|

Гишүүд чуулганы завсарлагаанаар амрах ёстой юу, ажиллах үүрэгтэй юу

Гишүүд чуулганы завсарлагаанаар амрах ёстой юу, ажиллах үүрэгтэй юу

 

УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд намар, хаврын найман удаагийн чуулганд суудаг. Дэгийн хуульд зааснаар намрын  чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны долдугаар сарын 1-ний хооронд хуралдана гэхээр нэг удаад дөрвөн сар гаруй хуралдаад дунд нь сар гаруй "амардаг” гэсэн үг юм. Тэгвэл чуулган завсарласны дараа зуны гурван сар болон хаврын эхэн сарын 50 гаруй хоногт УИХ-ын гишүүд хаана, юу хийдэг вэ. Мэдээж чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж төр засгийн бодлого шийдвэр, шинээр батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд танилцуулдаг бичигдээгүй хуультай. Цаг үеийнхээ шаардлагаар сар шинээр шагнал гардуулна, нутагтаа наадамлана, элдэв ойгоор одон медаль тэргүүтэн тараана гээд төрөл бүрийн л ажилтай явдаг. Өнөө жил өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж өвс, тэжээл тараах ажил зонхилж байна.

Төрийн түшээд чуулганы завсарлагаанаар хаана юу хийх ёстой юм бол. Хууль дүрэмд зааснаар амрах ёстой юу. Ажиллах үүрэгтэй юу гэдгийг олон нийт тэр бүр сонирхож, сонждоггүй. Тэгвэл гишүүд чуулганы завсарлагаанаар заавал тойрогтой ажиллана, эсвэл Төрийн ордонд суух талаар хууль журамд тусгайлан заасан албан ёсны зохицуулалт байдаггүй юм байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас лавлахад "Ажлын албан ёсны зохицуулалт байхгүй ч Байнгын ажиллагаатай парламент гэдэг утгаараа Их хурлын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Шаардлагатай тохиолдолд Байнгын хороод хуралдана. Мөн Ажлын хэсэг, намын бүлгүүд хуралдах, хэлэлцүүлэг зохион байгуулах, харьяаллын дагуу хянах шалгах ажил хийдэг. Ихэнхдээ тойрогтоо ажиллаж чуулганаар батлагдсан хууль дүрэм, журмыг олон нийтэд танилцуулах ажил хийгдэж хэвшсэн” гэлээ.

Харин тойрогт ажиллах төсөв хөрөнгийн талаар Их хурлын тухай хуулийн 35.1-д  Гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэрэг, холбооны зардлыг Улсын Их Хурлын жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ. 35.2. Энэ хуулийн 35.1-д заасан зардлын хэмжээг гишүүн тус бүрээр тооцож төсөвт тусгах бөгөөд ингэхдээ тойргийн онцлогийг харгалзаж Улсын Их Хурлаас харилцан адилгүй тогтоож болно. 35.3. Гишүүний сонгогдсон тойрогтоо ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд Улс төрийн намын тухай хуулийн дагуу хуваарилагдах хөрөнгийг энэхүү зардалд үл тооцно.

35.5. Гишүүн үйл ажиллагааныхаа талаар тойргийнхоо сонгогчдод мэдээлэх, сурталчлах зардал болон хэвлэл захиалгын зарим төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гишүүд төсвийнхөө мөнгөнөөс тойрогт ажиллах зардлаа гаргадаг бөгөөд тусгайлсан мөнгө байдаггүй юм байна.

Сар шинийн босгон дээр улс, аймгийн аварга малчин, тариаланчдын шагналыг гардуулсан бол өнөөдрийн байдлаар 76 гишүүний ихэнх нь тойрогтоо ажиллаж байна. Тэр дундаа орон нутгаас сонгогдсон гишүүд өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөөг зорьжээ. Харин  С.Эрдэнэ,  З.Нарантуяа, Д.Ганболд. Б.Энх-Амгалан нарын гишүүд гадаадад томилолттой яваа юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

2 сэтгэгдэл