|

Ардчилал ахаас чинь үнэтэй юм бол бариад зодчих, би харж байя!

 Ардчилал ахаас чинь үнэтэй юм бол бариад зодчих, би харж байя!
Бүгд суудлаа зайчлан хоосон орыг нь нөхсөн ч тэдний цээжинд нэг их сайхан юмаа гээчихсэн мэт их бага үгүйлэл хурж тэр нь хангинатал санаа алдлаа ч, хашгиран дуулавч ер тайтгаран арилахгүй байвай. Энэ ч нөлөөлсөн үү, эсвэл архины халуун уу, радиогоор ямар яамны ч гэв дээ нэгэн сайд үг хэлэхийг сонссон Онгорой зурагт руу хяламхийн

-Шал худлаа залаад байх юм. Унтраа наадах аа! Эд нар малчдыг хэзээ юугаар гийгүүлчихээв? гэснээс болж Дүнсгэр, Сэнгэнүүр хоёр үнэн ярив, худал чалчив гэж толхилцон үг сөрвөл хэрүүл гэгчээр хуучин шинэ үзэлтэн хэмээн талцаж бөөн маргаан хэрүүлд хүрэв. "Муусайн амьсгаанууд!" гээд Онгоройн омог дүрэлзэхдээ тулбал Суут Гэндэнгийн гэр оронг бод оруулсан юм шиг гонзгойлчих сумын заан хүн. Нүцгэлэхэд туранхай ч төрөлхийн ясархаг шөрмөслөг, удам ярихул Засагт ханы заан Насанцогт, даншгийн аварга Хануй Цогточир өвгөөрөө бардаж шилээ шөргөөх бөхийн хуйх. Энэ хэдийгээ бол зажлахгүй залгих нь бараг үнэн. Гэхдээ мал болтлоо согтовч эцэг тусдаа ч эх нэгтэй ахаа бүү хэл, элэг барих муу санаатанд гар далайж зүрхлэхээргүй хоосон сүр их. 
-Танай намын нэг дарга тархиа хага цохиулаад эмнэлэгт очсон чинь гоожих юмгүй хов хоосон байсан гэдэг үнэн байх шүү! Монголоо коммунизмаар солиод далан жил тархиа угаалгасан улсад ямар юмны нь тархи үлдэхэв дээ, соцлийзм гэсэн ганц үг агуулаад ширгэчихсэн байхгүй юу...! гээд надтай маргах юм бол мад тавина гэсэн аархуу бодлоор ахынхаа хорыг хусч дотрыг нь маажихад Дүнсгэрийн хөх царай уусан архиндаа хүрэнтэн нүд нь улайж уруулаа хэмлэн хөмхий зууж

-Аа тийм үү? " Манай хүн сонгуулаар Ардчиллынхаа тугийг мандуулаад ёстой талхлаад яйлаад өнгөрнө" гэж чи хөлөө хугалах шахам хөөрч хийрхээд байсан, үнэн биз? Тэгсэн улс амьтан танай ухуулгын байрыг тоохгүй, тахлын голомт шиг тойрч дөлөөд "Америк гэж хийрхсэн ардчиллын муусайн хөөргүү юмнууд!" гэж ад болоод яаж байлаа? Нэр дэвшигч санаатай юм чинь сонгогчдын асуултанд нэг их зоригтой тэмцэгч хүн харагдахаар бидний хэрд таарууламшаа болж" байлдаантай кино үзэх дуртай" гэж солиороод л ...! Хүсэлтийн хариугаар Говь-Алтайчууддаа ая дууны мэнд дэвшүүлсэн чинь " Дайсны цэргүүдээ сонсоцгоо!" гэдэг дуу зориулсан байх аа? Сонгууль Дулмаа та хоёр " Бусад нэр дэвшигчдэд санал олдохгүй, бид ардчиллын салхиар бүгдийнх нь бөөрийг гаргана!" гэж нүүрээ ширлүүлчихсэн юм шиг маргаашаа мэдэхгүй хуцацгаагаад л...Тэгээд ялсан уу! Чи мартсан бол би сануулаадөгөх үү аан? гэж нүүр хийх газаргүй болгон улалзуулахад Онгоройн шар буцлан гарч харайх гэж байгаа юм шиг ухалзан

