УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.12/ нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27.1 дэх заалтыг үндэслэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, "Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн "Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институцийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нар томилогдсон.
Үүнтэй холбогдуулан Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Монголбанкны газрын захирлууд Хяналтын зөвлөлийн шинэ гишүүдийг өнөөдөр хүлээн авч, шинэ ажилд нь амжилт хүслээ.
Энэ үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг "Монголбанкны гол онцлог нь хүлээлтийг удирдах учраас та бүхний үг бүр зах зээлд нөлөөтэй, чухал шүү. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв.
Хяналтын зөвлөл нь Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус байгууллага юм.
805 сэтгэгдэл