
ХҮДРИЙН ЗААР БҮХИЙ ҮНЭРТЭН ХАМГИЙН ҮНЭТЭЙ
Хүдрээс заар, мах, арьс, үс, соёо, хоргол, сүү зэрэг олон зүйлийг нь ашиглаж болдог байна. МУИС-ийн Биологийн тэнхмийн багш нарын хулгайн ан агнууртай холбоотой хийсэн судалгаанд хулгайн анчид баданга хүдрийн заар, арьсыг ихэвчлэн авч худалдаалдаг гэжээ. Хүдрийн заар гэх зөвхөн эрэгчинд нь байдаг жижигхэн уутанцраас ялгардаг шинэ үедээ цавуурхаг шаргал өнгөтэй, удахаараа хүрэн улаан лаав мэт болдог зүйлийг дэлхий дахинд эмийн түүхий эд болгон өргөн ашигладаг. Хүдрийн заар хүний биеийн төв, захын мэдрэх эрхтэнийг сэргээж, цусны эргэлтийг сайжруулан, эд эрхтэний үрэвслийг багасгаж, өвчин намдаах, халуун бууруулдаг үйлчилгээтэй байдаг аж. Манай улсын эрдэмтэд хүдрийн зааранд агуулагддаг биологийн идэвхт бодисыг ялган авч төв мэдрэлийн эсийг сэргээж, хөл, гарын саажилтыг эмчлэх тарилга гаргаж авсан туршлагатай. Бусад оронд олноор байдаг хүдрийн станцыг өргөтгөхөд анхаарал хандуулж, зохиомлоор хээлтүүлэн, үүлдэр угсааг нь сайжруулах чухал шаардлага байгааг тэд хэлсээр ирсэн. Хулгайн анчид Хүдрийн эрдэм шинжилгээний станцад хүртэл нууцаар нэвтэрч тэр амьтныг агнаад заарыг нь авсан тохиолдол гарсан байна. Дэлхий нийтээр нэн ховордсон энэ амьтныг хамгаалах, үүнтэй зэрэгцэн алтнаас үнэтэйд тооцогдож буй заарыг нь амьтанд нь халгүйгээр ашиглах, хиймлээр гаргах зэрэг шинжлэх ухаанч ажлуудыг өрнүүлж байхад манай улсад байгальд байгаа цөөн амьтнаа хядаад дуусгах байх жишээтэй. Хүдрийн 25-хан грамм хэмжээтэй заарыг авахдаа нойрсуулж байгаад авдаг бол хулгайн анчид шууд алаад авдаг. Заарыг сүүлийн жилүүдэд үнэртэн хийхэд өргөнөөр ашиглаж, заар орсон үнэртний үнэ хамгийн үнэд хүрдэг болжээ. Хүдрийн заар нь үнэртэй усны найрлагад орохоороо хүнд маш дулаахан, тослог, өтгөн, мансууруулам мэдрэмжийг төрүүлэх ба хамгийн гол нь үнэр барих чадварыг дээшлүүлдэг хамгийн чухал материал болдог байна. Гэхдээ 1979 оноос үнэртэй усанд жинхэнэ заар ашиглахыг хорьсон байна. Үүнээс хойш зөвхөн химийн аргаар гарган авсан молекулаас гадна хүдрийн заартай адилхан үнэртдэг, ойролцоо үйлчилгээтэй ургамлын үнэт тосыг ашигладаг болжээ. Энэ нь жинхэнэ заарыг улам үнэд оруулж, хулгайн анчдын хорхойг бүр ч их хөдөлгөх болсон юм. Зөвхөн эрэгчин хүдэр л заар ялгаруулдаг нь энэ амьтны хүйсийн тэнцвэрийг алдагдуулж устаж үгүй болоход голлох нөлөө үзүүлсэн юм. Манай улсад 1990 оны зах зээлийн үеэр хүдэр агнах нь хэрээс хэтэрсэн байна. Одоо ч гэсэн хууль бусаар хүдэр агнах явдал гарсаар байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард таван ширхэг хүдрийн заарыг Хятад руу гаргах гэж байсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлж байсан юм.
ДЭЭД ТАЛ НЬ 10-12 ЖИЛ НАСАЛДАГ
Баданга хүдэр нь олон улсын хэмжээнд "эмзэг”, бүс нутгийн хэмжээнд "устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн. Манай улсад 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар, Монгол Улсын улаан номонд, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгджээ. Экологийн үнэлгээ нь 3-3.5 сая төгрөг байдаг. Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарах бөгөөд 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой, урт нь нэг метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг. 40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг, заримдаа хоёр жилд нэг удаа төллөдөг. Голдуу ихэр шовшоорой төрүүлнэ. Сүрэглэдэггүй. Шовшоорой нь хоёр сар гаруй хөхүүл байна. Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугардаг байна. Хүдэр дээд тал нь 10-12 жил насалдаг ажээ.
Б.Солонго
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
17 сэтгэгдэл