Засгийн газар эмч, багш нарын цалинг есдүгээр сарын 01-нээс 30 хувь хүртэл нэмэхээр болов. Өнгөрсөн жилээс хойш МҮЭХ болон салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн хийсэн тэмцэл үр дүнд хүрсэн нь энэ. Гэхдээ цалин нэмэгдсэнээр амьдрал сайхан болчихдоггүй. Үүнийг дагаад үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Энэ хууль ч үйлчилж эхэлжээ.
Багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаал цуглаан, суулт хийж эхлэх үеэс буюу оны эхний улиралд шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж газрын тосны бүтээгдэхүүн импортолдог 10 аж ахуйн нэгжид 55 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Эдгээрээс таван аж ахуйн нэгж нь торгуулиа төлсөн бол "Содмонгол”, "Шунхлай”, "Тэс петролиум”, "Ойн бирж”, "Жэй Эм ойл” гэсэн таван аж ахуйн нэгж торгуулиа төлөөгүй тул шүүхэд хандаад байгаа ажээ. Засгийн газраас шатахууны үнийг нэмэгдүүлэхгүйн тулд А80, АИ92 бензинийг онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд нийт 68 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт эдэлжээ. Гэвч зургадугаар сарын 26-нд бензиний үнэ 90-120 төгрөгөөр нэмэгдсэн. Наймдугаар сарын 27-ны байдлаар шатахууны үнэ он гарснаас хойш 200-250 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид Засгийн газрын дэргэд байгуулагдсан Үнэ тогтворжуулах зөвлөлийн үгэнд орохгүй байгаа гэсэн үг. Хөнгөлөлт чөлөөлөлтийг нь эдэлсэн мөртлөө үнээ нэмж байгаа нь шударга бус юм.
Өчигдрийн байдлаар шатахууны хилийн үнэ 64 ам.доллар буюу 14 хоногийн өмнөхөөс таван ам.доллараар буураад байгаа ч жижиглэнгийн үнэ нь өндөр хэвээр байна. Түүнчлэн дотоодод валютын ханш тогтвортой байгаа. Тиймээс шатахууны үнэ нэмэх бодит шалтгаан үгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Түүнчлэн "Дашваанжил”, "Горгаз” зэрэг хийн түлшны худалдаа эрхэлдэг компаниуд сүүлийн нэг жилийн дотор авто газын үнээ 100-200-өөр өсгөжээ.
Шатахууны үнийн энэхүү өсөлт болон цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ энэ сар гарсаар бага багаар нэмэгдсээр байна.
Шатахууны үнийн энэхүү өсөлт болон цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ энэ сар гарсаар бага багаар нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт такси болон микро автобусны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгджээ. Такси үйлчилгээ эрхлэгчид нэг километрт 800 төгрөгөөр явдаг байсан бол 1000 төгрөг болгосон байна. Микро автобуснууд 500 төгрөгөөр үйлчилдэг байснаа зарим чиглэлд 700 төгрөг болгожээ. Жишээ нь, "Нарантуул” олон улсын худалдааны төвөөс Улиастайн чиглэлд үйлчилдэг микро автобуснууд үнээ ийнхүү нэмээд байгаа аж.
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хувьд ч он гарснаас хойш бага багаар үнэ нь нэмэгджээ. "Мишээл” талхны үнэ л гэхэд хоёр ч удаа 100 төгрөгөөр нэмэгдээд байгаа аж. Жимсний чанамалын үнэ мөн ийм хэмжээгээр нэмэгджээ. Цэвэр ус, ундаа, шүүсний үнийг энэ төрлийн шингэн хүнс үйлдвэрлэгч, импортлогчдын зүгээс жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, сүлжээ дэлгүүрүүдтэй хууль бус гэрээгээр зохицуулж байсныг ШӨХТГ-ын шалгалтаар илрүүлжээ.
Тодруулбал, "М Си Эс кока кола” ХХК ундаа, ус, жимсний шүүс зэрэг шингэн хүнсний жижиглэнгийн үнийг сүлжээ дэлгүүрүүтэй гэрээгээр тохиролцсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Тус компани "Номин тав трейд” "Скай хапер маркет” "Мон нидер” ХХК зэрэг компаниудтай худалдаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа Монгол Улсад үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирж байгаа ундаа, ус, шүүс зэрэг шингэн хүнс бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн саналыг дээрх сүлжээ супермаркетуудад санал болгож, дагаж мөрдөхөөр гэрээ байгуулсан байна. Мөн "Скай хайпер маркет”-тай сүлжээ дэлгүүрийн худалдаа эрхэлж байгаа гуравдагч этгээдэд бараа бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож гэрээ хэлэлцээ байгуулах, нэг үнээр борлуулахыг хориглосон байдаг.
Есдүгээр сарын 01-нд хичээлийн шинэ жил эхэлнэ. Багш, эмч нарын цалин нэмэгдэнэ. Үнийн өсөлт буцаагаад түүнийг нь "залгина”. Залгихдаа зөвхөн эмч, багш нарынхыг бус бусад салбарт ажиллаж буй төрийн албан хаагчид хийгээд хувийн хэвшилд зүтгэж байгаа мянга мянган хүний хэтэвчийг хамтад нь нимгэлэх нь. Амраад ажилдаа орсон багш нар цалингаа нэмүүлчихлээ гэж баярлах ч, унтаад сэрэх бүрт үнэ нэмэгдсээр байх нь гачлантай. Чоно борооноор, үнэ дүйвээнээр гэж...
Эх сурвалж: Medee.mn
13 сэтгэгдэл