|

ТЭР ЖИЛИЙН НАМАР

ТЭР ЖИЛИЙН НАМАР

 

Би гэдэг хүн сургууль номын мөр хөөж хотод ирсэнээс хойш хорь гаруй жилийн нүүр үзжээ.

Зүрхэн хээтэй навчис ганц нэгхэн будрах цас шиг хаялж, зүүрмэг цэнхэр уулс алтан хэвнэгээ нөмрөх намар оройн цагаар өрөвдөм хонгор насны гэгээн дурсамж өрцөн цаанаас ургаж цээжний чинадаас түлхэх...

Айлын ганц хүү болоод ч тэр үү алс явж, нүд тайлж шалиагүй байсныг ч хэлэх үү.

Мөнгөн цагаан хөлгөөр Буянт-Ухаагийн дэнжид газардаж, мөөмнөөсөө гараагүй жаал шиг ээжийнхээ гараас чаргууцалдсан горзгор нусгай их хотод хөл тавьсансан.

Одоог бодоход машин тэрэг, хөл хөдөлгөөн цөөхөн байсан ч юм үзээгүй надад бол дөрвөн уулын дундах их нийслэлд нэг хэсэгтээ л зүг чигээ олно гэдэг зүдэж ядарсан хэрэг байсан юм даг.

Хүүгээ оюутны дотуур байранд төвхнүүлж хүн амьтанд гайгүй сайн захиж аваад нутаг буцах зорилготой муу ижий минь баахан том жижиг чанамал жимсний шилэн саванд аньс нэрс хийчихсэн, бас болоогүй ээ онгоцоор ирж байж бүтэн хонины мах шуудайд хийгээд чирчихсэн ачаатай тэмээ шиг л хоёр хүн бууж ирсэнсэн.

Хөдөө сууринд нэг албан газар насаараа нягтлан бодогч хийсэн муу ижий минь ганц хүүгээ бас хүний дор оруулахгүй гангалчих санаатай цалингаасаа илүүчилсэн хэдэн бор төгрөгөө хийсэн цүнхээ өлгийтэй хүүхэд шиг өвөртөө тас тэвэрчихээд л намайг дагуулаад алхах.

Хотод ирсэний маргааш өдөр нь ээж бид хоёр Дэнжийн мянгын зах гарлаа. Тэр үед ямар түгжрэл гэж байсан биш, очих гэж ганц түгжирдэг газар нь тэгэхэд хойд зах л байсан юмдаг.

Бүх суудлаа авч хаяж оронд нь хэдэн модон явган сандал тавьсан УАЗ 469-д сууж, зах ордогийн даваан дээр хагас цаг түгжрэн байж нэг их олон хүн шавсан захын хашаа руу туугаад орлоо.

 

-"Их дэлгүүрийн шилэн үзэсгэлэнд дэлгээтэй
Ирээд үзсэн хүн авахаас аргагүй чанартай
Нохой зуусан ч даахгүй эдэлгээтэй
Норгож усалсан ч гандахгүй чансаатай сввхин хүрэм байна шүү, азтай нь аваарай" гэж ирээд л сөөнгө хоолойтой сөлир харцтай туранхай бор нөхөр хашгирч байна шүү
-"Алив хө наадахыг чинь би авъя, Үгүй би авах гэж байхад даа" гэж ирээд л тал талаас нь хэдэн хүн татаж чангааж зогсох. Хөөрхий хөдөөний гэнэн цайлган сэтгэлт ижий минь нэг мэдсэн ухасхийгээд нөгөө нөхөрийн зарах гэж буй савхин хүрэмний үэүүрээс шүүрээд авах нь тэр. -
"-Хэд гэж байгаа юм. 
-Их дэлгүүрт 48 мянга гэж байгаа сайхан эдийг энд би ердөө 18 мянгаар өгч байна.
-Би хүүдээ наадахыг чинь авна" гээд л муу ээж минь бушуухан мөнгөө гаргаад тоолоо өгч байна.
"Бид нар өмнө чинь ирчихээд авах гэж байхад даа..." гээд нэг хүүхэн залуу хоёр булаацалдаж байна. 
Ямар ч байсан өнөөдүүлийг ээж дийлж, үр зулзагандаа хоол зуун нисэх эх шувуу шиг над руу эрмэг гэгч нь царайлан яарсаар ирлээ.

 

За тэгээд хотын гангачуулын өмсдөг савхин хүрэмийг хяидхаан авчихсан додигор улс чинь захаас бас бус жаал зуул юм аваад сэтгэл хангалуун буцацгаав.

 

Хэд хоногийн дараа ээж "За миний хүү ч хоттой овоо танилцчихлаа. Сургууль соёлдоо ч бүртгүүлчихлээ. Ээж нь хоёр гурав хоногоос буцалгүй болохгүй нь. Ар дахь ажил төрөл хэцүүдлээ. Харин буцахаасаа өмнө хүүдээ өвлийн гутал аваад өгчихвөл болох нь тэр..." гэж байна шүү. Тэгээд ээжийн заасан ёсоор хоёулаа хуучин Гутлын 22--р дэлгүүр гэдэг газрыг эрж хайсаар очлоо. Тэгсэн тэнд ээжийн эрж очсон Оросын болоод дотоодын үйлдвэрийн гутал нэг ч байсангүй. Нэг богино түрийтэй, сүрхий зузаан ултай хар гутал л зарж байна. 
-Хүүхээ ээ хаанахын гутал вэ?
-Аа эгч минь наадах чинь Тайланд гутал шүү дээ
-Хэд вэ миний хүү
-Хорин хоёр мянган төгрөг өө эгч минь
Ээж худалдагч хоёр наймаа тохирч аваад би гэдэг хүн ингэж Тайланд өвлийн гуталтай болох нь тэр ээ.

