|

Даян аваргатай даншиг наадам


Даян аваргатай даншиг наадам

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулдаг "Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын  наадам хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн, дуу хуур, ярих сонин ихтэй болов.  Наадмын түүхээс сийрүүлбэл XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бат оршил өргөх даншиг наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Даншиг гэдэг нь Төвд үг бөгөөд "Бат- Оршил” гэсэн утгыг агуулдаг.

Даншиг наадмыг анх эв найрамдлын бэлгэ тэмдэг хэмээн ардуудад өглөг өгч, тахил өргөдөг байж. Лам нар довцог дээр дөрвөн босоо дүрст арслангаар түшүүлсэн ширээнд "Өндөр гэгээн”-ийг залж хурал хурдаг байсан. Хурлын утга нь энэ махбод биеэ огооролгүй өглөгийн эздээ бүү өнчрүүлэх болтугай” хэмээн ерөөсөн утга учиртай залбирал байв. Гэгээнтэнд зориулж мөнгөн таваг дээр цагаан мөнгө, торгон эд, эрдэнийн чулуу тэргүүтнээр тахил өргөдөг байсан аж. Наадам 10 хоног үргэлжлэх бөгөөд хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай харвах, зэрэг сонирхолтой тоглоомыг тоглодог уламжлал байсан тухай түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээжээ.

 

ЛАМ НАРЫН НОМ ХАЯЛЦАХ, "АЛДАР ХАРВУУЛАХ” ТЭМЦЭЭНИЙГ ҮЗЭГЧИД САЙШААДАГ БАЙЖЭЭ

Үүнээс гадна шашин номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг  нь наадмын гол утга учир, цэнгэл болж хуран цугласан наадамчдыг хөгжөөдөг  байсан юм. Наадмын үеэр "Алдар харвуулах” гэх содон тэмцээн зохиодог байжээ.  Энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавиулдаг уламжлалтай. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Хүрээ цам” шашин соёлын даншиг наадмыг 2015 оноос хойш хоёр жил дараалан "Хүй долоон худаг” -т  зохион байгуулсан юм. Харин энэ жил Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Монголчуудын ёс заншил, шашин шүтлэгийн онцлогийг жуулчдад сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадмын талбайгаар зочлоход харьцангуй үзэгч багатай байв. Хаа нэг үүргэвч үүрч, гэрэл зургийн аппарат мөрөвчилсөн жуулчид болон хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд үзэгдэнэ. Цэнгэлдэхийг тойроод халуун хуушуур, хүйтэн ундаа, зайрмагны худалдаа хийх цэгүүдийг байгуулжээ. Харин хүмүүс хэрэглэсэн цаас болон хуванцар саваа зориулалтын хогийн саванд бус хаа сайгүй эсвэл буланд овоолж орхисон нь ажиглагдсан. Наадам Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурж,  цам харайх зан үйлээр эхэлсэн юм. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд жуулчдад зориулсан аялал жуулчлалын үзэсгэлэнг дэлгэснээс гадна "Монголын гайхамшигт урлаг” есөн дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт боллоо. Энэ үеэр "Итгэл”, "Ганданлхавжаа”, "Ногоон дарь эх”, "Цагаан дарь эх” зэрэг ном  айлдаж, сүсэгтэн олныг адислалаа. Үүнээс гадна Өндөр Гэгээний "Цагийг тохинуулагч залбирал”-ыг бүх нийтээр уншсан нь цугласан хүмүүс болон жуулчдын сонирхлыг ихээхэн татаж байв. Наадмын хүчит бөхийн барилдаан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн сонирхолтой болж өнгөрсөн юм.

