Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ, Япон болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай тус тус уулзаж, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улс ОХУ, БНХАУ Япон улсын хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж, тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Масато Такаокатай уулзах үеэрээ хоёр улсын засгийн газрын хооронд хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийг онцлон тэмдэглэж, Японы дэвшилтэт технологи, туршлага нэвтрүүлэхээр тууштай хамтран ажиллаж байгаа Японы Засгийн газарт талархал илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг 2019 оны тавдугаар сард эхлүүлэх чиглэл өгсний дагуу нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг Японы консорциумтай хамтран боловсруулан ажиллаж байна. Хоёр талаас ойрын хугацаанд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын менежментийн гэрээг эцэслэн байгуулахаар хүчин чармайлт гарган ажиллахаар тохиролцлоо.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай хийсэн уулзалтын гол сэдэв төмөр замын салбар, Засгийн газар хоорондын эдийн засгийн кордиорын асуудлаар голчлон хандаж ярилцлаа. Ирэх 2019 онд үүсэн байгуулагдсаныхаа 70 жилийн ойг тэмдэглэх Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэд бүтцэд хийх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд хоёр тал ОХУ-ын Засгийн газраас авахаар яригдаж буй 100 тэрбум рублийн зээлийн хөрөнгийг бусад их үүсвэрээс санхүүжилт босгон энэхүү их засвар, шинэчлэлийг хийхээр ярилцсан юм.
УБТЗ 2018 онд 25 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа нь одоогийн хүчин чадлын дээд хэмжээнд хүрэх бөгөөд "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэхэд хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцсон юм. ОХУ-ын Тээврийн сайд Е.И Дитрихийн урилгаар Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Я.Содбаатар энэ оны 11 сард Москова хотноо зохион байгуулагдах Тээврийн өдрүүдэд оролцон ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Монгол, Хятад хоёр улс нь найрсаг хөрш орнууд бөгөөд сүүлийн жилүүдэд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, бэхжиж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай уулзах үеэрээ онцоллоо. Уулзалтын эхэнд хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. БНХАУ-аас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто замын төслийн ажлын явц 93.9 хувь, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын төсөл 86,3 хувь, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын төсөл 98,2 хувьтай амжилттай хэрэгжиж байгааг дуулгалаа. Эдгээр замын ажлуудыг хугацаанд хэрэгжүүлж хүлээлгэн өгөхөөс гадна ирэх оны 03 сарын 01-нээс Улаанбаатар-Найлах чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэхээр хэлэлцэв. Мөн агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой төмөр замын төслүүдийг урагшлуулахад хоёр талаас идэвх чармайлт гарган ажиллахаар тохирлоо.
Зам, тээврийн хөгжлийн яам
0 сэтгэгдэл