1921 оны гуравдугаар сард хувьсгалт хоёр нууц бүлгэм нэгдэн МАН гэдэг улс төрийн ууган шинэ байгууллагыг анх үүсгэснээс хойш өдгөө 97 жилийн нүүрийг үзэж байна. 2005 онд хуралдсан УИХ-ын чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 1 буюу МАН-ын баярын өдрийг эх орончдын өдөр болгон зарлаж, ёслол төгөлдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм. МАН-ыг их жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, С.Данзан, А.Догсом, Н.Дугаржав, Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Лосол нарын эх орончид анх санаачлан байгуулсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрчин, залуучууд өсвөр үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Иймд миний бие ахмад сурган хүмүүжүүлэгчийн хувьд энэ асуудлыг хөндөж үзэл бодлоо хэлэх гэсэн юм. Нэг сая 565 мянган хавтгай дөрвөлжин километр, хангай говь хосолсон, Англи, Францаас гурав дахин их дэвсгэр нутагтай, 60 гаруй сая мал сүрэгтэй, эргэн тойрон 8300 орчим километр газрын болон агаарын хилийн шугамтай, хойт талаараа ОХУ, урд талаараа БНХАУ-тай хил залгаа орших Монгол Улсаа бид эх орон гэдэг.
Төрсөн газар, төрөлх нутаг, эх орон гэдэг ойлголт хүн ам, газар орны хэмжээ, байгаль орчны хувьд өөр хоорондоо эрс ялгаатай. Энэ сэдвийг бичигч миний төрсөн газар бол аргалын утаа бургилсан, малчин аавын сиймхий бор гэрийн задгай галын зүүн хоймор, сэгсгэр буурал ээжийн минь хэвлийгээс дуугаа сонсгон мэндэлсэн дулаахан өтөгтэй "Уу-Аман” хэмээх үзэсгэлэн төгөлдөр сайхан цэнхэр хангайн өвөр бэл билээ. Эцгээс үүсч, эхээс хүй цөглөсөн аргал, хөрзөнтэй Ендэртийн голын хөвөө, тэнгэр баганадсан ой хөвч, гэрийн тооноор сэрвийн харагдах шовх хадтай Хоо толгойн уулын энгэр дэх аавын минь өвөлжөө миний мэндэлсэн газар аа. Хүн бүхэн өөрийн гэсэн төрөлх нутагтай. Миний төрөлх нутаг бол Увс, Хяргас нууруудтай, цаст өндөр Хархираа, Чандмань улаан уултай, Улаангом төвтэй Увс аймгийн нутаг аа. 1200-гаад онд эзэн Чингис хаан Монголын олон овог аймгийг нэгэн тугийн дор нэгтгэж төр улсыг байгуулсан билээ. Чингис төр улсаа байгуулаад албан ёсны нэрийг нь Хөх Монгол хэмээжээ. Хөх Монгол гэсэн нь хөх тэнгэрийн дор Мөнхжин бадар гэсэн бэлгэдлийн утгатай ажээ. Үүнээс үндэслэн Чингисийн Монгол, Хөх Монгол, Гурван голын Монгол гэгдэх болжээ.
Их зохиолч Д.Нацагдорж монгол эх орноороо эргэн тойрон явж үзээд "Миний нутаг” шүлгээ яриад байгаа юм шиг уран тодоор дүрслэн бичсэн байдаг.
Хүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон
Он онд идээшилж олон хүний дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Монгол хэмээх нэг нэр
Ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө хэмээх сэтгэл
Манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Орхиж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон” гэж эх орноо магтан бичсэн бол тэр бас, "бүтэн заяа” гэдэг өөр нэг шүлэгтээ
Барс есөн өрлөгтэй
Чингис удмынхны нутаг
Баясал цэнгэл залах буян хишгийн нутаг
Бадарч, задарч үзсэн Улаан залаат Монгол
Байх байхгүйн хязгааргүйд
Хөрс шороо нь хангал
Газар ус, тэнгэр эрдэнийн гурван хил нь
Галыг элээсэн Монголынхоо
Үүдэн сүлд нь босоо
Ганц л чулууныхаа төлөө амиа хайрлахгүй дайчид
Гандир хүрэн уул шигээ цагийн цагтаа босоо ёо
Дэлхий дахинаа ховорхон уртын дуу Монголынх
Дэлэнт малын сүү шим, иссэн айраг
Монголынх Дэлт хүлгээ уралдуулсан дөрвөн настан Монголынх
Дэндүү уяхан аялгатай морин хуур Монголынх” гэжээ.
Ер нь манай алдарт зохиолч, яруу найрагч, хөгжим, ая зохиогчид Монгол эх орны тухай, түүгээр ямагт бахархаж хайрлаж явдгаа олонтаа хэлсэн байдаг.
Нэрт яруу найрагч Ц.Цэдэндорж:
"Цэлмэг залуу насныхаа
Гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо
Шатаж явах үедээ
Чин зүрхнийхээ амрагт
Хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхнэ гэж
Эх орондоо би хэлдэг” гэсэн бол ардын уран зохиолч Ш.Дулмаа "Би газар шороондоо хайртай” гэдэг шүлэгтээ
"Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж
Хүйтэн булгийн уснаас нь шүдээ таштал залгилж
Талын тогоруу, нуурын ангирыг үргээж
Таанын толгой, цэцгийн дэлбээ түүж явсан болохоороо
Газар шороондоо би хайртай
Харийн дайсан халдахад гал голомтоо өмгөөлж
Ханхар сайхан эрчүүд буу мөрлөн мордохдоо
Хатан Туулын усыг рашаан гэж амтлан
Хайрга чулуун шороог нь алчууртаа боож явсанд нь
Газар шороондоо би хайртай” гэжээ.