-Тэгвэл танайхан хотод Лениний музейн тэнд цуглаантай гэб зарлаад, зарим зөнөсөн улаан коммунист хэнхэгүүд нь цуглаж төөрчихөөд мангуурцгааж байна гэж дуулдсан! Ленинээ ч олохгүй ингэж л төөрсөн байхгүй юу муусайн амьсгаанууд! Одоо музей нь ч байхгүй, көлөөв нь ч өөр нэртэй болсон юм чинь үхсэн элэнцгээ олох юм..гэж чарлан хөх инээлгээр хачирлан элэг доог хийн даапааллаа. Тэр хоёр уг нь тангараг тамтагтай ах дүүс, даанч хоёр намд хуваагдсанаасаа хойш " Тэгэх үү" "Тийм үү" гэдэг хоёр үгийг мартатлаа нэгнийхээ сэтгэлд юм хийж " хоцрогдсон" " ойворгон" энэ тэр гэж хоёр биеэ гоочлон хялалзаж улс төр өнөө цаг гэхээр төвшин хэдэн үг солилцож чадахаа байсан аж. Дүүгээ ийм шорвог үгээр хоргооход Дүнсгэрийн цээжинд хор шар даргилж

-Үхэр чихэрний амтыг мэддэггүй юм ойлгоо? Чам шиг мулгуу амьтан манай намын сайныг мэдэхгүй ээ, наад хөөргөн толгой чинь наанатай цаанатай бодож чадахгүй. Тийм үнэнийг эргэцүүлдэг болтол чамд лай ч байна зай ч байна. Энэ насандаа ухаан суутлаа чи удна, аягүй бол энэ чигээрээ зөнөг залгана! Алив та нарын хийж бүтээсэн ардчиллын гавьяа чинь? Зөвлөлтийг 70 н жил дагаж харайгаад арван тэрбумын өртэй үлдлээ гэж анх зэвүүрхэн хийрхсэнийгээ " Ардчилсан хувьсгал" гэж донгосоо биз дээ? Тэр залуус бүгд Зөвлөлтөд үнэгүй сурч, тэр өрөнд тоо нэмсэн үнэн үү? Тэгээд эцэст нь та нар биш, манай нам тэр өрийг тэглэсэн худлаа юу аан? Худлаа гэж хэлээч! Аархал хийрхэл дарагдаад ирэхээр ард түмэн алсдаа нэг дүн тавина, болоогүй. Одоохондоо та нар онголзоцгоож л бай. Цадах эрхийг хасч чалчих эрх олгосон гэх үү? Ажиллаж амьдрах буяныг хэдхэн дээрэмчин ардчилал нэрээр булааж ард олноо хог дээр хаясан нь аль хувьсгалын буян билээ? Аандаа түүх нотлоод өгнө өө! Арааман дотроо л жайжганаараа чи! гэж ханцуй шамлан давшилхад Онгорой хуульгүй юм уу өөрөө ах нь болоосой гэсэн шиг арга нь барагдахдаа алгадах дөхөн ухалзаж хөггүй орилоо дуугаар
-Тэнгэр тултал худлаа үнэн магтлаа ч Сталин Чойбалсангийн ул цустай хашаанд хашигдсан хонь шүү дээ та нар. Хашаагаа ч давчих сүйхээгүй муусайн амьсгаанууд ! гэж хэлэх муу үгээ олж ядан хашгирлаа. Хэрдээ гоёсон ч өөдтэй өнгөтэй юм өмссөн харагдахгүй байгаа Суут хааш яйш зангаар ч шинэхэн өнгө татуулсан үзүүрсгэн дээлээ муухай болчихно гэж үс наалдсаныг нь харуутаа чимхэн авч, хормойгоо гүвэн бүснийхээ хуниасыг суугаагаараа хойш нь арагшлуулж дэгжирхэж сууснаа ах дүү хоёрыг эвтэйхэн зохицуулчих санаатай дундуур нь орон
- Та хоёл болиоч! Бидэнд хаа хамаагүй юмнаас болж чи би дээ тулаад байхдаа яадаг юм. Худлаа болсон комнийзм, хулхи хоосон ардчилал хоёлоос болж энд та хоёл заамдалцахдаа тулах ямал хэлэгтэй юм? гэж толгой сэгсрэн царайчлатал Онгорой түүн рүү дээрэлхүү харцаар хяламхийн
- Чамд ямар ч падгүй хэрэгт битгий хошуу дүрж тальтаганаад бай, бөв бөөрөнхэй амьтан минь! гэж хашгираад мөрнөөс нь базан түлхчихлээ. Онгорой хэн бугайд ч, юу ч гэж донгосч ам гарч чадах үг хэл хурцыг зүйрлэчих хүн энэ хавьд л огүй. Яахаас ч буцахгүйдээ тулах аархуу зангүй тулдаа энүүхэн Хонгор толгой, Тарлан Бух хайрханаар нутагтай асан Цахиур Төмөрийн ясыг өндөлзүүлж, сүнсийг цочоолгүй найм төгсөөд сургуулиас гарснаасаа хойш Сэнгэнүүр Онгоройгоороо дуудулж яваа хээ шаагүй хуугиа нэгэн. Хар бор ажилд бол хүний өөрийн гэхгүй хайнагийн шар шиг зүтгэхийг нь яана. Тийм байлаа ч найр наадам дээр төрсөн ганц ахтайгаа элдвээр дуудалцан нударга зөрүүлэхдээ тулна гэдэг хэнд ч ямар олигтой санагдах вэ. Онгорой явган сандал дээрээсээ өндийн хойшоо хий сууж уначихаад босох гэж хий сарвалзахийг харсан Оюуны жидүү хүрч ер эмээж хулчийсан шинжгүй гэзгээ ар руугаа шидэн шилбэлзээд
- Тэмээ хүрэхгүй өвсөнд ямаа дурлах гэгчээр бас төрөөр оролдох санаатай. Харийнхантай үгсэн хуйвалдаж энэ гүрний буян заяаны уутны амыг уруу нь харуулан сэгсэрчихээд " та нар баяжсан" гээд ухаантай эрдэмтэй царайлан мэлзэх нь дутаж гэнэ. Америк энэ тэр гэж босоо тэмээн дээгүүр алхах шахан сэнтэглэсэн шал хоосон туг ширээ амьтад. Улс төр гэх дээгүүр толгойноос цаашгүй шуналын уутнууд гэдгийг чинь хүн амьтан мэдэхгүй биш...! гэж нөхрөө өмөөрөн хямсганав. Онгоройн царай хувьсхийн гал дээр тос цацчих шиг болон босон харайж
- Улаан коммунизмын унхиагүй шавхруунуудаа сонсож бай! Би чононоос бусадтай нөхөрлөж, чулуунаас бусдыг зажлаж, хорондоо энэ нутагт ардчиллын ялалтыг мандуулах нэг өдөр ирнэ ээ гайгүй.

