|

Орон нутгийн эрх мэдлийг нэмэх ажлыг хоёр яаманд эхлүүлээд байна

 

Орон нутгийн эрх мэдлийг нэмэх ажлыг хоёр яаманд эхлүүлээд байна"Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” Олон улсын чуулган төрийн ордонд эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус чуулганыг ЗГХЭГ, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга, аймгийн ИТХ-ын дарга, зарим ТББ-ын ажилтан, болон 11 орны төлөөлөгчид оролцож байна. Чуулганаар сайн засаглал болон шууд ардчиллын чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн оролцоо ба нийгмийн хариуцлага, сонгуульд тавих иргэдийн хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь зэрэг олон сэдвийн хүрээнд өөрсдийн туулсан замнал, алдаа оноо, туршлагаасаа хуваалцаж байгаа юм.

Энэ үеэр ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатартай сайн засаглалыг бий болгох, бэхжүүлэхэд Засгийн газар ямар ажлууд хийж байгаа талаар ярилцлаа.

-Сайн засаглалыг бэхжүүлэх тухай энэ хурлыг олон улсын байгууллагатай хамтран хийх шалтгаан юунд байна?

-Энд хэлэлцэж байгаа сайн засаглалыг бэхжүүлэх сэдэв манай Засгийн газраас дэвшүүлсэн гурван тулгуурт бодлогын нэг болох сайн засаглалыг бэхжүүлэх зорилготой давхцаж байгаа учраас их ач холбогдолтой. Сайн засаглалыг бэхжүүлэхэд шат шатандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд шударга, хурдан шуурхай, хүртээмжтэй үйлчлэх төрийн үйлчилгээг бий болгох, засаглалын төвлөрлийг сааруулах нь чухал. Өнөөдрийн хуралд оролцож байгаа гадны төлөөлөгчдийн илтгэлээс харж байхад Засгийн газрын түвшинд улс төр, санхүүгийн төвлөрөл их байдгаас доод шатлалын байгууллагад эрх мэдэл, санхүүжилт дутмаг зэрэг адил зовлон их байгаа нь харагдаж байна.

-Манай орны хувьд засаглалын төвлөрөлийг сааруулахад ямар ажлуудыг хийж ирсэн бэ?

- Үүний гол зорилго бол иргэдэд хамгийн ойр төрийн захиргааны байгууллагууд өөрийн үзүүлж чадах хэмжээгээр үйлчилгээ үзүүлэх юм. Тухайлбал, суманд шийдэж болох асуудлыг сум шийддэг, аймгийн түвшинд шийдвэрлэж болохоор зүйлийг аймаг нь шийдээд явдаг байх зарчим юм. Засгийн газрын түвшинд зөвхөн бодлого боловсруулдаг байх тухай юм. Тэгэхгүй болохоор өнөөдөр хаа байсан Баян-Өлгий аймгийн сумын сургуулийн засварын ажлыг БСШУСЯ-нд шийдээд явж байна. Сумын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг дарга томилдог гэх мэтчлэн төвлөрлийг бий болгосон олон асуудал бий. Нэгэнт засаг захиргааны нэгж гэж байгаа бол тухайн орон нутгийн асуудлыг сумын засаг дарга бие даагаад шийдвэрлэдэг байх ёстой.

-Сумын засаг даргад ийм эрх мэдэл хэзээнээс очих боломжтой гэж Засгийн газар төлөвлөж байгаа вэ?

-Аргачлал батлагдсны дагуу эхний ээлжинд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгууулалтын яаман дээр аймаг, сумын Засаг дарга удирдлагад зарим эрх мэдлийг шилжүүлэх ажлыг эхлүүлээд явж байгаа. Бүх яам зэрэг эхлүүлэхэд ажлын алдаа гарч болзошгүй учраас эхний ээлжинд дээрх хоёр яаманд хэрэгжүүлж тэнд гарсан бэрхшээл саадыг арилгах замаар сайжруулснаар бусад яамруу зэрэг оруулах бодлого барьж байна.

• Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орон нутаг дахь эрх мэдлийн хуваарилалтыг хийх нь чухал гэж үзэж байгаа.

• Чуулганаар иргэдийн оролцоо, сонгуульд тавих хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд ярилцаж байна.

• Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог, сумын Засаг даргыг иргэдийн төлөөлөл сонгодог байхаар тусгасан. 

-Манай орны хувьд төсвийн босоо тогтолцоотой байдгаас эрх мэдлийн хуваарилалт бас босоо байгаа. Энэ хуралд оролцож байгаа орнуудын хувьд ямар байдлаар шийдвэрлэж байгаа жишээ байна вэ?

-Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ буюу ЛОГИН гэх энэ байгууллагын гишүүн орнуудын хувьд хаант засаглалтай, парламентын засаглалтай гэх зэрэг янз бүрийн засаглалын тогтолцоотой байна. Гэхдээ тэдгээр орнуудад тогтолцооноос үл хамаарч засаглалын төвлөрлийг сааруулах арга хэмжээг авч байгаа хэлбэр нь зарчмын хувьд ижил байгаа. Хамгийн гол нь иргэдийн аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн таатай орчныг бий болгоход засаглалын төвлөрөл саад болж байгааг засаж сайжруулахад л зорилго нэгтэй байгаа.

-Манай оронтой адилхан засаглалын босоо тогтолцооноос болж иргэдэд хүрэх үйлчилгээ саатдаг орны жишээ яригдав уу?

-Индонез улс манайхтай адилхан засаглал төвлөрсөн тогтолцоотой орон. Тус оронд шилжилтийн үед орон нутаг дахь эрх мэдлийг олгохгүй байснаас болж Зүүн тимор гэж улс салан тусгаарлаж бий болсон. Түүний дараа орон нутагт эрх мэдлийг тараасан байдаг. Гэтэл улс төвлөрлийг сааруулах зорилгоор эрх мэдлийг хэтэрхий бодлогогүй тарааснаас болж тухайн улс орон нутгаа бодлогоор зангидаж чадахгүй байдалд хүрч, төр засгийн хүч нь суларсан асуудал гарч байсан юм билээ. Харин манай бодлого цогцоор нь шийдвэрлэх арга замаар явахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл чиг үүрэг өгсөн бол санхүүжилтийнх нь эрх мэдлийг дагуулж өгөх хэлбэрээр явах нь зөв гэж үзэж байгаа. Түүнээс бус эрх мэдлийг орон нутагт хамаагүй олговол төрийн бодлого алдагдана гэсэн байр суурьтай байна. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орон нутаг дахь эрх мэдлийн хуваарилалтыг хийх нь чухал гэж үзэж байгаа.

-Олон улсын чуулганд оролцож байгаа гадны төлөөлөгчид манай улсын засаглалд ямар үнэлгээ өгч байна вэ? 

-Энэ чуулганд оролцож байгаа төлөөлөгчид парламентын засаглалтай орны хувьд засаглалын эрх мэдэлтэй олон хуваагдах нь хөгжлийг гацаанд оруулж байна гэж шүүмжилж байгаа. Сая үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцаж байхад манай оронд иргэдийн төлөөллийн байгууллага, Засаг даргын эрх мэдэл адил хэмжээнд хуваагдсанаас манлайлал байхгүй болж байгаа тухай яригдлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог байх, сумын Засаг даргыг иргэдийн төлөөллийн байгууллага томилдог байхаар тусгаад явж байна.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ


275 сэтгэгдэл