|

ДАРХЛААГҮЙ МОНГОЛ

ДАРХЛААГҮЙ МОНГОЛ

 

"Чингисийн Монгол” гэж цээжээ дэлддэг бидэнд өнөөдөр дэлхийгээс ялгарах зүйл олон. Босоо монгол бичиг, нүүдлийн соёл иргэншил, газар доорх баялаг гээд тоочих зүйлс бий. Харин хамгийн чухал нь хоёр том гүрний дунд "хавчуулагдчихаад”,  тусгаар тогтнол ярьж суугаа бидэнд өнөөдөр байгалийн баялаг, эд хөрөнгө гэхээс илүү эрүүл монгол хүн рүүгээ чиглэсэн бодлого илүүтэй хэрэгтэй байна.  Шуудхан хэлэхэд, уул уурхай, эрдэсийн орд газраас илүү эрүүл монгол хүн  Монголын баялаг гэдгийг ухаарах цаг болжээ.  Бид улс орныхоо хөгжлийг олон янзаар тодорхойлдог хэрнээ хүнээ хөгжүүлэхээ мартчихсан. Тэр дундаа эрүүл мэндийн асуудлыг бүр орхигдуулчихсан.  Энэ нь хүн амын дунд хийсэн эрүүл мэндийн үзүүлэлт, сүүлийн үеийн өвчлөлийн графикаас тодорхой харагдана.

 

ЭРҮҮЛ ХҮНГҮЙ УЛС ОРОНД ХӨГЖИЛ ЯРИАД НЭМЭР БАЙНА УУ?

 

Нэг эмчид ногдох хүний тоо, бүс нутгаар /2016 он/

Хүн амын дунд дээгүүр байр эзэлдэг өвчлөлүүд жил ирэх тусам залуужих болов. Улс орны хөгжлийг түүчээлэх хөдөлмөрийн насныхан дотор эрүүл хүн бараг байхгүй шахам байна. Магадгүй, монголчууд бидний тэн хагас нь эрүүл мэндийн ямар нэг асуудалтай, өвчинд "идэгдчихсэн” байдалтай байна.  Хэдэн жишээ хэлье.

1995 оноос хойш хүн амын нас баралтыг  зүрх судас, хавдрын өвчлөл тэргүүлж байсан. Хорин жилийн дараа буюу 2016 оны эрүүл мэндийн үзүүлэлтийг харахад мөн л дээрх хоёр өвчин нас баралтыг тэргүүлж байна. Зүрх-судасны өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу гурван хүний нэг нь нас барж байна. Жилд 4000 гаруй хүн хавдараар нас барж байна. Нэмж хэлэхэд, дэлхий нийтээрээ агаар, цус шүлсээр дамжин халдварладаг сүрьеэгийн халдвар,  ДОХ-ын тархалтаас айж байна. Гэтэл  манай улсад  энэ хоёр өвчин мөн л хурдаа авчихсан. Цөөхөн хүн амтай манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Манай Улс ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт өндөртэй долоон орны нэгд тооцогдож байна. Сүүлийн жилүүдэд өвчлөл  даамжирч, энэ өвчнөөр хөдөлмөрийн насныхан, хүүхдүүд ихээр өвчлөх болсон. Сүрьеэгийн өвчлөл дорвитой буурахгүй байсаар, эцэст нь эмэнд тэсвэртэй сүрьеэгийн шинэ тохиолдолууд нэмэгдэх хандлагатай байна. Хамгийн аюултай нь сүрьеэгийн халдвараар нэг гэр бүлийн 4-5 гишүүн, бага  насны хүүхдүүд, эмнэлгийн эмч сувилагч нар өвдөж эхлээд байна. 2016 онд 0-15 нас хүртэлх насны 550 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байна.


 

Эхийн сүү, эхээс урагт,  цус цусан бүтээгдэхүүн, бэлгийн замаар дамжин халдварладаг ХДХВ/ДОХ-ын халдвар авсан  252 тохиолдол Монголд  бүртгэгдээд байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насныхан, 40 хувийг 25-34 насныхан эзэлж байна. НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрөөс гаргасан мэдээллээр Монгол Улс ХДХВ-ын халдвартай хүмүүсийнхээ дөнгөж 35 хувийг оношилжээ. 2017 онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монголд ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байх магадлалтай гэсэн  тооцооллыг  хийсэн байна. Энэ бүхнээс харахад бид сэтгэл тайван суух боломжгүй болжээ.

Манай улсыг хүүхэд, залуучуудын орон гэдэг. Хүн амын насжилтын бүтцээс харахад 16-45 хүртэлх насныхан, 0-4 хүртэлх насны хүүхэд дийлэнх хувийг эзэлдэг. Гэтэл хөдөлмөрийн насныхан дунд нь эрүүл хүн ховордчихсон, амны хөндийн өвчлөлөөс авахуулаад гэдэс ходоод, элэг, бөөр, зүрх судас, В, С вирусын халдвар гээд дотрын өвчлөл ихтэй, багагүй хувь нь хавсарсан болон суурь өвчтэй байна.  Бага насны хүүхдийн өсөлт хоцрогдолтын түвшин ч бас хөдөө орон нутагт, хот суурин газрын ажилгүй, ядуу айл өрхийн дунд өндөр байна.  Үүнээс үзэхэд монголчууд бид нийтээрээ эрүүл мэндийн дархлаагүй болчихож.

