|

ГИНЖИН ЦАГИРАГ ТАСРАХ ЦАГ БОЛСОН

ГИНЖИН ЦАГИРАГ ТАСРАХ ЦАГ БОЛСОН

 

Бидний IT салбарын талаарх нийтлэг төсөөлөл..

Мэдээллийн технологи, Програм хангамж, Цахим гэх Монголчилж хэрэглэх энэ хэдэн үг бидний чихэнд хоногшоод олон жил болж байна. Энэ гуравхан үгийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж чадваас ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөж дээшилж, тэр дундаа төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэддээ ойртуулах хамгийн зөв гарц гэдэг дээр хэн ч маргахааргүй болсон.  Иргэд ч ерөнхийлөн ингэж ойлгодог.

Мэдээллийн технологийн боловсон хүчнүүд гадаад, дотоодын их дээд сургуулиудад үе шаттай бэлтгэгдэж, IT чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо, ажил, үйлчилгээний эрэлт байнга өссөөр иржээ. Үүний зэрэгцээ үндэсний IT компаниуд гадаадын IT компаниудтай өрсөлдөх хэмжээнд хүрч өөрийн гэсэн зах зээлтэй, үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийн баталгааг өгч чаддаг болсон, олон монгол залуус энэ чиглэлээр дэлхийн шилдэг компаниудад амжилттай ажиллаж байгаа гээд дурдвал сайн жишээ олон байна. Үндэсний програмистууд бол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой салшгүй нэг хэсэг, хөгжлийн тэргүүлэгч салбарын жолоог атгасан хүмүүс гээд хэлчихвэл худлаа хошгирууллаа гэх хүн нэгээхэн ч гарахгүй. Хуруу гар нь хүний кнопыг өөрийн мэдэлгүй дарчихдаг Төрийн түшээд нь хүртэл энэ муу хуруу л болохгүй байна, хүн хүнийх нь хурууны хээг таньдаг програм суулгуулъя гэж ирээд өөрсдөө гуйдаг болсон л доо. Энэ хүрээд Цахим салбарын тухай мэдээлэл муутай хагас хугас дүгнэлтээ орхиж үндсэн асуудлаа сөхье.

Уяатай нохой идүүрт нь хоол хийсэн хүндээ шарваганахаас, бусад нь хамаагүй байдаг. Харин төрийн өндөр алба хашиж, Эрүүл мэндийн сайд хийж байгаа болон суудалд нь тухалж, эцсийн шийдвэр дээр гарын үсгээ мутарлаж асан хүмүүс БНХАУ-ын ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР хэрэгжих "Цахим-Эрүүл мэнд” хэмээх төсөл дээр төвлөрч, өнгө мөнгөөр худалдагдахдаа Үндэсний эрх ашиг, улс орныхоо аюулгүй байдлаар дэнчин тавина гэдэг бол уршиг ихтэй, хожмын хор нь жирийн иргэддээ яр болж мэдэхээр хохиролтой юм. "Цахим эрүүл мэнд” нэрийн дор улс орныхоо эрх, ашгийн эрэмбэ дарааг умартан, хэдэн төрийн нүүрэнд сайд нэртэй саад ихтэй албыг хашихдаа дээрх эх үүсвэрээс санхүүжигдсэн төслийн хөрөнгөөс хумслан завших, хулгайлж идэх хүсэл нь гадны компанийн эрхэнд орох хүртлээ гинжлэгдэж, үндэсний компаниудаа дайсан мэт харж, иргэдийнхээ эрүүл мэндийн чандлан нууцлах ёстой мэдээллийг БАТАЛГААГҮЙ програмаар гадагшаа алдах эрсдэл, эрсдлээс давсан бодит хардлага буйг баримтаар өгүүлэх нь хэн нэгэн эрх мэдэлтний зэвүү дургүйг хүргэхтэй харьцуулшгүй зөв зам билээ.

 

СЭЖҮҮР БАРИМТ: 2012 он. БНХАУ-ын зээлээр 18 сая 950 мянган ам.долларын "Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Олон Улсын тендерт БНХАУ-ын HUAWEI компани шалгарсан.