Үгийг Ж.Бадраа, аяыг Ц.Жамсранжав зохиосон "Халуун элгэн нутаг минь” гэдэг дуунд
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь гэх мэтээр эх орноо магтан биширч бичсэн бол энэ алдарт дууг УИХ-ын гишүүн С.Жавхлан тэргүүтэй монгол туургатан таван дуучин сэтгэл хөдлөн бишрэн шүтэж дуулахын зэрэгцээ Гадаад харилцааны яамны дэргэд босгосон энэ дууны үг, нооттой хөшөөнд алд цэнхэр хадаг барин сөхрөн сууж хүндэтгэн дуулдаг нь сайхан санагддаг. Эх оронч үзэл гэдэг нь төрж өссөн газар нутгаа төрүүлж өсгөсөн ээжтэйгээ адил бодож хайрлан, түүгээр бахархаж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахсан гэсэн хувь хүний үзэл бодол, хүсэл мөрөөдөл юм. Бид манжийн дарлал, хятадын гамин цэрэг, Оросын барон Унгерн, Халх голын районд японы түрэмгийлэгчдийн эсрэг ширүүн тэмцэл хийж, ялалт байгуулсан эрэлхэг эх орончдын гавьяагаар бахархаж, дархан цаазтай үзэсгэлэнт газар орон "Улаан ном”-д бичигдсэн ховор ан амьтан, цэлмэг хөх тэнгэр, өргөн уудам газар нутгаараа бахархах ёстой. Олимп, дэлхий, тив, улсынхаа аварга тамирчид, Гиннесийн ном болон ЮНЕСКО-д нэрээ бичүүлэн алдар цуугаа өргөсөн монгол бөх, жудоч, сүмоч, самбоч, чөлөөт бөхчүүд, шатарчин, уулчин, ой тогтоотын гайхамшигт залуучууд, охид хөвгүүдээрээ бахархах ёстой. Хэдийвээр хүн ам багатай жижиг улс гэгдэвч олимпын аварга Н.Түвшинбаяр, Д.Сумъяа, Р.Бадрууган, нялх балчир аварга хүүхдүүд тэднийг улсынхаа төрийн дууллыг аялуулан, төрийнхөө далбаагаар биеэ чимэн ороох, далбааныхаа зураг руу гараараа заан хөгжилдөн баярлаж буйг хараад үнэхээр бахархдаг. Тэрчлэн галтай цогтой адуучин, уяачид говийн заан гэгдэх буур, атан сайхан хүрэн ат түүний уралдаан тэмцээн, дуулж хөгжилдөх нь үнэхээр бахархууштай.
Монголын дугуй хээтэй баяр наадам, Цагаан сар, бүргэдийн орон казах иргэд, олон ястны дуу, морин хуур, дээлтэй монгол, хөөмий бие биелгээ, тал дүүрэн тариа будаа шиг бэлчсэн мал сүрэг Увс, Хөвсгөл, Хяргас нуурыг гадаадын аялал, жуулчид магтан биширч буй нь сайхан байна.
Эх орноо өмөөрөн тэмцсэн эх оронч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд, партизан, ахмад дайчид, ударникууд, улс хөдөлмөрийн баатар, ардын ба гавьяат цолтнуудын хөдөлмөрч үлгэр дуурайлаар бахдан бахархах ёстой. Бид даяарчлалын дээвэр дор орших 200 гаруй гүрний гишүүний хувьд энэ гэр бүлийн нэг болохоо ухамсарлаж найрамдал нөхөрлөлийн төлөө явах ёстой. Эх орноо гэдэг үзэл бодол, хүсэл мөрөөдөл зөвхөн хүнд биш бидний хайртай хүлэг морь, банхар нохойд ч байдаг.
Олон жилийн тэртээ манай дайчдын Вьетнамын дайнд туслахаар аваачсан Төв аймгийн нэг хүний улаан бор морь эх орон, ижил дасал болсон адуун сүргээ мөрөөдөн гүйж ирсэн тухай хэвлэлээс би уншсан юм. Бас Увс аймгийн Хяргас сумын харьяат, баруун тулгаралтад оролцсон онц хилчин Н.Мөнх хот руу шилжих үедээ Хилчин гэдэг нохойгоо малчин хүүхдүүдтэй нь хотын зүг түрүүлж явуулсан байна. Архангайн нутагт хүүхдүүд нь нохой, малтайгаа дөхөж ирэх үед нохой нь гиншин улих, хуцах мэтээр ядарсан бололтой харагдсан тул хүүхдүүд нь ганц хоёр өдөр амарсан байна. Энэ үед нохой нь гэнэт алга болжээ. Хүүхдүүд нь эрээд олдохгүй болохоор явдлаа үргэлжлүүлсээр Төв аймгийн "Залуучууд” сангийн аж ахуйн нутагт ирж суурьшжээ. Хүнтэй сууж нутагтаа үлдсэн Н.Мөнхийн охин аав, ээжээ эргэхээр тэр жилийн намар хотод ирээд нөгөө нохой нь Увс аймгийн Хяргас суманд эсэн мэнд гүйж очсон тухай ярихад бичигч миний бие сайтар сонссон юм.
МАН-ын ахмад гишүүн, сэтгүүлч докторант, дэд профессор, гавьяат багш Ц.ТӨВӨӨ
0 сэтгэгдэл