 

ТООН МЭДЭЭЛЛҮҮД

 

2016 онд бүртгэгдсэн халдварт өвчний бүтэц. /хувиар/

Дархлаа гэдэг зүйлийг энгийнээр хэлэхэд өвчин үүсгэгч вирусын довтолгооноос өөрийгөө хамгаалах бие махбодын тэмцэл.  Тэр утгаараа монгол хүн эрүүл байж гэмээнэ  бусдад гайхуулаад байдаг газар нутагтаа эзэн сууж, энэ улс үндэстэн оршин тогтнох  бас нэгэн дархлаа бүрдэх учиртай. Нийтээрээ, нийгмээрээ бид орчноо цэвэршүүлж, хүнээ эрүүлжүүлэхэд анхаарахгүй бол "Сульдак Монгол”-ын энэ дүр төрх дордоно уу, гэхээс дээрдэхгүй. "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэмээх тунхаг  бичигт "Эрүүл амьдралыг хангах” зорилго тавьсан ч түүнийгээ бид цаасан дээрээс биш, нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодит ажлуудаас олж хармаар байна. Тиймээс төр, засгийн зүгээс нэгдсэн бодлогоор хүнээ эрүүлжүүлэхэд анхааръя. Эрүүл мэндийн асуудлыг биеийн тамир-урлаг спорт, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин гээд бүх салбарт хариуцуулж, "Таны эрүүл мэнд-таны гарт гэдэг” уриа лоозонгоо хүн бүрийн тархинд цэцэрлэгийн наснаас нь,  үсэг таньж, үг нүдлэхээс нь эхлээд зааж сургамаар байна.

Жилийн төсөв нь эм тариандаа хүрэлцэхтэй, үгүйтэй байдаг хэдэн эмнэлгээ тордож томруулах, гадны улс оронтой харьцуулчихаад "гажиг системтэй” гэж шүүмжлээд байдаг эрүүл мэндийн тогтолцоог улам боловсронгуй болгох хэрэгтэй байна. Эмч нарынх нь мэдлэг ур чадвар дэлхийн эмч нартай эн зэрэгцээд, эд эрхтэн шилжүүлэн суулгаад, хаана хэнд ч гологдохооргүй болчихоод байхад эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмж, авч байгаа цалин хөлс нь дэлхийн жишиг ярихад ч хэцүүхэн байдалтай нь нууц биш.  Монголд эмчлэгдэхгүй байгаа өвчин эмгэгийг эх орондоо эмчилдэг болж байна. Иргэдийн гадагшаа явж эмчлүүлдэг зардал, чирэгдэлийг багасгахын төлөө  эмч  нар чадах чинээгээрээ ажиллаж байна. Гэтэл цөөхөн хүн амтай манай улсад өвчилж байгаа хүмүүс нь маш их. Элэг, бөөр шилжүүлэн суулгаж эхэлсэн ч донорын олдоц нь асуудалтай. Эрүүл гэж бодож явсан хүмүүс нь хүртэл эмгэгтэй, архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, элэг нь ямар нэг вирустэй эсвэл суурь өвчтэй байдаг. Ингээд донорын шалгуурт таарах хүн тэр бүр олддоггүй. Энэ мэтчилэн яривал бидэнд эрүүл мэндийн асуудал их байна.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ РЕФОРМ ХИЙЕ

 

Улаанбаатар руу нүүдэллэж байгаа  өвчтөнүүдийн цуваа, нэг эмчид ногдох хүний тоо, жилийн дөрвөн улирлын алинд ч өвчтэй хүмүүсийн хөлд дарагдаастай байдаг эмнэлгүүдийн дараалал, хэвтэн эмчлүүлэхээр ор тасгаа хүлээж буй иргэдийн тоо гээд тоочвол эрүүл мэндийн салбарт бид дорвитой өөрчлөлт хийх цаг нь болжээ. Эрүүл монгол хүний тухай яриа ганц эрүүл мэндийн  салбарт хамаатай асуудал биш болж хувираад байна. Арга ч үгүй биз. Амьсаглах агаар, уух ус, хөрс нь бохир гээд амьдарч байгаа орчин нөхцөл нь ч эрүүл биш байна.  Тиймээс ядаж залуу хойч үеээ эрүүл өсгөж, ирээдүйгээ баталгаажуулахын тулд бид салбар бүрийн оролцоотой, хүн бүрийн оролцоотой нэгэн том шинэчлэлийг хийж эхэлмээр байна.

