|

Нобелийн энхтайвны шагнал Трампад биш Ким Жон Унд очих уу

Нобелийн энхтайвны шагнал Трампад биш Ким Жон Унд очих уу

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин "Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Доналд Трампад Нобелийн энхтайвны шагналыг хүртээх нь зүйтэй. Бидэнд хэрэгтэй ганц зүйл зөвхөн энх тайван юм” хэмээн хэлснийг Хөх ордныхон мэдээлсэн.

Мун Жэ Иний хэлснээр Хойд Солонгос улсыг цөмийн зэвсгээс татгалзах шийдвэр гаргахад ерөнхийлөгч Доналд Трампын хүчин зүтгэл их байгаа аж. Гэвч үнэндээ дэлхийд түүний санааг дэмжих хүмүүсээс дэмжихгүй нь олон байгаа.

Энэ удаа Солонгосын хойг, Зүүн хойд Ази цаашлаад дэлхий дахины энх тайванд Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун хамгийн том үүрэг гүйцэтгэж эхэлж байна. Өнгөрсөн оны сүүлчийн үдэш 2018 оныг угтаж хэлсэн үгэндээ тэрбээр хэд хэдэн нааштай асуудлыг хөндсөн.

Тэдгээр нь БНАСАУ урд өмнөхөөс өөр бодлого баримтлахыг хичээж байгааг дэлхий нийтэд тодруулж өгсөн билээ. Түүний хэлснээр Өмнөд Солонгост болсон Өвлийн олимпод Хойд Солонгосын тамирчид оролцож, хоёр талын дээд зиндааныхан хэдэнтээ уулзаж улмаар Хоёр Солонгосын удирдагчид уулзалт хийгээд байна.

Мөн энэ хооронд Хойд Солонгосыг удирдаж эхэлснээсээ хойш гадагшаа гараагүй байсан гуравдугаар Ким БНХАУ-д айлчилж Ши Жиньпинтэй уулзсан.

Ким Жон Ун өөрийн санаачилгаар хамгийн том сөргөлдөгч болох АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахыг хүсч тэр нь ойрын нэг сарын хугацаанд хэрэгжих гэж байна.

Түүнээс Трамп уг уулзалтыг санаачлаагүй бөгөөд тэрбээр санал нийлэхгүй асуудал гарвал шууд уулзалтыг орхиж гарна гэдгээ илэрхийлсээр байгаа юм.

Харин Ким Жон Ун уг уулзалтыг санаачилсны хувьд амжилтад хүргэх эсэх нь түүний шийдвэрээс л хамаарах болов уу. Тэгэхээр Солонгосын хойгт энх тайван тогтоох санаачилга Трампынх гэхээс илүүтэй Ким Жон Уных юм.

Тиймээс Нобелийн энтайвны шагналыг Трампад хүртээхээс илүү Ким Жон Унд хүртээх нь илүү зохимжтой санагдаж байгааг олон улсын тоймчид хэвлэлүүдээр бичсээр байна.

Трампын хувьд дэлхийн нийт улстөрийн асуудалд хутгалддаг хүний хувьд зөвхөн Солонгосын асуудлаас илүүтэй олон "галзуу” шийдвэр санааг илэрхийлсээр байгаа.

Тухайлахад, Трамп Иеруселимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрснөөрөө Ойрхи Дорнодод томоохон асуудал үүсгээд буй. Мөн Сирид холбоотнуудынхаа хамт батлагдаж нотлогдоогүй асуудлаас болж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг сөрөн цохилт өгсөн нь ч асуудал дагуулж байна.

Тиймээс л Трампад Нобелийн энхтайвны шагнал олгох нь зохимжгүй гэж үзэж байгаа аж.

М.Баяр

2 сэтгэгдэл