Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр 16 албан хаагч төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо. Эдгээр залууст аймгийн ЗДТГ-ын ахмадын зөвлөлийн дарга Л.Чадраабал төрийн албанд хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцлаа.
Энэхүү арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид оролцож "Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх энэ үйл ажиллагаа нь нэг ёсондоо төрдөө андгай тангараг өргөж, амлалт өгч хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм. Эндээс л та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллах нь чухал гэдгийг алхам тутамдаа мөрдлөг болгох ёстой. Та бүхнийг төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, аймгийнхаа өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан, идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
Б.Гэрэлт-Од
13 сэтгэгдэл