч байгаагийн дотор жижиг, дунд бизнес эрхлэгчид уур ундуугаа барж байх юм. Арга ч үгүй биз. Улсын төсөвт биднийг дэмжихээр гайгүй мөнгө батлагдлаадаа гэж байсан тэр үйлдвэрлэл эрхлэгчид баярлан гомдсон нь үнэн юм. Сүүлийн гурван жилд гэхэд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зохих хөрөнгийг төсөвт суулгаж өгсөн байдаг. 2016 онд 56.7, 2017 онд 50.6, 2018 онд 65 тэрбум гээд л …

Тэгвэл уг мөнгө үйлдвэрлэгчдийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. Ердөө 1-3 хувийн хүүтэй олгогддог энэ зээлийг авчихаж чадвал арилжааны банкны 24 хүртэл хувийн хүүтэй зээлийг зүүдлэхгүй ч байхаар нэг талдаа аз гэхээр. Гэтэл зээл жинхэнэ эзэндээ хүрсэнгүй. Нөгөө л эрх мэдэл, албан тушаалаараа эсвэл хуйвалдагчдын олз болсоор байх болжээ.

УИХ-ын зарим гишүүд, сайд нар толгойлсон бүлгийнхэн өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн компанид хулгайн аргаар аваад өгцгөөчихөж… Тийм ээ, хулгайн арга гэж зөөлрүүлээд ч яахав. Хулгайлаад авчихсан гэж ч болох мэт. Яагаад гэхээр хэн нэгний хөрөнгийг эзэнд нь мэдэгдэлгүйгээр нуугаад авчихыг хулгай гэдэг шүү дээ. Тэгээд хууль зөрчсөн гэж шийтгэдэг биз дээ. Энэ утгаар ярих юм бол тэр ЖДҮ хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумаар зээлж авсан нөхдийг гэмт хэрэг үйлджээ гэхэд ч болно гэж хуульчид хэлж байна лээ.

Энэ хулгайг төрийн түшээ эрхмүүд манлайлсан гээд боддоо. Ичгэвтэр явдал гэхэд ч багадна. Өөрсдөө чин шударга байна гэж тангараг өргөөд төр барилцаж, хууль батладаг нөхөд гэмээнэ бүр ч хачирхалтай юм даа. Түүндээ ч бантаж зарим нь орох газар, хэлэх үгээ олж ядаж байгаа нь хөөрхийлэлтэй юм шиг. Зарим нь тас мэлзэж ширэн царайлж байхыг нь харлаа шүү дээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гэхэд "Би зээл аваагүй. Энэ бол гүтгэлэг” гэж гүрийсэн.

Тэр компанийн чинь ажил үйлсэд нь эхнэр бид хоёр оролцохоо байгаад удсан” гэж арьсаа хамгаалах гэж оролдов. УИХ-ын гишүүн Г.Солтан гэдэг нөхөр бас "Би зээл аваагүй ээ” гээд гэдийж сууна лээ. Х.Болорчулуун мэдэн будилсан бол, Н.Учрал томоогүйдээ ч тэрүү, арай шударга зандаа хөтлөгдсөн үү эхнээсээ гэмээ хүлээн зөвшөөрч байх шиг. Зарим нь одоо тэр зээлээ төлчихье гэж ч улайсан юм байх.

Тэгээд цааш нь УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ бас сайд асан Д.Дорлигжав, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц гээд олон эрхмүүдийн нэр хэвлэл мэдээллээр хөвөрч байна. Шинэ, хуучин Ерөнхийлөгч нарын төрөл садан ч байгаа л дуулдах юм. Ийнхүү эрхэлсэн албан тушаал, эрх мэдлээ ашигласан нь бүрэн тогтоогдох юм бол шударга бус явдал төдийгүй гэмт хэрэг болж таарна.