Эр хүн шиг эрвэлзэж эмээлт морь шиг дэрвэлзэнэ дээ Онгорой. Нас чинь хүрдэг юм бол хараарай та нар. Эргүү төлөг шиг дороо эргэцсэн муусайн амьсгаануудын нусыг нь сугартал алгадаж, эвхэртэл нь элгэдчихэлтэй билээ! Толгой нь бив битүү, чих нь таг дүлий, нүд нь хараагаараа харалган... ийм доожоогүй лойчихсон мулгуу амьсгаануудаас болж манай ардчилсан хүчин ялагдаа л биз! Миний үйлийг үзэж, хорыг маажиж та нар яах гээд байгаа юм! гэж гараа сарвалзуулж шүлсээ үсчүүлэн хэнд ч юм хий агсгамнан хөлийн нь дэргэд хажуугаараа унасан булаг нь холцорч булан нь мөлийсөн яйжгий ногоон сандлыг өшиглөж орхитол тэр нь түүнтэй түүнгүй салах гэж байсан углуурга ухлаадсаараа хоёр гурав хуваагдан Дүнсгэрийн наахна тогтлоо. Оюун өөрийг нь өшиглөчихсөн юм шиг үйтэн хуаран дээлэндээ багтахгүй чинэлдэн нөхрийнхөө өмнүүр хаоайж орсноо

- Чи хэний ачаар хэнхэлзэж, юуны хүчээр ёнхолзож байгаа салхин дэвүүр вэ? Төрсөн ахынхаа өөдөөс ганц үг газарт гээхгүй шөвөлзөөд ичээч чи. Ардчиллаас өмнө энэ хүн чамайг өсгөж өндийлгөж, өдий зэрэгт хүргэсэн худлаа гэж чи хэлээч! Ардчилал ахаас чинь үнэтэй юм бол бариад зодчих, би харж байя! ...гэж өрөөсөн ташаагаа тулчихсан хорон үг чулуудан даналзаж даарин дээр нь давс үрчихлээ. 
 
 
Түүхч, гүн ухаанч Бэсүдэй Н. Нагаанбуу агсны "Алтайн тэнгэр" романаас

269 сэтгэгдэл