|

“БАРЬЦГҮЙ” Г.БААСАН АТГ-ЫН ДАРГА БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

“БАРЬЦГҮЙ” Г.БААСАН АТГ-ЫН ДАРГА БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

 

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөхөө Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтэд мэдэгдсэн. Түүнийг ажлаа хийдэггүй, авлигачдын эрх ашгийг хамгаалж, толгойг нь илээд байна гэсэн шүүмжлэлээр албанаас нь буулгах гээд байгаа юм.

Уг нь түүнийг өнгөрсөн 2016 оны долдугаар сард АТГ-ын даргаар томилсон. Тиймээс хуулийн дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусгавар болох юм байна. Х.Энхжаргал дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхгүй бол түүний орны хүнийг томилох боломжгүй гэсэн үг юм.

Тухайлбал, хуульд АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилно гэсэн заалт бий. Түүнчлэн уг хуулийн 22 дугаар зүйлийн 1.1-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг өөрөө хүсэлт гаргасан бол чөлөөлж болно гэсэн заалттай. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөхөөр заасан байгаа. Гэвч энэ хуулийн дагуу томилгоо хийгдэхгүй бололтой. Учир нь АТГ-ын даргыг халах, томилох эрх нь Ерөнхийлөгчид байгаа болохоор тэр өөрчилнө гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл АТГ-ын дараагийн дарга хэн бэ. Даргын суудалд өрсөлдөгчдийн марафон аль хэдийнэ эхэлсэн гэх. Таамаг төдий хүмүүсийн нэр цухас дуулдаж, аль хэдийнэ хэвлэлийнхний "бай” болжээ. Тухайлбал, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, шударга тэмцэгч гэх "сэтэртэй” О.Магнай, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн нэр ч дуулдаж эхлэв.

Эдгээр хүмүүсээс хамгийн их сонирхол татаж байгаа нь Г.Баасан билээ.  Түүний хувьд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргын алба хашдаг. Албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон алба хаагчдадтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэж ярьдаг хүн. Тэгсэн хэрнээ аливаа асуудал, хэрэгт "барьцгүй” ханддаг гэсэн шүүмжлэлийг ч дагуулаад байгаа. Мэдээлэл хийхдээ "Би мэдээллийн шинж чанартай зүйл ярьж байгаа болохоос хэрэг яриагүй юм шүү. Би мөрдөн байцаагч, прокурор биш” гэж өөрийгөө өмгөөлдөг нь үнэн.

Түүний хувьд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг удирдаж эхэлсэн цагаасаа Х.Энхжаргалтай дайн зарлаж  "Иргэний тэмцэгчийн хувьд би энэ Х.Энхжаргалыг даргын суудлаас нь буулгана, харж байгаарай” хэмээн өөртөө ихэд хэлж байсан удаатай. Түүний хүслээр бүх зүйл болох нь тодорхой юм шиг. Г.Баасанг тэмцэгч гэдгээр нь олон нийт сайн танина. Тэгвэл тэмцэгч хүнд АТГ-ын хувь заяаг атгуулчих вий. Албан байгууллагыг авч, удирдаж явахаас илүүтэй харин ч нэг самраад хаячих болов уу гэж элэглэл, инээдэм болгох хүмүүс ч байна.  

Саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр Г.Баасангаас сэтгүүлч "Сүүлийн үед таны нэр АТГ-ын даргад яригдаж эхэллээ. Энэ талаар байр суурийг тань сонирхъя” гэсэн асуултанд "Олон нийт надад итгэл хүлээлгэвэл би АТГ-ын дарга болоход бэлэн. Би шаардлага хангаж байгаа” гэж товч хариулжээ. Хариултаас нь харахад дарга болох сонирхолтой байгаа нь илт харагдаж байгаа аж. Гэвч АТГ-ын дарга байх шаардлагыг хангаж чадах уу.

АТГ-ын даргад тавигддаг шаардлага нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагатай гэсэн хуулийн заалттай. Г.Баасангийн хувьд 2009-2012 онд МУИС-д суралцаж, хуульч болсон нэгэн. Тэгэхээр Г.Баасан АТГ-ын дарга болно гэдэг хуулиар бол мөрөөдөл болох нь. Нөгөө талаар түүнийг АТГ-ын дарга болгох асуудлыг олон нийт шийдэхгүй. Учир нь АТГ-ын даргад хэн нэгнийг санал болгох эрх Ерөнхийлөгчид байгаа бөгөөд УИХ-ын олонхын саналаар дэмжих эсэхийг шийддэг гэдгийг эрх биш Г.Баасан мэдэх байлгүй дээ.

О.Сайхан 
Оллоо.mn 
 

101 сэтгэгдэл