Дотоод дахь нөөц бололцоогоо ашиглан хэрэгжүүлэх боломжтой уг төсөлд дотоодын компаниудын оролцоог хязгаарлаж, гадаадын компанид давуу эрх олгосон төр, засгийн алдаатай бодлогыг тухайн үед үндэсний IT компаниуд эсэргүүцэж байсан бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд /Н.Алтанхуяг/-ын дэргэдэх "Мэдээллийн технологийн зөвлөл”-ийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн HUAWEI компанитай 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан EH-1 тоот гэрээнд "Цахим эрүүл мэнд төсөл”-ийн 4 сая 160 мянган ам.долларын програм хангамжийн бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын компаниар гүйцэтгүүлэхээр холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

Олон Улсын тендерт шалгарсан, дэлхийд танигдсан HUAWEI компани яаж мэдээд, програм хангамжийн төсөл хэрэгжүүлэх эрхийг хэн нэгэнд шууд өгсөн нь нохойн гинжний хамгийн том эхлэл цагираг бололтой.

Ийнхүү Монголын компаниар "Цахим Эрүүл Мэнд” төслийн програм хангамжийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэмэгц "HUAWEI” компани Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан "Метронетворкс” ХХК-ийг худалдан авч үйл ажиллагаагаа эхэлсэн. "Метронетворкс” гэнэт мөнгөжиж Монголын эмнэлгийн програм хангамжийн анхдагч "МОН АЙ ТИ”  компанийн нилээд олон ажилтныг эд мөнгөөр татан ажлаас нь гаргаж өөрийн компанидаа урвуулснаар мэдээллийн технологийн компани гэж харагдахуйц болсон байна. Энэ асуудлыг зөвхөн тендерт оролцуулаагүй, тендерт оролцох нөхцөл боломжоор хангагдаж чадаагүй дотоодын компаниудын гомдол гэж харвал хэтэрхий өрөөсгөл зүйл болно. Дотоодын компани хэмээх арьс нөмөрсөн боловч гадны компанийн 100 хувийн хяналттай, 100 хувийн санхүүжилттэй, ажлын туршлагагүй, түүхгүй энэ компаниар дамжуулан Монгол Улсын төрийн харъяалалтай 48 төв эмнэлэгт хэтийн далд зорилго агуулсан ямар ч хамгаалалтгүй програм хангамжуудыг суурилуулж байгаа нь Монгол Улсын хүн ам, иргэний эрүүл мэнд, өвчний түүх бүхий хувь хүний өндөр нууцлалтай мэдээллийг хяналтгүйгээр гадагш алдах аюул бодитой нүүрлэж байгаа тухай нэг бус удаагийн сэрэмжлүүлгийг Монголын хууль хяналтын байгууллага шалгаж, ҮАБЗ анхааралдаа авч асуудлыг нэг тийш болгох нь Монгол Улсын эрүүл мэндийн салбараар дамжуулан үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх, ашгийг хамгаалах зүй ёсны чухал асуудал биш гэж үү.

 

СЭЖҮҮР БАРИМТ: ШУУРХАЙ.МН сайтад 2018.01.22-ны өдөр гарсан баримтаас: ..."Эрүүл мэндийн салбарт 15 жилийн хугацаанд нэг ч цахим интернэт төслүүдийг ашиглалтанд оруулаагүй, цахим интернетийн ойлголтгүй байдлыг ашиглаж асар их мөнгө угаасан Х.Хүрэлбаатар...” гэгчийн тухай өгүүлжээ. 2004 оноос өнөөдрийг хүртэл ЭМЯ-нд ямар ч нам, ямар ч сайдын үед байж л байдаг мэдээлэл технологийн дархлагдсан мэргэжилтэн. Гэвч гардаж буй ажлын дүн иймэрхүү.

2010 онд 437.044 еврогоор Белги улсын "FSE and Cegeka” компани "C2M” програм хангамжийг 20 ширхэг компьютер, хэрэгслийн хамт нийлүүлжээ. Гэвч "C2M” програм хангамж нь Монгол улсын эрх зүйн орчинд таарахгүйн улмаас нэг өдөр ч ашиглагдаагүй аж. Х.Хүрэлбаатар мэргэжилтэн тус програмыг хүлээж авчээ. Тэрээр програм хангамж ажиллаагүй талаар тухайн үеийн Ерөнхий сайд /Н.Алтанхуяг/-ын дэргэдэх "Мэдээллийн технологийн зөвлөл”-д тайлбарлахдаа "Сангийн яам хүлээж ав гэсэн болохоор хүлээж авсан” гэсэн сонин тайлбар өгсөн байдаг!!! 437.0 мянган евро тийм бага мөнгө гэж үү?

