|

ИРГЭНИЙ ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ, ТӨРИЙНХ ЧУХАЛ УУ

ИРГЭНИЙ ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ, ТӨРИЙНХ ЧУХАЛ УУ

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хуульчид шуугиж эхэлсэн. Тэд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйг нэлэнхүйдээ эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна лээ. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ мэргэжилтнүүд болон судлаачдын дуу хоолойг сонсдоггүй төрийн түшээдтэй гэдгээ дахин мэдрэх вий гэсэн болгоомжлол бизнесийнхэнд байна.

ЧОНО БОРООНООР...

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зав-дахдаа хүмүүсийн анхаарлаас гадуур байлгаж хийх сонирхол нь давамгайлсныг олон нийт шүүмжилж буй. Хөлбөмбөг гээд хэсэг нь хошуурч, нөгөө хэсэг нь Улсын их баяр наадам гээд өөр зүйлд анхаарал хандуулаад тун завгүй яваа. Тиймээс "Чоно борооноор” гэгчээр энэ агшныг далимдуулж, дээрх хуулийг өөрчлөхөөр санаархаж байгаа боловуу хэмээн "Эксклюсив” компаниaн захирал Г.Майцэцэг хэлэв. Хэд хэдэн бизнес эрхлэгчтэй энэ талаар ярилцах гэтэл тэд хуулийг өөрчлөх гэж байгаа тухай ямар ч мэдээлэлгүй байсан юм. Тэр ч бүү хэл бизнесийнхний эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолойг төрийнхөнд хүргэдэг байгууллагынхан ч үүнийг мэдээгүй байлаа.

Үнэхээр хуулийг өөрчлөн баталвал улсын эдийн засагт ихээхэн хохирол учирна гэдгийг үйлдвэрлэгчид сануулж байна. Учир нь энэ өөрчлөлт Засгийн газрыг хязгааргүй эрх мэдэлтэй болгож, иргэд болон аж ахуйн нэгжийн шүүхэд хандах эрхийг нь хязгаарлах юм байна. Тиймээс хууль батлагч дээд байгууллагын эрх мэдэлтнүүд "цонх” үеийг ашиглахаар улайрч буй бололтой.
 

ЮУГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ  БАЙГАА ВЭ?


Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 болон 5.1.1 гэх заалтуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Ингэснээр энэ хууль гол ач холбогдлоо алдах аж. Тодруулбал, дээрх хуулиар иргэн, аж ахуйн нэгж эрхээ хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд шүүхэд ханддаг. Мэдээж төрийн байгууллага, яам, агентлаг, Засгийн газраас гаргасан шийдвэр, хөтөлбөр хувь хүн, хуулийн этгээдийг хохироох нь бий. Үүнийг өнгөрсөн хугацаанд Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн асуудалд хэн буруудсанаас харж болох юм.

Бүр тодруулбал, Захиргааны маргааныг шийдвэрлэхэд дийлэнх хувьд нь төрийн байгууллага болон Засгийн газар түүний харъяа байгууллагын буруу шийдвэрээс улбаалан хохирсон нь тогтоогдсон байдаг юм байна. Тэгэхээр энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Засгийн газар болон түүний харъяа байгууллагуудыг Захиргааны хэргийн шүүхийн харъяалалаас гаргаж байна хэмээн өмгөөлөгч Х.Баасанжаргал хэлэв. Өөрөөр хэлбэл, тэдгээр байгууллага иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасныг мэдүүлэх газаргүй болгож буй гэнэ.

Цаашилбал, 10 гаруй жилийн түүхтэй Захиргааны хэргийн шүүхийг "нурааж” байгааг хуульч, өмгөөлөгчид онцолж байна. Аливаа зүйлийг хийхдээ шинэчилж, сайжруулж, урагш тэмүүлэх учиртай. Гэтэл энэ удаад Захиргааны ерөнхий хуульд оруулахаар зэхэж буй нэмэлт, өөрчлөлт нь ухралт болсныг тэд тодотгов.
 

ӨМЧ ХУВЬЧЛАЛ БА ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ


Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг Монголын хуульчдын холбоо өнгөрсөн пүрэв гаригт зохион байгуулсан юм. Энэ үеэр хуульчид "Ухралт” хийж болохгүй хэмээн энэ удаагийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Хуульчдын форумын үеэр ч энэ асуудлыг хэлэлцсэн юм. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг яаруу, сандуу, үндэслэл муутай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэж улайрч байгаа аж.

Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Өмнө нь Засгийн газар ялагдаж байсан. Энэ удаад ялалт байгуулахын тулд ийм алхам хийж байна гэж харагдаж буй. Нөгөөтэйгүүр өмч хувьчлалын талаар ярьж байгаа энэ үетэй давхцаж буй нь ч хүмүүсийн хардлагыг дагуулж байна. Өөрөөр хэлбэл, хувьчлах асуудлыг хэлэлцэхэд ямар нэг саад учруулахгүй байх алхам гэх хардлага бас байгаа юм. Хэрэв энэ хуульд өөрчлөлт орчихвол Захиргааны хэргийн шүүхэд маргаантай явж байгаа Засгийн газар болон түүний харъяа яам, агентлаг мөн төрийн байгууллагатай холбоотой маргаан цуцлагдах аж. Ингэснээр тендер, концесс зэрэг асуудлууд дахин хуваарилалтад орох болно гэдгийг ч форумын үеэр хүмүүс ярьж байв.

Энэ хуульд өөрчлөлт орсноор бизнесийнхэнд илүү халтай. Мэдээж иргэдэд ч хамаатай. Бид эдийн засгийн хямралаас арайхийн "мултарч” хэсэгхэн амсхийж байгаа. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж бас "тансагладаг” эрх мэдэлтнүүд барьцаа ахиулж, арга нь нарийсч хууль өөрчлөх замаар хувийн хэвшлээ боомилж байгаа нь харамсалтай. Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль нэмэлт, өөрчлөлт оруулан батлахаар улайран зүтгэж буй хууль санаачлагчид иргэний эрх ашиг чухал уу, төрийнх чухал уу гэдгийг эргэн сайтар бодох биз ээ.

Зууны мэдээ
Д.Оюунчимэг

0 сэтгэгдэл