 

Ээж нутаг буцахаар боллоо. Нисэх буудал ирээд ээж явах зорчигчийн танхим руу орохын өмнөхөн өөрийн мэдэлгүй хоёулаа мэлмэрүүлж гарлаа. Ёстой нөгөө кинон дээр "99 ботго уйлуулж, 99 ээж уйлуул" гэдэг шиг л юм болох нь тэр. Ай та нар намайг шоолох л байх. Ямар хэцүү байсан гэж санана аа. Арав хоног ч бие биеэсээ холдож салж үзээгүй эх үр хоёр хагацана гэдэг мөн ч бэрх байж билээ.

Би ч эхлээд амьтан хүнээс ичиж гэрэвшээд хэсэг тэвчиж байснаа сүүлдээ ч бүр задгай асгаруулж орхив. Яг л их аадрын өмнө ганц нэг дусалж байснаа хувингаар ус цутгахтай адил ширүүсдэг шиг л юм болов. Арай л айхтар дуу шуу гаргаж орилж бахираагүй байх.

Ээж ч уйлаад, хүүдээ үг захиас хэлэх гэж ам нь ангалзавч үг хэл нь эвлэж гарч өгөхгүй асгаруулаад л...Бид хоёрын энэ нулимсан цунами дараад нь хот хооронд утсаар ярих тоолонд утасны хоёр үзүүрт мөн ч олон давтагдсан даа хөөрхий.

Ингээд ээж минь явлаа. Багшийн дээд-Кино үйлдвэр хоёроос өөр маршрут мэдэхгүй, төөрчихнө гээд 4, 5, 6 номерын троллейбусснаас өөр унаанд бараг суудаггүй би гэдэг хүн бие дааж үлдэв.

Намрын хонгор өдрүүд буцах шувуудтай цуг нисэн одож нэг л мэдэхэд анхны цас оров. Яг тэр нэг жихүүн хүйтэн өдөр үнэтэй савхин хүрэм, өвлийн тайланд гуталтай би вээр тэр үед тусламжаар ирж олон хүний хөл залгуулж асан Японы цэнхэр автобусанд чихцэлдэн оров. Олон хүний шахцалдаан, түлхэлцээн дунд ар нуруун тушаа нэг их шархийсэн дуу гараад мөрөн дээр хэрээний далавч шиг нэг их нэвсийсэн хар юм даваад ирэв. Өө тэгсэн өнөөх чинь үнэтэй хүрэмний минь гадар урагдаад давж ирсэн нь тэр аж. Бөөн уур автобуснаас буугаад шинэ орсон цасан дээр гишгэтэл гэнэтхэн өрөөсөн хөл хачин хөнгөрөөд ирэв. Тайланд гутлын минь зузаан ул дундуураа тас үсэрч өмрөөд, зам хөл хоёр зааглах юмгүй уулзах нь тэр.

Аз болж харанхуй байсан тул маарланд нааж тогтоосон нь хуу урагдсан лидринэн хүрэмтэй, торгоох улгүй өрөөсөн гуталт гуай хар хурдаараа байр луугаа харайлгалаа. Байрандаа орсон хойноо хүний гутал зээлж өмсөөд Төв шуудан луу харайлгаж хөдөө гэр хөөрхий ээж рүүгээ холбоо барилаа. "Хүрэм ч хулхи, гутал ч гурил байж..." гэж хөөрхий ээждээ хуурай агсам утсаар тавилаа. Маргаашийнх нь онгоцоор маний хуучин өмсч байсан хүрэм, өмнөх өвлийн арай ч урагдчихаагүй гутал маань ирж амь тариа залгав.

Ёстой л Японы тусламжаар ирсэн хуурай сүү, цагаан будааны тусламж авсан тэр цагийн хүмүүсийн адил бөөн баяр.

Бүхэл бүтэн 23 жил өнгөрчээ...Гэтэл. ..Миний муу ээжийг хуурч хуурамч бараа зарсан өнөө овжин наймаачдад одоо ч гомдол үл тайлагдах...

Сэр сэр салхилах намар оройн ийм өдрүүдэд сэтгэл нэг л хачин оргих. Үнэтэй бүхнээ үрдээ зориулж, байгаа бүхнээ миний төлөө л гэж барьж гүйсэн сайхан ижий минь одоо дэргэд алга.

Сансрын хөх салхи хацар алгадах зэврүүн орой, саналаа гээд ч надад дахиад заяахгүй ижийгээ л их өрөвдөх. Үг хүрэхгүй алс одчихсон ижийдээ үнсүүлж эрхлэх жаргалтай үе минь л диваажин байж.

Ай тэр жилийн намар аа гэж.

Ишцогийн Буянжаргал.


 

5 сэтгэгдэл