ДАНШИГИЙН ДАЯН АВАРГА ТӨРӨВ

Наадамд хүчит 256 бөх барилдсанаас, Архангай аймгийн Булган сумын харъяат, Улсын арслан Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат Улсын заан Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цолны эзэн болсон юм. Рэнцэнбямбын Пүрэвдагва Архангай аймгийн Булган суманд төрсөн. Одоогоор "Алдар” спорт хороо, Зэвсэгт хүнний 150 дугаар анги, "Херо холдинг” ХХК, "Их засаг” их сургууль, "Бөх билэгт ” дэвжээнд харъяалагддаг аж. Тэрээр улсын өсөх идэр начин цолноос улсын арслан цолонд хүрсэн юм. Үндсэн мэх нь дунгуйлдаж татах. Р.Пүрэвдагва долоо хоногийн зургаан өдрийг бэлтгэлдээ зориулдаг. Зөвхөн хүчний бэлтгэлээс гадна сэтгэлзүйн техникийн бэлтгэлийг байнга базаадаг юм байна. Эцэг, эхийн талаас бөхийн удамтай бөгөөд гарьд Д.Рагчаа, Харцага М.Батжаргал, аймгийн арслан М.Бат-Отгон зэрэг бөхчүүд аавынх нь талынх аж. Харин ээжийнх нь талаас Архангай аймгийн Өгийнуур сумын аймгийн арслан Н.Шатар гэж хүн бий.  Р.Пүрэвдагва анх 2008 онд аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон.  Харин 2012 оны Улсын наадамд гурав дахь жилдээ зодоглож улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж улсын начин цол хүртэж байсан түүхтэй.

 

Н.ТҮВШИНБАЯР ДАНШИГИЙН ЗААН БОЛЛОО

Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдааны сонирхолтой нэг агшин нь Олимпийн аварга, Улсын заан Н.Түвшинбаяр Даншигийн заан цолны болзол хангасан торгон мөч байлаа. Улсын их баяр наадмаар Улсын заан цолтон болж, наадамчин олныг баясгаад байсан тэрээр ийнхүү Даншигийн заан хэмээх  давхар цолны эзэн боллоо. Босоо заяатай Монголын эрэмгий хүүг энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын багт ажилласан, бэлтгэл тааруу, төдийлөн амжилт гаргахгүй гэж таамаглаж байсан хүн цөөнгүй бий. Гэвч аварга маань ясны бөх  гэдгээ баталж ийнхүү  зүлэг ногоон дэвжээнээ эр бяраа гайхуулан, уран мэхийг уралдуулан, наадамчин олныг баясгав.

 

ДАРАА ЖИЛ ДААГАА НЭХЭХ Б.СОРОНЗОНБОЛД

Наадамд үзүүрлэсэн Говь-Алтай аймгийн харъяат Улсын заан Б.Соронзонболд энэ жил бэлтгэл сургуулилтаа сайн хангажээ. Их шөвөгт Даншгийн аварга Р.Пүрэвдагва Даншгийн начин Б.Пүрэвсайхантай, даншгийн заан Б.Гончигдамба улсын заан Б.Соронзонболдтой оноолт таарсан билээ. Улмаар Улсын заан Б.Соронзонболд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулснаар Даншигийн заан цолны болзол хангав.  Б.Соронзонболд Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадмаар цэргийн арслан А.Бямбажаваар тав, улсын арслан Х.Мөнхбаатараар зургаа, далай аварга Г.Өсөхбаяраар долоо даван "Монгол улсын заан” цолыг хүртсэн. 88 жилийн ойн баяр наадамд улсын харцага Д.Баасандоржоор тав давж шөвгөрөн "Өсөх идэр” чимэг нэмсэн ч сэргээшийн шинжилгээнд унаж амжилт нь  хүчингүйд тооцогдсон. Тэрээр жил бүр "Хантайшир” бөхийн дэвжээнд бэлтгэлээ хангадаг. Дэвжээ болон нутгийн бөхчүүд нь түүнийг хүнлэг зантай гүндүүгүй эр хүн гэж нэгэнтээ тодотгожээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2 сэтгэгдэл