2011 онд ЭМЯ, Глобал сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд ЭМЯ-ны Цус судлалын үндэсний төв /ЦСҮТ/-д Донорын бүртгэл болон цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулах зорилгоор 101.0 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлж эхэлсэн, 2011 оны 6 дугаар сард "ИТС” ХХК-тай ЦСҮТ гэрээ байгуулж ажлаа эхлүүлжээ. ЦСҮТ нь лабораторийн тоног төхөөрөмжөө програмд холбуулах шаардлага тавихад "Танай төхөөрөмжүүд програмд холбогдох боломжгүй” гэсэн тайлбрыг Х.Хүрэлбаатар мэргэжилтэн өгч байжээ. Төсөлд хяналт тавих ёстой хүн нь шүү дээ. "ИТС” ХХК нь "Ньюсоник” ХХК-ийн охин компани аж. ЦСҮТ ерөнхий нягтлан нь Ламбаа сайдын гэр бүлийн хүн байв.

2012 онд "Цахим эрүүл мэнд-1” 18,9 сая ам.долларын төсөл эхэлснээр энэ ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй ба юу хийсэн нь тодорхойгүй байгаа юм. Учир нь өндөр өртөгтэй төслүүдэд Х.Хүрэлбаатар заавал оролцдог шүү дээ.

2015 онд "Эмийн аюулгүй байдлын систем” нэртэй 300 сая гаруй төгрөгийн төслийн тендерт "Ньюсоник” ХХК шалгарч, 2017 онд ажлаа хүлээлгэн өгчээ. Тус төсөл нь Монгол Улсын бүх эмийн сан, эмнэлэгт ашигладах ёстой ч одоогоор нэг ч газар хэрэгжээгүй л байна. Тендерийн баримт бичигт аанай л "Ньюсоник” ХХК-ийн охин компани "ИТС” ХХК дурдагдсан байх юм.

Улмаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр одоо хэрэгжиж буй "Цахим эрүүл мэнд-2” 23.0 сая ам.долларын төсөлд Цолмон, Цэнгүүн нар дэлхийн банкнаас цалинжаад явж байгаа ба ЭМЯ-ыг төлөөлөн ажиллаж байгаа хүн нь нөгөө л Х.Хүрэлбаатар байх юм. Энэ төслийг л Х.Хүрэлбаатар битгий залгичихаасай. Яагаад гэвэл Х.Хүрэлбаатар нь өөрт ашиггүй бага хэмжээний төсөвтэй төслийг олон жилийн турш хүлээн авахгүй царцааж, үр дүнгүй болгодог. Өөрт ашигтай ихээхэн хэмжээний төсөвтэй төслийг ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлөөр оруулан ямар нэгэн байдлаар хүлээн авдаг. Хүлээн авсан төслүүд нь үр өгөөж муутайгаас гадна удахгүй замхарч алга болдог. Энэ мэт олон төсөл, хөтөлбөрүүд ЭМЯ-ны нэгэн мэргэжилтний хувийн ашиг сонирхлын зөрчлөөс болж татвар төлөгчдийн мөнгө болон гадны зээл, тусламжийн хөрөнгө, мөнгө замхран алга болсоор, төрийн үргүй зардал хяналтгүй өсөж, гадаад өр зузаарсаар байна.”

Х.Хүрэлбаатар гэгч гинжин цагирагийн тоог нэмэх, хасахыг толгой компаниас авч, тухайн цагираг хэр бат бөх байхыг шийддэг эрх мэдэл бүхий этгээд болох нь нотлогдсон. Гинжний цагираг Төрийн сайд, Эрүүл мэндийн яамыг толгойлох эрхмүүдээр үргэлжлэх үйл явцыг мэдэх гэрч бол Х.Хүрэлбаатар болж таарч байна.

СЭЖИГ БАРИМТ: Төрийн сайдуудын гинжин цагираг

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа:

1996-2000 он, 2004 онд УИХ-ын гишүүн;

2008-2012 онд Эрүүл мэндийн сайдын албыг хашсан.

Төсөл хэрэгжиж байхад сайд ч байсан, МАХН, АН хоёрын их хайрын үед дахин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан эрхэм.

БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих "Цахим эрүүл мэнд” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан, Монгол Улс дотоодын хүч, нөөц бололцоогоор хэрэгжүүлж чадах үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох Амин чухал төслийг гадныханд өгсөн хүн. Их мөнгө энэ хүнийг тойроогүй нь ойлгомжтой.

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар:

2009-2012 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

2012 онд Эрүүл мэндийн сайдын албыг хашсан.

Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь "Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь 2 сая 245.0 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарч байжээ. Тэр үед хүү Х.Энхбат нь "Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарлаж байжээ. Хүү нь мөнгөний талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байсан байж магадгүй. Тэр үед Н.Хүрэлбаатар мөнгөний талаар хууль хяналтын байгууллага, хэвлэлийнхнээс нууцалж байсан гэх...

