|

Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс гарахаа мэдэгдэв

Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс гарахаа мэдэгдэв

Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай (ОДТПУГ) гэрээнээс АНУ гарна гэдгийг мэдэгдэв.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өмнө нь Америкийн удирдагчийн зөвлөх Жон Болтон ОХУ-д айлчлах үеэрээ АНУ уг гэрээнээс гарах тухай мэдэгдэнэ хэмээн мэдээлж байсан билээ.

АНУ гэрээг дагаж мөрдсөн, харин ОХУ "гэрээг сахиж биелүүлээгүй” хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна. "ОХУ хэлэлцээрийг зөрчиж байна. Тэд энэхүү хэлэлцээрийг олон жилийн турш зөрчиж байна. Ерөнхийлөгч Обама яагаад хэлэлцээ хийгээгүй эсвэл уг гэрээнээс гараагүйг би мэдэхгүй байна” хэмээн Трамп хэлжээ.

Энэ шийдвэрээ тайлбарлангаа тэрээр АНУ "эдгээр зэвсгийг хөгжүүлэх” хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

 

Гэрээний талаарх санал зөрөлдөөн

 

Сүүлийн үед ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээг зөрчиж байна хэмээн ОХУ, АНУ харилцан бие биенээ буруутгах болсон. Оросын талыг буруутгаж байгааг баталгаажуулсан баримт бичиг боловсруулахыг Конгрессын зарим гишүүн санал болгож байв. Энэ нь уг гэрээнээс гарах боломжийг Пуужингаас хамгаалах гэрээний нэг адил Вашингтонд олгох байсан билээ.

Гэрээний бүх нөхцлийг хатуу чанд сахиж мөрдөж байгаагаа Москва ч бас өөрийн зүгээс олон удаа онцолсон. Гэхдээ үүний хамт гэрээний зарим заалтыг биелүүлж байгаа талаар Оросын тал Америкийн түншүүдэд тавих ноцтой асуудлууд бий хэмээн Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров онцлон тэмдэглэж байсан.

Польш, Румынд байршуулж байгаа тоноглолууд "Томогавк” төрлийн далавчит пуужин хөөргөх боломжтой хэмээн Оросын эрх баригчид тэмдэглэж байв. Үүнийг ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээний нөхцлөөр хориглосон байдаг. Америкийн цэргийнхэн цохилт өгөх чадвартай нисэгчгүй төхөөрөмж боловсруулж, газрын байрлалтай далавчит пуужин бүтээх судалгааг санхүүжүүлж байна хэмээн Москва мөн онцлон тэмдэглэж байсан.

Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнд Михаил Горбачев, Рональд Рейган нар 1987 онд гарын үсэг зурсан. Уг гэрээнд 500- 1000 км хүртэл, 1000-5500 км хүртэлх зайд устгах чадалтай пуужингийн зэвсэглэлийн бүхэл бүтэн ангиллыг багасгах асуудлыг тусгасан билээ.

1991 он эхлэхээс өмнө гэрээг бүрэн биелүүлсэн. Гэрээнд заасны дагуу Зөвлөлт Холбоот Улс газрын байрлалтай тив алгах (баллистик) болон далавчит пуужин 1752-ыг, АНУ 859-ыг устгасан.

Уг гэрээ хугацаа заагаагүй баримт бичиг. Гэхдээ аль нэг тал нь гэрээг цуцлах шаардлагатай тухай баримт нотолгоо бүхий үндэслэлийг танилцуулан гэрээнээс гарч болох юм.

220 сэтгэгдэл