|

УЛСТӨРЧДИЙН “ХАЛААСНЫ” МЕСТ БА ТӨРИЙН АЛБАНЫ МЕРИТ ЗАРЧИМ

УЛСТӨРЧДИЙН “ХАЛААСНЫ” МЕСТ БА ТӨРИЙН АЛБАНЫ МЕРИТ ЗАРЧИМ

 

Төрийн албаны мерит зарчим гэж бий. Дарга нарын хамгийн их давтах дуртай энэхүү зарчмыг "Төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах болон төрийн албанд шударгаар өрсөлдөж орох боломжоор хангах, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх” гэж тодорхойлдог. Товчхондоо, төрийн албаны шинэтгэлийг тасралтгүй явуулах мерит зарчим сүүлийн жилүүдэд ноцтой алдагдаж байгааг харуулах олон баримт бий. Ялангуяа, сонгуулиас сонгуулийн хооронд төрийн алба тэр тусмаа төрийн жинхэнэ албан хаагчдын суудал хэрхэн "хөдөлдөг”-ийг бүгд мэднэ. Үүний хамгийн тод жишээ нь төрийн албан хаагчдыг дураараа халж сольсон албан тушаалтнуудын бурууг татвар төлөгчдийн тэрбум гаруй төгрөгөөр төлөхөөр "дээгүүрээ” хэлэлцэж байгаа явдал юм.

 

110 ГАРУЙ АЖЛЫН БАЙРАНД 350 ОРЧИМ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛЖ БАЙНА

Төрийн албаны залгамж халааг хадгалах ёстой мерит зарчим алдагддаг үндэс суурь нь улстөрчдийн халаасны албан тушаал аж. Өөрөөр хэлбэл, сайд дарга нарын шахааны хүний орон тоо, албан тушаалыг хуулиар зөвшөөрсөн явдал юм.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 20 орчим хууль болон эрх зүйн бусад актад заасны дагуу 110 гаруй ажлын байранд 350 орчим төрийн жинхэнэ албан хаагчийг томилж, чөлөөлөх асуудлыг Засгийн газрын гишүүн буюу улс төрийн албан хаагч эрхэлж байгаа нь төрийн алба улс төрөөс ангид, ил тод, адил, тэгш байх зарчим алдагдаж, улмаар төрийн албанд орох болзол, босго тэгш бус, ялгавартай байх нөхцөл, шалтгаан болж байгааг  Төрийн албаны зөвлөл "хэлж” байна. Үүнийг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ээр  дамжуулан хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгуулах саналыг УИХ-д хүргүүлсэн учраас төрийн түшээд мэдэж байгаа.

Дээр дурьдсан улстөрчдийн мэдлийн 350 албан тушаалд хамааруулах төрийн жинхэнэ албан хаагч гэдгийг "Төрийн захиргааны, тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэн” гэж тодорхойлжээ.

Ийнхүү олон жилийн турш бичигдээгүй хууль болтлоо өргөжиж бараг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх дөхсөн төрийн албан хаагчдын хууль бус томилгоо, халаа сэлгээг тоочвол их юм гарна.

ХЭҮК-т 2008-2016 онд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар ирүүлсэн өргөдөл гомдлын 27 хувь нь ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, 14 хувь нь ажилд эгүүлэн томилохтой холбоотой шүүхийн шийдвэр бие­лэх­гүй байгаа, зургаан хувь нь ажилд эгүүлэн томилох шүүхийн шийд­вэр биелсэн ч дахин аж­лаас халагдсан тухай асуудал тус тус эзэлж бай­гаа юм. Үүнийг Төрийн албан хаагчийн өөрчлөлт хөдөлгөөний 2005-2015 оны харьцуул­сан судалгаанаас харж болно.

Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт ойр ойрхон өөрчлөгдөж, ялангуяа Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр сонгуулиас сонгуулийн хооронд яамдыг нэгтгэх, салгах, нэршил солих, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийг өөрчлөн байгуулах нэрээр байнга хөдөлгөж байгаа нь төрийн албыг мэргэшүүлэх, төрийн албан хаагч тогтвор суурьшилтай ажиллахад сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн  мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна.

Тухайлбал, зарим яамны бүтэц зохион байгуулалтыг 2008-2016 оноор харьцуулахад, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг 2008 онд "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам”, 2012 онд "Боловсрол, шинжлэх ухааны яам”, 2014 онд "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам” гэж, 2016 онд "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам” болгон дөрвөн удаа өөрчилсөн.

Засгийн газрын тогтоолын дагуу 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг 82 орон тоотой байхаар, Эдийн засгийн хөгж­лийн яамыг 131 орон тоотойгоор тус тус шинээр байгуулж, хоёр жил дөрвөн сарын дараа татан буулгасан. Мөн 2014 онд Аж үйлдвэрийн яамыг 101 орон тоотой байхаар шинээр байгуулсан ч  жил долоон сарын дараа татан буулгажээ. Энэ мэтчилэн яам агентлагийг өөрчлөх, татан буулгах бүрт төрийн албан хаагчид хохирч байгаа юм.

 

ШҮҮХ ТӨРИЙН АЛБАТАЙ ХОЛБООТОЙ 2100 ГОМДОЛ ХЯНАСНЫ 1238 НЬ АЖЛААС ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛАГДСАН АСУУДАЛ

Төрийн албаны зөв­лөлөөс зохион байгуулдаг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын тоо сонгуулийн дараа байнга нэмэгдэж иржээ. Энэ бол сонгуулийн дараах шахааны албан тушаалын жишээ. Тухайлбал, удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орсон хүмүүсийн тоо 2008 оны сонгуулийн дараа жил буюу 2009 онд 1.9 дахин, 2012 оны сонгуулийн дараа жил буюу 2013 онд 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Ганцхан жишээ хэлэхэд, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2008-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам байхад хоёр  удаа, 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байхад гурван удаа, Хөдөлмөрийн яам байхад таван  удаа тус тус томилогдож байжээ.

Түүнчлэн сонгууль бүрийн дараа жилээс Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн өргөдөл гомдлын тоо өссөний ихэнх хувийг ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн асуудал эзэлсэн. 2008 оны сонгуулийн дараа жил буюу 2009 оны өргөдөл гомдлын тоо урьд оноос 1.8 дахин өссөний 45 хувийг ажлаас халагдаж, чөлөөлөгдсөн асуудлаар гаргасан бол 2012 оны сонгуулийн дараа жил буюу 2013 оны өргөдөл гомдлын тоо урьд оныхоос хоёр дахин өсөж, нийт өргөдөл гомдлын 31 хувийг ажлаас халагдаж, чөлөөлөгдсөн асуудлаар гаргажээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2008-2016 онд төрийн албатай холбоотой 2100 хэрэг хянан шийдвэрлэсний 1238 нь буюу 59 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан асуудал эзэлж байна.

Үргэлжлэл бий.


С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

401 сэтгэгдэл