Архангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Э.Золбаатартай ярилцлаа.
Өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2095 гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 590 буюу 21.9 аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил 4.1 хувиар буурсан.
Мөн хүн амины, бусдын бие махбодид гэмтэл учруулах, хулгайлах, үүний дотор малын хулгай, зам тээврийн осол, залилан мэхлэх гэмт хэрэг 5-40 хувиар буурсан ч хүрээлэн буй орчны эсрэг, танхайрах гэмт хэрэг тодорхой хувиар өссөн. Хэргийн илрүүлэлт 45.9 хувьтай байна. Энэ нь шинэчлэн баталж, мөрдөж эхэлсэн хуулиудтай холбоотой ч бид цаашид гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд илүү анхаарч, сум, баг, өрх болон гэмт хэрэг гараад байгаа цэг бүрт хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна.
Мөрдөн байцаалт явуулсан хэргээс 208 буюу 24.8 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс 41 буюу 24.5 хувиар өссөн. Мөн гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад нийт нэг тэрбум 295 сая төгрөгийн хохирол учирч, мөрдөн байцаалтын шатанд 860.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь 31 хувиар нэмэгджээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагчийн 110.4 сая төгрөгийн нуугдмал өмч хөрөнгө, эд зүйлсийг битүүмжлэн нь урьд оны мөн үеэс 17.2 сая төгрөг буюу 15.5 хувиар өссөн байгаа юм.
Мөн аймгийн ИТХ-аар хөрөнгийг нь шийдвэрлүүлж, Цагдаагийн газраас аймгийн төвийн өндөрлөг таван хэсэгт хяналтын камер суурилуулан гудамж талбай, олон нийтийн газруудыг байнга хянаж байна.
Одоогоор аймгийн хэмжээнд 183 аж ахуйн нэгж камертай болсон. Цаашид гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах зорилгоор ашиглах стандартын шаардлага хангасан камерын тоог нэмж, алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн ИТХ-аар 110 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлсэн.
Бид урьдчилан сэргийлэх ажилд нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх, үүргийг зөв тайлбарлан ойлгуулж, дэмжлэг авч, хамтран ажиллахыг чухалчилдаг. Тиймээс өнгөрсөн оноос аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ), Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗ, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил тогтмол зохион байгуулж байгаа.
Эрүүл мэндийн газар,Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил тогтмол зохион байгуулж байгаа
Иргэдтэйгээ хамтран хийж хэвшсэн, үр дүнгээ өгч буй олон ажил бий. Иргэдийн сайн дурын "Нийтийн эргүүл”, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш, нийгмийн ажилтнуудаас оюутан, сурагчдад тавих хяналтыг нэмэгдүүлэх "Явган эргүүл”, "Өсвөрийн сэргийлэгч”, "Оюутан цагдаа” болон "Малчдын бүлгэм”, "Хөршийн хяналтын бүлгэм” зохих үр дүнгээ өгсөөр байгаа.
Цагдаагийн алба хаагчдын нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдсэн. Хэдийгээр улс орны эдийн засаг хүндхэн, хуулиар эдлэх баталгааг бүрэн эдлүүлдэггүй, алба хаагчдын маань цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй байгаа ч бид өөрсдөө тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа. Сум, орон нутагт томилогдон ажиллаж байгаа алба хаагчийн гэр бүлийг ажлын байраар хангах асуудал учир дутагдалтай байдаг. Өнөөдөр банкинд зээлгүй цагдаагийн алба хаагч байхгүй, авдаг хэдээсээ зээлээ төлнө, гэр бүлээ тэжээнэ гэхээр амьдралд нь хүрэлцдэггүй хэцүүхэн зовлон бий.
Энэ асуудлыг шийдэх зорилгоор алба хаагчдын гэр бүлийг хөдөө аж ахуй, малын ашиг шимээр эцсийн бүтээгдэхүүн хийх, жижиг, дунд бизнесийн санаа өгөх, мэргэжил олгох сургалт явуулж, цаашлаад төсөл, хөтөлбөрт хамруулж ажлын байртай болгох ажлыг эхлүүлээд байна. Мөн алба хаагчдын санаачилгаар гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо тариалж, тасаг, алба хаагчдадаа олгох гэх мэт нөөц бололцоогоо ашиглан хамтын хүчээр хийж буй ажил бас бий. Өөрийн өмчлөлийн орон сууцгүй, орон сууцны нөхцөлөө сайжруулах шаардлагатай алба хаагчдын судалгааг гарган, зах зээлийн үнээс хямд буюу ам метрийг нь 950 000 төгрөгөөр орон сууцанд хамруулахаар барилгын суурийг нь тавиад байгаа.
Энэ дашрамд цагдаагийн алба хаагчийн өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, гурван хүүхдийн алтан амийг аварсан Цахир сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтохын байгуулсан онцгой гавьяаг дурдах нь зүйтэй.
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа. Үүний дотор мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай хэдий ч манай аймагт өнгөрсөн онд 11.9 хувиар буурсан үзүүлэлт гарсан.
Өмнөх хэргийнхээ хохирлыг барагдуулахын тулд өөр айлаас хулгай хийгээд баригдсан тохиолдол гардаг. Мэдээж бусдын эд хөрөнгийг хулгайлсан хүн хохирлоо барагдуулах ёстой. Үүний тулд дахин нэг иргэнийг хохироох нь өөрсдийн хэргийг хүндрүүлж, хүлээх хариуцлагаа нэмэгдүүлж байна гэдгийг нь тэдэнд ойлгуулж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх нь чухал. Бид энэ чиглэлээр сэжигтэн, яллагдагч нарт тавих хяналтыг сайжруулах, эд хөрөнгийг битүүмжлэх, хохирол барагдуулсан санхүүгийн эх үүсвэрийг нягтлан шалгах, эх сурвалжийг тогтоох ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаа. Манай аймгийн хувьд гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа өмнөх оноос 31 хувиар өссөн.
Тухайлбал, өнгөрсөн онд БОАЖЯ болон мэргэжлийн холбогдох байгууллагууд хамтран Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компани, нутгийн иргэдийн дунд "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгжүүдийн тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Энэ үеэр Орхон багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын эзэмшил талбайд туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, алт олборлож буй аж ахуйн нэгжүүдийн буруутай үйл ажиллагаанаас Орхон гол бохирдох болсон шалтгаан, түүнийг хэрхэн арилгах, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн.
Орхон голын бохирдол, хөрс нөхөн сэргээлт, байгаль экологийг хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг дээрх нутагт үйл ажиллагаа явуулж буй "Алтан дорнод Монгол”, "Монгол газар”, "Алтай гоулд” компанийн уурхайн нөхцөл байдалтай танилцаж, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, шар усны далан байгуулах чиглэлээр БОАЖ-ын сайдын тушаал гаргуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Харин Орхон гол дагуу алт олборлож буй компаниудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа хүргүүлсэн албан мэдэгдэл, шаардлагыг үл биелүүлсэн туслан гүйцэтгэх зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хууль бус үйл ажиллагаа явуулсан буруутай хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцох зэргээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Цаашид ч бид хууль, журмын хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын системийг сайжруулж ажиллах болно.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нь дэвшилт техник технологи, холбооны болон хурд хүч, туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл ашиглан бүлэг, зохион байгуулалттай үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл дутмаг, хүчин чадал хүрэхгүй бэрхшээл үүсдэг хэдий ч бид байгаа нөөц бололцоогоо ашиглан тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа.
Г.Цолмон
0 сэтгэгдэл