|

ЗАЛУУС СОЛОНГОС КИНОНООС ТАТГАЛЗАЖ БАЙНА. ХАРИН ТЕЛЕВИЗҮҮД..

ЗАЛУУС СОЛОНГОС КИНОНООС ТАТГАЛЗАЖ БАЙНА. ХАРИН ТЕЛЕВИЗҮҮД..

 

2000 оны үеэс гарч эхэлсэн Солонгос кино буюу өнөөх алдарт Савангийн дуурь 18 жил Монголын телевизүүдийн гол амин зуулга болжээ. Энэ хугацаанд Монголчууд тэр чигээрээ Солонгос киногоор өвчилсөн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.  Хамгийн наад захын жишээ өсвөр насны охид хөвгүүд гоо сайхны мэс засалд орж Солонгос охидоос ялгарахаа больсон. Тэр ч яах вэ цагийн эрхээр мода дагаад өөрчлөгдөх байх. Харин хөвгүүд нүүрээ будаж, тэр ч бүү хэл хиймэл сормуус хүртэл наах нь энүүхэнд болж эцэстээ давхраа оёулж байна. Энэ нь нөгөө гүндүүгүй сайхан Монгол эр хүний чанарыг улан дороо гишгилж буйг харуулсан хэрэг.  

Хувцас хунар нүүр царайг тоохгүй өнгөрч болох ч хамгийн аюултай зүйл нь тэдний сэтгэхүйд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Учир нь Солонгос киноны үзэгчдийн дийлэнх нь гэртээ суудаг ээжүүд, бага, өсвөр насны сурагчид байдаг. Тэгэхээр хүүхдийн сэтгэхүй гэдэг бол ямар ч хиргүй тунгалаг гэнэн цайлган байдаг. Тэд харсан зүйлээ яг тэр чигээр нь хүлээж авдаг учир өнөөх "Со” кинонд гардаг айхтар их өшөө хорсол, хорон муу санаа, атаа хорслын тухай үзээд үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх сэтгэхүйтэй болж байна. Энэ бол ирээдүй хойч үеэ Солонгос ухаанаар хөгжүүлж байгаа хэрэг юм. 

Хайр сэтгэлийн тухай савангийн дуурь нь нэг иймэрхүү бие биедээ өш санасан ардуур урдуур нь гүйж хорлосон. Нэг хүнд дурлаж хоол унднаасаа гарсан, эсвэл төрсөн ах дүүдээ дурласан гэх мэт нэг хэвийн үйл явдалтай.  Харин түүхэн сэдэвт кинонууд нь  эдгээр хайр сэтгэлийн тухай савангийн дууриасаа илүүтэй их эмгэнэл дагуулж байна. Учир нь Монгол хүүхдүүд  Хүннүгээс эхлэлтэй Их Монгол улс цаашлаад Богд хаант Монгол улс, БНМАУ, их хэлмэгдүүлэлтийн үе, Халхын голын дайн, 1921 оны ардын хувьсгал,1990 оны ардчилсан хувьсгал зэрэг зайлшгүй мэдвэл зохих Монгол улсынхаа түүхээс илүүтэй, Солонгосын Хан улсын түүхийг илүү их мэддэг болжээ. Энэ нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. 

Монголын телевизүүдээр Хятадын уран бүтээлчдийн бүтээсэн 30 ангит "Чингис хаан” киног хаа ганц гаргахаас өөрөөр эх орныхоо түүхийг залуу хойч үедээ сурталчилан таниулах тал дээр ажилладаггүй. Гэтэл телевиз гэдэг бол олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх хамгийн том хэрэгсэл мөн. Хүнд уншиж, сонссон зүйлээс нь илүү нүдээрээ харсан зүйл нь үлддэг сэтгэлзүйд нөлөөлдөг учир манай телевизүүд нийгмийн өмнө хүлээсэн аливаа мэдээ сурвалжлага, нийтлэл нэвтрүүлгийг тэнцвэртэй хүргэх үүргээ ухамсарлахгүй байгааг харуулж бйу юм. Үзэгчдийн гэртээ хариад, хоол ундаа хийнгээ зурагт үзэх оргил цагаар 5-6 суваг дээр нэгэн зэрэг Солонгос кино гарч байгаа нь Монголын телевизүүд Өмнөд Солонгос улсын Соёлын яамнаас даалгавар авсан гэлтэй. 

Уг нь жил бүр л телевизүүдийн тоо нэмэгдэж байгаа. Үүнийгээ дагаад өрсөлдөөн улам хүчтэй болох учиртай. Иймд телевизүүд өөрсдийн гэсэн бренд нэвтрүүлэг, кино бүтээж үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж байх хэрэгтэй.  Гэтэл манай телевизүүд нэгэн хэвд цутгасан юм шиг бие биеэсээ илүү гарах гэж өрсөлдөхгүй өнөөх л Солонгос савангийн дууриа гаргасаар л. Уг нь эх орныхоо хот, хөдөөгийн амьдрал, Монгол хүний төрөлхийн зан араншин, бахдам сайхан түүхээ харуулсан уран бүтээл хийж болмоор доо. Иймэрхүү кино хийвэл үзэгчид сонирхон үздэг нь МҮОНРТ болон зарим телевизүүдийн хийсэн цувралуудаас тод харагдаж байсан. Гэвч  хийж байгаа эдгээр цувралууд нь Солонгос цувралын байр суурийг эзэлж чадахгүй л байна. 
Б.Сансар
olloo.mn

0 сэтгэгдэл