Энэ их хэмжээний мөнгө ЭМЯ болон "HUAWEI” компанийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 29-нд байгуулсан 18 сая 950 мянган ам.долларын гэрээний, эсвэл өөр эх сурвалжтай хаялага уу? Мөнгөн авилгын эзэн "Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч үү?

2012 онд Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран Монгол улсын 0-16 насны хүүхдүүдэд чиглэсэн "Эрүүл монгол хүүхэд” нэртэй 17.0 тэрбум төгрөгийн өртөгтэй төслийг хэрэгжүүлсэн. Монгол Улсын бүх сум, өрхийн эмч нарыг уг програм дээр 2 сар ажиллуулсан боловч, програм нь дүнгээ гаргаж чадаагүйн улмаас энэ ажил бүхэлдээ үр дүнгүй болсон байх юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус програм хангамжийг "Нью соник” ХХК хийсэн гэх бөгөөд мэргэжилтэн Х.Хүрэлбаатараас тодруулахад "Тус төсөлд програм хангамжийн ажил хийгдээгүй” гэсэн тайлбар өгдөг.

 

Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал:

2012-2014 онд Эрүүл мэндийн сайдын албыг хашсан.

Ялалт байгуулсан "Huawei" компани манай улсын бүх иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн санг "гартаа" атгахаар болов. Үүний улмаас ирээдүйд гарах эрсдлийг урьдчилан харж үндэсний эрх, ашиг сонирхлоо хамгаалах хүсэл, зорилгод нэгдсэн иргэд, дотоодын IT компаниуд хүсэлт гаргасныг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг судлан үзээд Хятадын талтай байгуулсан хатуу гэрээний нэг хэсэг болох "Цахим эрүүл мэнд” програм хангамжийг дотоодын компаниар гүйцэтгүүлэхийг ЭМЯ-нд даалгаж шийдвэрлэсэн тухай дээр өгүүлсэн билээ.

Удвал сайд "Huawei" компанийн туслан гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Lenovo” брэндийн борлуулагч, нөгөө "Ньюсоник” ХХК-ийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд оруулж ирсэн түүх бий.

 

 Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба:

2014-2015 онд Эрүүл мэндийн сайдын албыг хашсан.

Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг "...Бусдаас хээл хахууль авах” гэсэн зүйл ангиар буюу Эрүүгийн 268.2 дахь заалтыг үндэслэж хуулийн бусад холбогдох зүйлээр нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5.1 жилийн хорих ял оноосон.

Мөн гэмт хэргийн үйлдэл нь шүүхээр эцэслэн тогтоогдсон хэргийн холбогдогч нар болох Г.Ганчимэгт /Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/ төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жилээр хасаж, 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, О.Даваасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг нь нэг жилээс хасаж 1,6 жилийн хорих, "Метро нетворкс” ХХК-ийн захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгох ялыг тус тус оноосон байна. Муур багшийн үлгэр үргэлжилж, амташсан хэрээ 13 дахидаг үлгэр болов.

Мөнөөх "Метро нетворк” ХХК-ийн захирал ял авч, Монгол Улсын шүүхээр таслагдсан бодит баримт олон нийтэд ил болов. Албан бус яриагаар Шийлэгдамба сайдыг үйлдэл дээр нь барьж өгсөн гол мэдээлэгч нь Х.Хүрэлбаатар мэргэжилтэнг гэлцдэг.

Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг:

2016-2017 онд Эрүүл мэндийн сайдын албыг хашсан.

Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг мөн л гинжний цагираг болсон гэдгийг сайдаар ажиллах хугацаандаа HUAWEI компани, МЕТРОНЭТВОРКС ХХК, Төсөл хэрэгжих ёстой Улсын эмнэлгүүдэд хүргүүлж байсан өөрийнх нь гарын үсэгтэй албан бичгүүд хангалттай баталдаг. Жишээ нь: Эрүүл мэндийн сайдаас HUAWEI компанид хаягласан 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1а/3366 тоот албан бичигт ... гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 31-ний дотор нэр бүхий эмнэлэгт суурилуулж дуусгана уу хэмээн сандарсан нь програм хангамжийн зориулалт, нарийн учрыг ухаж ойлгоогүй, алдаатай шийдвэр байлаа. Түүнчлэн мөнгөний ашиг сонирхлыг илүүд үзэж "Цахим эрүүл мэнд” төслийг буруу гараар хэрэгжүүлж байгааг нь хэлсэн хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагуудыг шахан зайлуулах арга хайж байсан нь түүний сайдаар ажилласан хугацааны чухал ажлуудынх нь нэг байсан.

 

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

 

2013-2018 УИХ-ын Гишүүн, УИХ-ын Өргөдлийн Байнгын Хорооны дарга;

2017 оноос Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байна.

