|

Өгийнуур сумын 100 гаруй иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхт өргөх бичиг илгээжээ

Өгийнуур сумын 100 гаруй иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхт өргөх бичиг илгээжээ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА

Архангай аймгийн Өгийнуур суманд 2016 оны 11 сард малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож 2017 оны 1 сард тус сумын 71 малчин өрх 2459 хонио устгуулсан.
Мөн 2018 оны 3 сарын 2-нд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин үхэрт гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Гэтэл хорио цээрийн дэглэм тогтоосон гэх боловч өвчин улам даамжирч газар авч одоо хонинд халдварлаад байна. Энэ жил өвөл хавартаа цаг хатуу орж мал өл алдахын зэрэгцээ шүлхий өвчинд нэрвэгдэн ихээр хорогдсон. 
Малчид иргэд сэтгэл санааны болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амссан энэ үед тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон Аймгийн удирдлагууд ирж орон нутагт болж байгаа хүндрэл бэрхшээлтэй танилцаж малчдад сэтгэл санааны дэм өгөх байх гэж горьдлого тээн мөн ч их харсан боловч харамсалтай нь үзэгдээгүй.
Өгийнуур сумын засаг дарга Л.Алтангэрэл 2018 оны 03 сарын 28-нд хувийн өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдөн гадаад орон яваад сураг алдарсан.Сумын ИТХ 2018 оны 04 сарын 13-нд хуралдаж дахин засаг даргаа сонгосон боловч өнөөдрийг хүртэлзасаг даргагүй, сумын төр захиргааны байгууллага нь удирдлагагүй явж ирлээ. Хариуцах эзэнгүй хариуцлага тооцох удирдлагагүй байсны улмаас энэ өвчин өнөөдрийг хүртэл намжих нь битгий хэл газар авч тархсан гэж бид үзэж байна. Ийм эзэнгүй төрийн эмгэнэл энэ нутагт нүүрлээд удаж байна.
Одоо зэргэлдээ Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл, Цэнхэр сумдад энэ өвчин гарч эхэлсэн.Энэ хавар, зундаа бороо орохгүй байгаагийн улмаас өвс ногоо ургаагүй ган болж одоогоороо мал өргүүлээсээ гарахгүй байна. Иймд малчид бид зэргэлдээ сумаар отор нүүдэл хийх, өөр аймгийн нутаг дэвсгэрт очиж отор нүүдлээр явах аргагүй болсон. Тойрсон бүх сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон учир тухайн сумдын нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрөх нь битгий хэл бензин шатахуун авах, хоол хүнсээ залгуулахаар ороход хөөж туугаад оруулахгүй болсон. 
Аймаг орон нутгийн удирдлагууд өдий болтол анхаарал хандуулахгүй байгаа тул аргагүй эрхэнд танд хандахад хүрлээ. 
Малчид бидний мал 3 жил дараалан малын халдварт өвчинд нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэр болсон таван малаасаа салж сэтгэл санааны болон эд материалын ихээхэн хохирол амсаж явна. 
Иймд таныг энэ суманд үүссэн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд яаралтай төрийн ажлыг царгалдуулалгүй авч явах эзэнтэй болгуулах , малын гоц халдварт өвчнийг богино хугацаанд намжаах зэрэг тулгамдсан асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлүүлж өгнө гэдэгт найдаж хүлээх үлдлээ.
Гүнээ хүндэтгэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын малчид, иргэд

/Өгийнуур сумын иргэд хөдөлмөрчид малчид нийлсэн 100 гаруй хүн утас регистрийн дугаарын хамт гарын үсгээ зуржээ/

1 сэтгэгдэл