|

50 сая еврог эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гол салбарыг дэмжихийг зөвлөв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Уг хэлэлцээрээр Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж Польшоос 50 сая евро зээлэх юм. Зээлийн хүү жилд 0.15 хувь бөгөөд төлөх хугацаа 28 жил. Зээлээр хэрэгжүүлэх төслийг Польш улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэх аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын өр Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний хэдэн хувийг эзэлж буйг тодруулав.

Тэрбээр, "Хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх төслүүдийг заавал Польшийн компани гүйцэтгэтгэхээр тусгасан нь ямар учиртай юм вэ. Дотоодын аж ахуйн нэгжээрээ гүйцэтгүүлж болохгүй юм уу” гэлээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, "Монгол Улсын өрийн хязгаар ДНБ-ий 85 хувь байхаар хуульчилсан. Одоогоор 78 хувьтай тэнцэж байна.

Энэ зээл бол Польшийн экспортын зээл. Экспортын зээлд тавигддаг нийтлэг шаардлагын нэг нь заавал зээл олгогч орны аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. Харин туслан гүйцэтгэгчээр нь дотоодын аж ахуйн нэгжээ оруулахаар ярьж байгаа” хэмээн хариулав.

Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүд бэлэн байгаа эсэхийг УИХ-ын гишүүн Х.Баделхан тодруулсан. Ажлын хэсгээс, "Одоогоор ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцаж, Польшийн талаас авч болох бараа бүтээгдэхүүний талаар судалж байна. Хэрэгжүүлэх боломжтой төслүүдэд долоон аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, хөдөө аж ахуйн трактор угсрах үйлдвэр, жимс, хүнсний ногоо барих орчин үеийн агуулах барих зэрэг багтаж байна. Удахгүй ямар төсөл хэрэгжүүлэхээ нарийвчлан гаргах болно” гэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэлцээрийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, "Энэхүү зээлийг зөвхөн хөдөө аж ахуйн салбарт зарцуулах хэрэгтэй. Хөдөө аж ахуй бол Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гол салбаруудын нэг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед бид өсөлт бий болгодог салбаруудаа дэмжих нь зөв” гэсэн санал хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

0 сэтгэгдэл