|

Намрын чуулганы онцлох хуулиуд

Намрын чуулганы онцлох хуулиуд

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийх гэж байна.  Улс төрийн хүрээнд анхаарал татсан  олон асуудал энэ чуулганыг хүлээж буй.  Эрх баригч намын шүдний өвчин болсон 60 тэрбумын асуудал, Ерөнхийлөгчөөс шахалт үзүүлж буй АТГ-ын даргыг солих эсэх, ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн Засгийн газрын шийдвэр гээд бүгд УИХ-аар хэлэлцэгдэж таарна. Ер нь  уур амьсгал  эхнээсээ ширүүн өрнөж мэдэхээр байна. Тэгвэл саяхан  УИХ-аас намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.  Энэ удаа 24 хуулийн төслийг хэлэлцэх юм. Үүн дотор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл гээд нэлээд яригдсан, асуудалтай төслүүд орж ирэх нь.  Ялангуяа Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, сонгууль, улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт энэ  намрын чуулганаар эцэслэгдэж магадгүй байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ажиллаж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулж, 67 гишүүн дэмжин гарын үсэг зурсан.  Харин сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлахад чиглэж буй хэмээн эсэргүүцэж байгаа нь үнэн билээ.  Учир нь  Үндсэн хууль өөрчлөх төсөлд  Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрхийг нь хасахаар тусгасан.  Энэ заалт хуулийн төслийг батлах хүрээнд нэлээд яригдаж, Үндсэн хуулийн өөрчлөх хуулийн төслийг бүхэлд нь унагаж  ч мэдэхээр байгаа.   Үүний дараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл энэ намрын чуулганаар орж ирнэ.   УИХ-ын ээлжит сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдээд байна.  Ер нь сонгуулийн өмнө эрх барьж буй намууд энэ хуулиар "оролдож” өөрсдөдөө ашигтай байдлаар "засч залруулдаг” нь гэм биш зан болжээ. Энэ л жишгээр Сонгуулийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт орох юм.  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ хуулийн төслийг ахалж ажиллана.  Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг энэ хуулиар зохицуулна гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй. Хэрхэн хуульд тусгахыг удахгүй чуулганд танилцуулах юм.  Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд сөрөг хүчний  зүгээс нэлээд  шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Бие даасан хуультай байхаар төсөл өргөн мэдүүлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийг бусад төрийн сонгуулиас ялгамжтай авч үзэж, эдийн засаг, хууль зүйн баталгааны хувьд ялгаатай зохицуулалтыг хийсэн байна хэмээн үзэж байгаа юм.  Мөн Ерөнхийлөгчийн  сонгууль дахин явуулах хоёр үндэслэлийг хасч оруулж иржээ.  Тиймээс энэ хуулийн төсөл  намрын чуулганы хүрээнд нэлээд  яригдах учиртай.
Үүний зэрэгцээ Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл орж ирнэ. Хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж байгаа.  Тэдний зүгээс "Улс төрийн намуудад байгаа эмгэгийг эмчлэх, хэн нэгний, хэсэг бүлгийн богцны нам биш бодлогын намууд болж өөрчлөгдөх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийлсэн байдаг. Өнөөдөр Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Тэгэхээр хуулийн хүрээнд зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учраас энэ хуулийн төсөл цаг үеэ олж  гарч ирсэн байх.  Хуулийн нэг заалтыг дурьдахад  намыг бүртгэх, татан буулгах асуудлыг Улсын Дээд Шүүх, санхүүд нь хяналт тавих асуудлыг Аудитын газар хариуцдаг. Харин шинэчилсэн найруулгаар намыг бүртгэх, татан буулгах, санхүүд нь тавих хяналтыг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх боломжтой болох юм байна.  Өнгөрсөн хаврын чуулганаар нэлээд хэл ам дагуулсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ  удаад дахин орж ирнэ. Газрын тухай хуульд гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс хүсэлт гарган таван жилийн хугацаатай газрыг ашиглаж болно гэж заасан байдаг.  Ингэхдээ дуудлага худалдаагаар эрхээ авна гэдэг заалттай. Одоо мөрдөгдөж буй энэ хуулийн энэ заалт дээр "биржээр дамжуулж” гэдэг үгийг нэмэхээр тусгасан нь улс төрийн хүрээнд нэлээд асуудал дагуулж байгаа.   Энэ асуудал хэрхэх нь  намрын чуулганаар тодорхой болно. Мөн энэ намар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл орж ирэх нь.  Энэхүү хуулийн өөрчлөлтийг "Оюутолгойд ашигтай, тэдэнд зориулагдсан хуулийн төсөл” гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлж, эсэргүүцэж байгаа.  Тиймээс энэ хуулийн төсөл ч нэлээд эсэргүүцэлтэй  тулгарах болов уу.  Эдгээрээс гадна УИХ-ын ээлжит намрын чуулган  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэн батлах учиртай.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

0 сэтгэгдэл