УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн "Браво” ёслолоос Хүндэт шагнал хүртжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "За сайхан өдөр байлаа. Ийм сайхан нэр хүндтэй олон улсын шагнал авлаа. Москва хотноо агуу их Большой Театрын тайзан дээр хоёр дахь удаагаа дуулж энэхүү шагналыг гардан авч байна. Монгол Улсын соёл урлаг нэр хүндэд чухал түлхэц болхоор үйл явдал боллоо гэж үзэж байна. Энэ мөчийг маань ач холбогдол өгч хамтдаа баярыг хуваалцсан москва д ажиллаж амьдарч суралцдаг бүх хүмүүст талархлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчид оролцсон уг ёслолоос Э.Амартүвшингийн хамт Сүми Чо /БНСУ/, Сэйити Фүрүкава /Япон/, Лианг Ли /БНХАУ/ нар мөн хүндэт шагнал хүртсэн байна.
"Браво” шагналыг ОХУ-ын Соёлын яам тэргүүтэй олон байгууллага хамтран санаачилж, "Роснефть” компани санхүүжүүлэн, Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдийг хамруулан олгож байхаар өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байгаа юм. Уран бүтээлчдийг нийтийн болон мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн Олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнах бөгөөд шалгаруулалт уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоороо бусад шагналаас ялгаатай аж.
Г.Зул
1 сэтгэгдэл