|

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

 

Тавантолгойн уурхай маань түүхийн анхны хуудсаа бичиж эхэлсэн тэртээх 1966 оноос хойш уул уурхайн олборлолт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эх нутгийнхаа илч дулааны манаанд буцалтгүй зогссоор, 2004 оноос Тавантолгойн нүүрсний анхны гадаад борлуулалтыг эхлүүлэн ажилласан түүхтэй.

 

Эх орон маань нийгмийн шилжилтийн хүнд жилүүдтэй тулсан тэртээх он цагуудад, зах зээлийн олон үе шатыг ганхалгүй туулан ирсэн манай хамт олон улс болон орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаараа ямагт тэргүүлсээр байдаг.

Энэ бол хагас зуун жилийн туршид, ажлын хүндийг мөрлөж ирсэн үе үеийн уурхайчид, удирдлага хамт олны хөдөлмөр бүтээлийн үр дүн төдийгүй бидэнтэй тавь гаруй жилийн туршид хамтран ажиллаж ирсэн байгууллага хамт олон, итгэл сэтгэлээрээ дэмжин тусалж ирсэн орон нутгийн ард түмэн, дотоод гадаад нийт хувьцаа эзэмшигчидийн минь гавъяа билээ.

Гэвч сүүлийн үед бидний хамт олон, халуун ам бүлийн маань тавь гаруй жилийн өнө их түүх, нөр их хөдөлмөр, хамтын хичээл зүтгэлийг үгүйсгэн гүтгэсэн гутаан доромжлол хэрээс хэтэрлээ.

 

Та бидний итгэлийг хүлээн төрд төлөөлөх эрх авсан алтан нутгийн маань эрхэм гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нарын бусармаг үйлдэл нь манай компанийн бизнесийн нэр төрд төдийгүй Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, хувьцаа эзэмшигчдийн маань нэр хүнд, эрх ашигт бүдүүлгээр халдаж бидэнд их хэмжээний хохирол учрууллаа.

 

Тэд үндэслэлгүй шалтгаан гаргаж үнэнг мушгин гуйвуулж, эрх мэдлээрээ далайлган төрийн хяналт шалгалтыг давхардуулан тасралтгүй хийлгэсээр байгаа төдийгүй манай компанийн үйл ажиллагааг 2 сарын турш зогсоож 1 сая тонн нүүрс олборлон борлуулж 108.8 тэрбум төгрөгийн орлого олж, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 36 орчим тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэх боломжыг маань давхар зогсоолоо. Үүгээр зогсохгүй Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон  бусад хуулийг зөрчин уландаа гишгэж үндэслэлгүй хардлага, хэт туйлшруулсан худал мэдээлэл удаа дараалан цацсанаар манай компанийн хувьцааны үнэ унасаар доод тал нь  6510 төгрөгт хүрсэн. Энэ нь нэгж хувьцаагаа өөрийн хөрөнгөөр худалдан авсан нийт 1995 хувьцаа эзэмшигчид болон 51 хувийн хувьцааны эзэд болох Өмнөговь аймгийн 60 гаруй мянган иргэдэд 341 тэр бум төгрөгийн бодит хохирол учруулсан төдийгүй компанийн гадаад дотоодын худалдан авагчдыг маань мөн хэмжээгээр хохироон түлхлээ.

Тавантолгой ХК нь зах зээлийн ямар ч цаг үед үр ашиг сайтай ажиллаж байгаа уул уурхайн цөөхөн компанийн нэг бөгөөд 2017 онд л гэхэд 184,3 тэрбум төгрөгийн татварыг төсөвт оруулж, 51 хувийн хувьцаа эзэмшигч Өмнөговь аймагт 65,9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваариласан юм. Ийнхүү ашигтай ажиллаж байсан орон нутгийн өмчит компанийг орон нутгийн иргэд биднээс сонгогдсон улс төрчид муучилж харлуулах, улмаар үйл ажиллагааг нь тасалдуулж, олох ёстой орлого, төлөх учиртай татварыг нь үгүй хийх нь компанийн үе үеийн уурхайчин хамт олон, 1995 гаруй хувьцаа эзэмшигчид, Өмнөговь аймгийн 60 гаруй мянган ард иргэдийн маань эрх ашгийг ноцтойгоор хөндөн хохироож  байгаа хэрэг бөгөөд нэр дурдагдсан улс төрчдийг энэхүү явцуу сонирхолдоо хөтлөгдсөн бусармаг үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж, учирсан хохирлыг хуулийн дагуу нэхэмжлэхээ үүгээр мэдэгдэж байна.   

 

Тавантолгой ХК-ийн хамт олон


1 сэтгэгдэл