Эрүүл мэндийн шинэ сайдаар томилогдсон даруйдаа яамныхаа ТНБД Д.Очирбатыг сольж 1 дүгээр эмнэлгийн даргаар яагаад томилох болов?

ЭМЯ-аас "Цахим эрүүл мэнд” төсөлд хяналт тавьж, Хятадын компанид толгойгоо мэдүүлэхээс сэрэмжлүүлж, үр дүн муутай ч хяналт тавих гэж хичээж ирсэн Д.Очирбатыг холдуулсан нь Д.Сарангэрэл сайд нөгөө гинжний нэг цагираг нь болсныг илтгэх шиг. Өмнөх сайд А.Цогцэцэгийн үед томилогдсон бүх газрын дарга нарыг дараагийн сайд шат дараалан сольсон. Гэвч Г.Шийлэгдамбатай "Цахим эрүүл мэнд-1” 18,9 сая ам.долларын төсөлд ойр шадарлаж байсан ЭМЯ-ны газрын дарга Оюунханд ганцаараа торойж, торойх торойхдоо мөн л шинэ сайдын ойрын хүнээр тодорч олны анхааралд өртсөн юм. Тэрээр өмнөх сайдын гинжин цагирагийг өнгөлж, Цахим эрүүл мэнд төслийн талаар нарийн сайн мэдээлэлтэй болж чадсаныхаа хувьд шинэ сайдад мөнгөний үнэрийг гаргаж өгсөн байх магадлалтай болж таарч байгаа юм.

Сайдын нүд, чихийг ашиг сонирхлын нөгөөх том бүлэглэлийнхэн зүс царай, чимэг зүүлтэй өөрчлөн тойрч зүү орох зайгүй бүчиж, үнэний дуу хоолой, бодит амьдралаас тасалж уусган байгаа нь сайдын сүүлийн үед хэрэгжүүлж байгаа бодлого, хэлж ярьж байгаагаас нь тодорхой харагдах боллоо.

Энэ их зардлын ард нүдэнд харагдаж, биелэлээ олсон ажил алга байна. Монгол улс л өртэй үлдэж байна.

Ингэж л Эрүүл мэндийн сайдын суудалд тухалсан хэн ч бай аль нэг нам, ямар ч фракцын нөхөр байсан "Цахим эрүүл мэнд” хэмээх төслийн сонгон шалгаруулалтаас эхлээд, ашиглаж буй програм хангамжийн үүрэг зориулалт, эмнэлгүүдэд суурилуулагдсан гэх гүйцэтгэл, үр дүнг эс тооцон хог дээрээс олдох сэйфтэй мөнгө, өрөөндөө мөнгө авч баригдсан гашуун түүхээс үл айн хамгаалах нь ямар учиртайг эрх мэдлийн суудал, мөнгө хоёр л мэдэх буй за.

Монгол Улсад тендер зарласан газрын дарга, шалгарсан компанийн захирал хоёр өрөөндөө мөнгө өгч авалцаж байгаад үйлдэл дээрээ баригдвал хоёулаа хуулийн дагуу зохих ял шийтгэл хүртэхээс гадна уг тендерийг цуцалж сонгон шалгаруулалтыг шударга өрсөлдөөний зарчмаар дахин явуулах ёстой. Гэвч "Олон Улсын тендер” гээчид ялсан HUAWEI компани Монгол дахь ажлаа бүрэн дуусгаагүй цагт ОУ-ын тендерт дахин орох эрхгүй бөгөөд эдийн засгийн хохирол амсах магадлал тун өндөртэй байгаа.

Хэрэв Монголын төр энэ асуудлыг анхааралдаа авч, булхай луйврыг уг үндсээр нь суга татаж, хөрсийг нь өөр хөрсөөр сольж чадвал HUAWEI компани авлигад идэгдсэн улс төрчид, авлигад өгсөн мөнгөө бүгдийг нь зарлаад нэрээ цэвэр авч гарах, бид авлигын сүлжээг тасалсан маш том баримт бүхий түүхтэй үлдэнэ. Тэр түүх цааш цаашдын гадаадын зээл, тусламжийг хумслах гэсэн, хумсалж явсан нөхдөд хоточ нохой мэт архирч хандах цаг удахгүй ирнэ гэдэгт найдна. Энэ удаа Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих "Цахим эрүүл мэнд-2” 23.0 сая ам.долларын төсөл эхэллээ.

Улс орноо тонон дээрэмдэж мөлжсөн увайгүй авлига, ашиг сонирхлын гинжин цагираг тасрах цаг болсон....

Шуурхай.мн 


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл