|

Хүчингүйд тооцсон тамга тэмдэг ашиглаж байж болзошгүй гэв

Хүчингүйд тооцсон тамга тэмдэг ашиглаж байж болзошгүй гэв

 

"Бишрэлт холдинг” группийн охин компани "Эрдэнэ-Зам” ХХК-ийг иргэн Г.Өлзийдүүрэн гэгч өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, "Бишрэлт холинг” компанийн удирлагууд Г.Өлзийдүүрэн гэх танилдаа итгэн 2013 онд "Эрдэнэ зам” компаниа хариуцуулан гүйцэтгэх захирлаар нь томилсон байдаг. Зам засвар, арчлалтын чиглэлээр тасралтгүй 20-иод жил үйл ажиллагаа явуулсан, нийслэл, орон нутгийн замын тендерт байнга шалгардаг тус компанийн энгийн хувьцаа 2016 оны байдлаар 20 тэрбум төгрөгт хүрээд байсан аж. Харин Г.Өлзийдүүрэн "Томоохон тендерүүдэд ороход манай компани "Бишрэлт холдинг”-ийн охин компани гэдгээрээ хасагдчихаад байна. Улс төрийн намууд, фракцууд мэдээд байгаа учраас хувьцаагаа үл маргах журмаар буцааж авахаар миний нэр дээр 100 хувь шилжүүлээд өгчих. Энэ тохиолдолд бид олон тендерт зэрэг шалгараад явах боломжтой болно” хэмээсээр "Бишрэлт холинг” компанийн удирлагуудын төрсөн дүү Д.Энхжаргал зуун хувь хувьцааг нь эзэмшиж байгаа "Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн мэдэлд "Эрдэнэ зам” компанийн хувьцааг 100 хувь шилжүүлжээ. Энэ явдлаас хойш удалгүй "Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн захирал Д.Энхжаргал зуурдаар таалал төгссөн байдаг. Энэ явдлаас эхлэн Г.Өлзийдүүрэн "Эрдэнэ зам” компанийг өөрийн болгохыг санаархсаар сүүлдээ компанийн хувьцааг буцааж өгөхгүй хэмээх болсон байна. Иймд түүнийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд түүнийг шалгах ажиллагаа маш удаан үргэлжилж байгааг эх сурвалжууд дурдаж байгаа юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн цагдаад шалгуулахаар өргөдөл өгөхөд мөрдөн байцаалт хийгдэж байгаа нэрийн дор хэдэн сар болсон байна. Мөн проукрорт шилжүүлэхээр эргүүлээд мөрдөн байцаалтад шилжүүлдэг. Анхан шатны шүүхэд шилжүүлэхээр маш жижиг шалтгаанаар хойшлуулдаг. Эсвэл мөрдөн байцаалтад буцаадаг байна. Ингээд зогсохгүй Г.Өлзийдүүрэн "Бишрэлт холдинг” группын удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар удаа дараа өргөдөл өгсөн гэнэ.

Эздээс нь гуйж өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн компаниа эргүүлж өгөхгүй гэж зүтгэхээс гадна Г.Өлзийдүүрэн "Эрдэнэ-Зам” ХХК-ийг өөрийнхөө компани болохыг баталж өгөхийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Гэвч шүүхээс ""Эрдэнэ зам” компани нь Г.Өлзийдүүрэнгийн үүсгэн байгуулсан компани мөн болохыг нотлох баримт олдсонгүй” гэсэн шийдвэр гарсан байна. Түүнчлэн түүний ашиглаж байгаа тамга тэмдэг, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт хураалгах шийдвэр гаргажээ. Эх сурвалж "Өнөөг хүртэл хүчингүй болсон тамга тэмдгээ ашиглан нийслэл, орон нутгийн чанартай зам засвар, арчлалтын тендер авч байхыг үгүйсгэх аргагүй” гэж байсан юм.


 

0 сэтгэгдэл