Захын хүний амыг нээхэд хорхой идсэн шүдтэй, ходоод нь шархтай, архаг ядаргаатай, яс үс нь сийрэгжсэн, өвдөж зовиурлаад байдаггүй ч дотроо олон өвчин тээж явна. Зарим нь эд эрхтэнээ сольсон, элдэв янзын гуурс, аппарат суурилуулсан, элдэв төрлийн гэмтэл бэртлээс болоод хөгжлийн бэрхшээлтэй болсон гээд энэ улс оронд энх цагийн "дайн” шиг дүрх төрх хэдийнэ тогтчихсон.

Зарим хөгжсөн орны туршлагаас харахад халдварт өвчний тархалтыг бууруулахад эм, эмчилгээ чухал биш вакцин чухал байж. Хамгийн чухал нь зөв бодлого явуулж хүн амын эрүүл ахуй, соёл, боловсрол, эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх явдал илүү үр дүнтэй байж.  Иймд төр засгийнхаа зүгээс, дан ганц эрүүл мэнд, боловсролын салбар гэж хязгаарлахгүй, салбар бүрийн оролцоотойгоор хүнээ эрүүлжүүлэхэд анхаарахсан.


ИРГЭДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ВАКЦИН БОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГ


Хүнийг өвчилсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлогыг дэлхий нийтээр баримталж байна. Анагаахын салбар хөгжөөд, эмч нарынх нь ур чадвар сайжраад, технологийн хөгжил нь биднээс хол тасархай түрүүлчихээд байхад ард нь бид хүнээ хөгжүүлж чадахгүй хоцрогдчихоод байна. Амьдралын хэв маяг нь эхнээсээ буруу хэвшээд сурчихсан, 40-50 насныханд архиа бага уу, тамхиа бага тат, жингээ хас гэж үглээд, төдийлөн нэмэр болохгүй байгаа шиг бид монгол хүнийхээ тархийг эрүүл мэндийн мэдлэгээр "цэнэглэж” чадахгүй байна. Цэцэрлэг, сургуульд байхаас нь эхлээд, ягштал заачихсан бол өнөөдөр сургуулийн насны хүүхэд бүр жингийн илүүдлээ хянадаг, гар утас, зурагт компьютерт донтвол сэтгэцийн эмгэгтэй болдог гэдгээ мэддэг,  шүд нь хорхойтвол бүх эрхтэн өвчилнө, нус цэрээ ил задгай хаявал сүрьеэгийн нянг бусдад халдаана гэх мэтчилэн эрүүл амьдралын хэв маягийг хэнээр ч хэлүүлэлтгүй дагаж мөрддөг болчихно. Үр дүнд нь өнөөдрийн энэ их өвчлөл хэдэн жилийн ард буурна гэсэн таамаг дэвшүүлж бас болно. Үгүй, ядахдаа нийт өвчлөлийн 70-80 хувь нь хүндэрсэн, эдгэрэх аргагүй болсон шатандаа эмнэлэгт ханддаг, эрүүл мэнд, эдийн засаг, амь насанд халтай, үхэл өндөртэй  өвчлөлийн тоо ядаж буурах нь дамжиггүй.
 

Цусны даралт ихсэх өвчин. /10 000 хүн амд/

Эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл муугаас өнөөдөр өсвөр насны хүүхдүүд, идэр насны залуус дунд бэлгийн замын халдварт өвчин эрчээ авчихаад байна. Жирэмслэлт, үр хөндөлт 13-15 насныхан дунд яригддаг болоод байна. Эрүүл мэндээр бизнес хийгчид олширсоор байна. Элдэв янзын сүлжээний эм тариа таамгаар сурагаар хэрэглээд, эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэд ч цөөнгүй байна. Тиймээс эдийн засгийн хямаралтай энэ цаг үед иргэдээ эрүүл мэндийн мэдлэгээр вакцинжуулъя. Өртөг, зардал нь арай бага тусна.  Нөгөө хаягдсан, гээгдсэн эрүүл мэндийн хичээлээ цэцэрлэгт байхаас нь  эхэлж оруулъя.

Иргэд нь эрүүл мэнддээ анхаардаг бусад улс орны туршлагаас суралцъя. Орой бүр цээжлэх шахталаа үздэг кино суваг, улиг болсон уйтгартай нэвтрүүлгүүдийнх нь оронд Япон улс шиг эрүүл мэндийн нэвтрүүлгүүдийг дэс дараатай бэлтгэж, иргэддээ эрүүл амьдрах энгийн мэдлэгүүдийг олгоё. Эмийг хэдийд хэрхэн зөв уух тухай, нүдний дусаалгыг яаж дусаах тухтай, гэрийн нөхцөлд шархыг цэвэрлэж ариутгах, ходоодны шарх, улаан хоолойн хавдар юунаас болж үүсдэг тухай, орчин үеийн анагаах ухааны хөгжил дэвшил, эдгээр өвчлөлийг хэрхэн эмчилж байгаа талаарх нэвтрүүлгүүдийг бэлтгэж, иргэдийнхээ тархийг эрүүл мэндийн мэдлэгээр цэнэглэе. Өнөөдөр эрүүл монгол хүн л хөгжлийг цогцлооно!.

Зууны мэдээ
Б.Энхтуул

0 сэтгэгдэл