|

Д.Цогтбаатар: Шороон нохой жилд ард иргэд амар амгалан, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байна

 Д.Цогтбаатар: Шороон нохой жилд ард иргэд амар амгалан, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байна
XVII жарны "Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн ерөнхий төлөв байдал ямар байх талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.ЦОГТБААТАРТАЙ ярилцлаа.
 
-Та бүхний зурж шинжсэнээр шороон нохой жилийн ерөнхий төлөв ямар байх вэ?
 
-Жилийн ерөнхий төлөвийг олон зурлагаар шинждэгээс шороон үхрийнхээр голчлон тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, зурлагад үхэр, түүнийг хариулж байгаа хүнийг шинждэг юм. Энэ жил үхрийн толгой бие шар, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан, ходоод, дөрвөн шийр, ногт нь ногоон өнгөтэй байна. Үхэр амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарваж яваагаар дүрсэлжээ. Үхэр хариулагчийг ногоон царайтай, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөг нь баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьж, унгасаар тоносон улаан бургасан шилбүүр барьснаар дүрсэлжээ. Дээрх зурлагыг шинжвэл шороон нохой жил залууст буюу дунд суудалтанд сайн. Нялхас буюу ард түмэнд дунд зэрэг. Өвгөд буюу хөгшдөд дорой жил гарч байна. Их хүмүүн, ард иргэд амар амгалан, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байна. Үр ач дэлгэрэх буян хурж, эд агуурс арвижих эрхэм сайн. Мөн энэ жил хууль цаазын хэрэгжилт сайжрах ч хямрал тэмцэх ихтэй байх нь. Хот балгас болон зарим газарт галын аюул, мөндөр цахилгаан буух нигууртай. Үе мөч, хүзүү, зарим газарт халуун чанарын хижиг, хавдар, боом өвчин гарч болзошгүй. Нохой жил хуурай, гандуу, салхи ихтэй, хур тунадас бага орно. Зун, намрын улиралд газрын шим арвижиж, жимс нарийн ногоо, үр жимс боловсорч, ургац арвин байна. Намрын улирал урт болно хэмээн зурлагад буусан.
 
-Ямар жилтэй хүмүүс тусгай засал хийлгэх шаардлагатай вэ?
 
-Жилээ дагаж болон угтаж орно гэсэн ойлголт байдаг. Жил нь орж байгаа буюу нохой жилтэй хүмүүс жилийнхээ заслыг хийлгэх хэрэгтэй. Энэ жил луу, үхэр, хонь  жилтэй хүмүүсийн харш жил гарч байна. Дээр дурдсан жилд төрсөн хүн засал номдоо онцгойлон анхаарах ёстой. Үүнээс гадна ивээл жилийн буюу түнсүмийн засал гэж бий. Энэ жил түнсүмийн заслыг бар, морьтой хүмүүс хийлгэнэ. Түүнчлэн үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтэй хүмүүсийн суудал нь өнцөгдсөн. Суудлын заслыг тухайн жилийн ажил үйлс бүтэмжтэй, гадна дотнын барцадгүй, аваар осолгүй байхын тухайд хийдэг юм.
 
-Ивээл жил гарсан ч засал хийлгэдэг юм байна. Харш жил гарч байна гэхээр заавал уу гэж ойлгох уу?
 
-Харш жил нь гарч байгаа хүнд махбодийн талаас сөрөг нөлөөтэй байдаг. Засал хийлгэж, ном уншуулах нь сөрөг нөлөөг алга болгож байгаа хэрэг юм. Тиймээс жилдээ ганцхан хийлгэх засал номоо анхаарах нь зүйтэй. Таван махбодийн онолыг хооронд нь шүтэлцүүлж гаргадаг учир зурхайн ухааныг шинжлэх ухааны үүднээс ойлгох хэрэгтэй.
 
-Насанд хүрсэн хүмүүс л засал хийлгэдэг гэсэн ойлголт байдаг. Гэтэл сүүлийн үед хүүхдүүдэд ч гэсэн засал хийх болжээ?
 
