Их биенээсээ үнэтэй төхөөрөмж суулгаж агаарын бохирдлыг бууруулах "үлгэр” мэт санаа нэгэнт хэрэгжихээр шийдвэрлэгджээ. Ирэх онд агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад үүнээсээ 54 тэрбум төгрөгөөр 100 мянган айлын янданд утаа шүүгч суурилуулах ажил аль долоодугаар сараас яригдах болсон. Яригдаж эхэлсэн цагаасаа хэл ам ихтэй байсан уг санааг БОАЖ-ынсайд санаачилсан гэлтэй. Түүний энэ шийдэл нь чухам хэний хувийн бизнесийн тоглолт гэдгийг мэдэхгүй тэрээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ өөрийнхөө энэ шийдвэрт итгэл төгс байгааг харууллаа. Ямартай ч гэр хорооллын айлуудын 10 мянган төгрөгийн үнэтэй яндан 200 ам.долларын үнэтэй "чамин” шүүлтүүрээр гангарах нь тодорхой болсон.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ "агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй. Урт хугацаандаа бид орон сууц барьж, дэд бүтцээ хөгжүүлж болно. Ингэхийн тулд 5-10 жилийг алдах гээд байна. Энэ хугацаанд бид утаандаа хордсоор байх болно. Харин богино хугацаандаа айлуудын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна. 54 тэрбум төгрөгөөр 900 айлын орон сууц барьж 4000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргийг хэрэглэж гэж байна. Үйлдвэрлэгчид 80-90 хувийн баталгаа гаргаж өгч байгаа. Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе” хэмээсэн.
Э.Бат-Үүл даргын үед Гандангын айлуудад Солонгост үйлдвэрлэсэн яндангийн шүүлтүүр туршилтаар тавьж утаа униар нь буурч энэ асуудал хэсэгтээ нам жим болсон. Харин энэ удаагын яндангийн шүүлтүүр туршилтын шүүлтүүрээс хэр ялгарах бол. Тэр үед иргэдийнхээ ахуй амьдралыг хүндрүүлэхгүй байх ёстойг бодолцож үзээгүйгээс гэр хорооллын айлууд хөө тортгондоо баригдаж, долоо хоногын дараа шүүлтүүрийг авч хаяцгаасан. Харин ноён БОАЖ-ын сайд маань иргэдийн амьдрал хэрхэн ойр тусах бол гэдгийг бодолцож үзсэн болов уу даа.
Агаарын бохирдол буурахгүй тохиолдолд хариуцлага хүлээе хэмээсэн ноён сайд гуай хариуцлага хүлээлээ гээд хохирол барагдуулах хэмжээнд хүлээх үү? Нэгэнт энэ албанд гурав хүртэлх жил алба хашдагаас хойш төсвийн мөнгийг үрэн таран хийж тоголчихоод огцорхийг хэн мэдхэв. Эсвэл хариуцлага хүлээх нэрийдлээр "жишигт” сайд нарын адилаар өөрийн саналаар огцордог л юм байгаа биз. Гэтэл үүний цаана эрүүл мэнд, өмч хөрөнгө, мөнгө төгрөгийн асар их хохирол учирч болно.
Ямартай ч агаарын бохирдол багахан хэмжээгээр буурахгүй бол би арыг нь даая хэмээн том "бүлтэрсэн” БОАЖ-ын Н.Цэрэнбат сайдад 54 тэрбум төгрөгийг төлөх чадал байгаа бололтой. Түүний энэ том амлалт хэр бүтэмжтэй байхыг мэдэхгүй ч "бардам ам, шалдан гуя” болохгүйн төлөө хичээх л үлдлээ дээ сайд минь...
Эх Сурвалж: Ene.mn
БЭЛТГЭСЭН: Т.НОМУН
0 сэтгэгдэл