Хуульчдын хэлж байгаагаар бол ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан дээрх нөлөө бүхий нөхөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг зөрччихөөд байна гэж хэлж болох юм байна. Уг гэмт явдлыг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэх хугацаагаар хасч багагүй хэмжээтэй мөнгөн торгууль оноох бүр хорих ял шийтгэх хүртэлх заалттай юм билээ. Үүнээс өмнө бас нэг том хулгайн тухай яриа гарсан нь "Таван толгой”-н уурхайгаас хэн нэгэн 248 мянган тонн нүүрс хулгайлаад гадагш нь экспортлочихсон гэсэн мэдээлэл үнэн болоод байгаа.

Энэ бол бүр цагаандаа гарсан хулгай байтал эзэн нь хэн байв гэдгийг тогтоохоор хууль, хяналтынхан олигтой ажиллахгүй л байх шиг. Лавтайяа жирийн нэг уурхайчин үйлдэж чадамгүй уг хэргийг хэн удирдаж хэний гараар хийлгэв гэсэн асуулт хариу хүлээсээр хэдэн сар өнгөрөх нь. Жинхэнэ хулгайн энэ хэрэг ч гэсэн томоохон эзний сэдэлтэй үйлдэл байж магадгүй учир шалтгааныг нээгээд тавьчихаж чадахгүй байж мэдэх юм.

Энэ нь томчуул том хулгай хийдэг тэрнийг нэг хэсэг нь зөвшөөрч ханьсаж суудаг болж байна уу гэсэн хардлага төрөөд байна. Яах аргагүй тийм хэмжээний нүүрс хилээр ачигдаад гарсан байна гэсэн бүрхэг мэдээлэл гараад үнэн мөнийг олохыг том, жижиг Тавантолгойн төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа гэсэн маягийн юм яригдсан. Тэгээд таг болсон. Олон түмэн үнэн хариуг сонсохыг эрмэлзэж байна. Төрийн түшээ эрхмүүдийн ил хулгай гэж бас бий.

Тэр нь юу вэ? гэвэл жил жилийн төсөвт гишүүний мөнгө гэж хуваарилуулж авдаг. Ирэх жилийн төсөвт эхний байдлаар гишүүн бүрт таван тэрбумыг төлөвлөсөн гэх. Гэтэл гишүүд дор дороо бага байна гэлцсээр байгаад 7-8 тэрбум болгох санал оруулсан гэж байналээ. Үүнийгээ МАН-ынхан олны хүчээр бүүрэлхэж байгаад батлуулчих л болов уу. АН-ын хэд ч энэ тал дээр дуугараа ч үү, үгүй ч үү. ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хувааж идсэн гэгдээд байгаа төрийн түшээд, сайдуудын явдал Засгийн газрын хувь заяанд ч нөлөөлж магадгүй гэж тоймчид хэлж байна.

Үгүй юм аа гэхэд зээлийг хулгайлсан эрхмүүдэд хатуухан арга хэмжээ ногдох учиртай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ байдалтай эвлэрэхгүй гэдгээ ч хэлж байна лээ. Түүний үгийн үнэ цэнийг Сангийн яамны шалгалтын дараа л харъя даа. Тавантолгойгоос хулгайлагдсан 268 мянган тонн нүүрснийх шиг энэ дуулиантай хэргийг замхруулчих гэж оролдох вий дээ. Тэгвэл ч бүр ард иргэдийнхээ өмнө уучилшгүй юм болно.

Ер нь УИХ-д цаашлаад төрийн өндөр албан тушаалд бизнесийнхнийг элдэв аргаар олноор нь шургалуулсны гай их байна. Сонгогч бидний буруу ч бас бий. Мөнгө хөрөнгө муутайг нь сонгочихвол бидний өмнөх тавагтай хоолноос шомбодчихно гэж буруу бодож. Харин бүр мөнгөтэй тусмаа шунал нь их, аймаар байдаг юм байна гэдгийг дээрх хэрэг явдлууд ухааруулж байна шүү дээ. Эцэст нь хэлэхэд дээдчүүл бие биенээ огцруулна, тараана гэх боллоо. Энэ нь чи ч би ч адил идсэн уусан, хулгай хийсэн бол хийсэн гэсэнтэй агаар нэгэн юмсан уу.

Д.Жаргалсүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

0 сэтгэгдэл