 -13-аас дээш настай хүүхдэд ч засал хийлгэвэл зохино. Өнөө цагт боломжтой бол хүүхдүүдэд ч засал хийлгэх хэрэгтэй. Учир нь, өнөөгийн нийгэмд хүүхдүүд ч гэсэн нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон. Сургуульдаа ганцаараа явж, бүх зүйлийг бие даан хийдэг болсон байна. Тэр дундаа энэ жил 2009 оны үхэр жилтэй хүүхдийн  өнцөгдсөн. 2009 оны үхэр жилтэй эмэгтэй хүүхэд огторгуй, эрэгтэй нь шороон суудалд суусан байна. Мөн эдгээр хүүхдийн биеийн буюу эрүүл мэндийн мэнгэ голлож байгаа. Тиймээс мэнгэний засал хийлгэж сүлдийг нь дуудуулбал гэмгүй.
 
-33 насны мөчлөг гэж бий. Энэ мөчлөгийн заслыг хэрхэн хийлгэх ёстой вэ?
 
-Үүнийг зурхайн ухаанд гүүмэг гэдэг. Энэ нь есөн нүхний засал гэсэн утгатай. Тухайн засал дотроо суудлын, жилийн гэсэн хоёр янз байдаг. Эмэгтэй хүн усан суудал, эрэгтэй нь гал суудалд суусан жилдээ гүүмгийн заслыг хийдэг. Есийн тооны давтамжаар насны гүүмгээ засуулдаг ёстой. 33 насны гүүмэг орж байгаа хүмүүс буян хийх хэрэгтэй. Тэр дундаа аав ээжийгээ баярлуулбал засал болдог хэмээн үздэг юм.
 
-Монголчууд бид засал номоо шинийн 15-ны дотор хийлгэхийг эрмэлздэг. Энэ нь эргээд гандан хийдэд хүндрэл учруулдагтал бий юү?
 
-Жилийн заслыг сар хуучирснаас хойш буюу өвлийн адаг сарын 15-наас хийлгэж болно гэдэг. Ер нь хаврын тэргүүн сардаа багтаад тухайн жилийн заслаа хийлгэж болно. Түүнээс биш заавал хаврын тэргүүн сарын шинийн 15-нд багтааж засал хийлгэх ёстой гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны өдрүүдэд Бурхан багшийн их дүйцэн өдрүүд тохиодог. Энэ өдрүүдэд буяны үйл хийвэл зохилтой. Буян хийхдээ "Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээн бясалгах ёстой. Өрхийн тэргүүн нэрээ хэлээд ноён нуруугаа даатган Алтанганжуур, Сундуй, Алтангэрэл, Жадамба, Цэгмэдийн чого, Улаан юм, Доржзодов болон бурхан шүтээнд аврал одуулж Түй мандал ном уншуулбал зохилтой байдаг.
 
-Шинийн нэгэнд зүг мөр гаргах нь ямар утга учиртай вэ?
 
-Аливаа хүн эрсдэлээс сэргийлэхийн тулд зүг мөрөө гаргадаг. Энэ нь цаанаа маш гүн утга учиртай. Жилдээ ганцхан удаа үйлддэг энэ үйлийг заавал хийж занших ёстой. Ер нь шинийн нэгэнд 5.40-7.40 цагт өндийвөл зохилтой. Түүний дараа зүг мөрөө гаргана. Зарим хүн зүг мөрөө гаргана гээд хашаа давдаг тал бий. Үүний оронд томоохон зай талбайтай газар олж байгаад зүг мөр гаргаж болно. Өөрөөр хэлбэл, нэг газар сонгон тухайн зайд зүг мөр гаргах ёслол үйлдэнэ гэсэн үг.
 
-Нохой жилд хэдэн онд төрсөн хүмүүс гэр бүл зохиож болохгүй вэ. Тийм хорио цээр гэж байх уу?
 
-Эмэгтэй хүний жилээс хамаарна. Түүнээс биш нохой жилд гэр бүл болж болохгүй гэсэн ойлголт биш. Энэ жилийн хувьд 1990 онд төрсөн эмэгтэйчүүд гэр бүл болж, өрх тусгаарлахад зохимжгүй байна.
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0 сэтгэгдэл