|

Гүржийн бөх сэкивакэ Точиношин ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

Гүржийн бөх сэкивакэ Точиношин ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

 

Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн Токио хотод үргэлжилж байна. Зуны тэмцээн өчигдөр талдаа орлоо.

Дээд зиндаанд Гүржийн бөх сэкивакэ Точиношин найм дахь даваагаа авч ганцаараа башёг тэргүүлж эхэллээ. Тэрбээр өчигдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровыг давж, даваагаа ахиулсан. Одоогоор түүнээс өөр найман өдрийн барилдаанд ялалт байгуулсан бөх байхгүй байна. 

Тэгвэл их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар учраа бөхөө давж, долоо даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн хэвээр үлдлээ. Манай аваргууд өнгөрөгч баасан гаригт болсон зургаа дахь өдрийн барилдаанд өрсөлдөгч бөхдөө дийлдсэн билээ.

Башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж буй Гүржийн бөх Точиношин өнөөдрийн барилдаанд Даеишотой барилдах бол Ичиножёо А.Ичинноров озэки Гоэйдотой оноолт таарсан байна. Гоэйдо энэ башёд тааруухан амжилтыг үзүүлж байгаа бөгөөд найман өдрийн барилдаанаас ердөө гурван давааг авчээ.

Ёкозна Хакүхо Котошогикүтэй, Какүрюү Шодайтай барилдана. Манай хоёр аварга хоёул долоо даваа, нэг унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. 

0 сэтгэгдэл