|

Ардчилсан намын жагсаал асуудал дэвшүүлж чадах уу?!

 
 Ардчилсан намын жагсаал асуудал дэвшүүлж чадах уу?!
Ардчилсан нам парламент дахь сөрөг хүчин. Эрх баригчдын бодлогын алдааг хэлэх, хянах, илчлэх, цаашлаад засаж залруулах үүрэгтэй. Сонгогчдын тодорхой хувиас мандат авч, парламентад сонгогдсоны хувьд тэдний өмнө энэхүү хяналтын үүргийг давхар хүлээсэн юм.
Тэр ч утгаараа тэд жагсаал цуглаан зохион байгуулах, олон нийтийн санаа бодлыг төлөөлөх эрхтэй. Тэгэхдээ тэд ард түмнээс ялгаатай нь бодлогын шийдэлд оролцогч субъект учраас дэвшүүлж буй асуудал нь дугаар хорооны иргэний сэтгэгдлээс ялгаатай байх учиртай.
Эрх баригчдын бодлогод шинжилгээ хийсэн, асуудал дэвшүүлсэн, шийдлийг нь санал болгосон тийм акцыг зохион байгуулаасай гэсэн хүлээлт нийгмийн тодорхой хүрээнд хэдийнээ үүсээд байгаа. Чухам энэ хүлээлтэд тохирсон хариуг Ардчилсан намынхан өгч чадах уу? Ер нь өнөөдөр зохион байгуулах гэж байгаа жагсаалын гол зорилго буюу дэвшүүлж буй асуудал, агуулга нь яг юу юм бэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд өчигдөр мэдээлэл хийхдээ өнөөгийн эрх баригчид, У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлыг дүгнэж үзээд үнэндээ л сэтгэл гонсойж байгаагаа тус тус илэрхийлцгээжээ. Тэдний эсэргүүцлийн арга хэмжээний агуулга нь энэ гэсэн үг.

АН-ын дарга С.Эрдэнэ ярихдаа "У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн хэмээн онцолж буй 30 ажилд нь дүгнэлт гаргасан. Гэтэл эдгээр онцлоод байгаа 30 ажлын 70 гаруй хувь нь өмнөх Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хийсэн ажил байна. Ажил хийсэн дүр үзүүлэх гэж хийсэн, хийгээгүй бүх л зүйлийг хамаад оруулчихсан байна” гэсэн бол бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эрх баригчид нь эдийн засаг өсчихсөн гэчхээд иргэдэд үр дүн нь хүрэхгүй байгаад л бухимдаж байгаа. Эдийн засгийн өсөлтийн мөнгө, гадаадаас зээлж байгаа өр, зээлийн мөнгө хаашаа ороод байгааг ард түмэн асууж байна. Үүний хариултыг бид маргаашийн жагсаал цуглаанаар нэхнэ. 
Маргааш бид тодорхой хэдхэн зүйлийг л нэхнэ. 60 тэрбумынханд хариуцлага хүлээлгэх, буруу гаргасан татваруудынхаа нэмэгдлийг цуцлах, шатахууны үнийн өсөлтөөс болж өссөн үнийн өсөлтөд хэн хариуцлага хүлээх, эхний Засгийн газрын амлалт болон дараагийн Засгийн газрын шинэ амлалтуудыг нэхнэ" гэж мэдэгдлээ.

Ерөнхийдөө бол МАН-ын Засгийн газар болон эрх баригчид өрийг өрөөр дарж байгааг, сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгааг Ардчилсан нам буруутгаж байна. Мөн мөнхийн сэдэв гэж хэлж болох эдийн засгийн өсөлт иргэдэд хүрч очихгүй байгааг тэд шүүмжилж байна. Нарийн яривал ... дугаар хорооны иргэн Дорж гуай ч энэ зэргийн юмыг эрх баригчдаас асуучхаж чадна. Улс төрийн хүчин, тэр дундаа олонх ч бай, цөөнх ч бай парламентад суудалтай бодлогын нам юм бол иргэн Доржоос илүү оновчтойгоор асуудлаа томьёолох ёстой. Ийм шалгуураар харах юм бол "эсэргүүцэж байна, иргэдтэй хамт жагсана” гэснээс өөр юуг тэд санал болгож байна вэ?
Уг нь яагаад өрийг өрөөр дарж байгаагийн учрыг АН экс эрх баригчийн хувьд тун сайн мэднэ. Сонгуулийн амлалт гээч юу болох, тэдгээрийг хэрэгжүүлээд эхэлбэл цаад утгаараа улс орон яаж сүйрэх, эдийн засгийн өсөлт хаашаа яаж шимэгдчихээд байгааг ч тэд гадарлана. Энэ зовлонг тэд эрх баригч хүчин байсны хувьд хэнээс ч дутуугүй сайн мэднэ.
Харин яриад байгаа зүйлсийнхээ учир шалтгааныг нь ухсан судалгаа шинжилгээ, үүндээ үндэслэсэн шийдлийг дэвшүүлж чадаж байна уу, олон нийтийг огшуулмаар оновчтой, ойлгомжтой томьёолол гаргаж ирсэн үү гэдгээрээ л Ардчилсан нам ... дугаар хорооны Дорж гуайгаас ялгагдах ёстой байх.

Яг одоогийн байдлаар буруутгаж байгаа баримтуудыг нь цуглуулаад харах юм бол тэдгээрийг бий болгосон нэг "автор” нь Ардчилсан нам өөрөө мөн юм.
Эдийн засгийн шинжээчдийн судалгаанаас энд иш татъя. 2006-2008 оны тэлэлтийн үед экспорт жил болгон 34 хувиар өсөж, Оюутолгойн төсөл, нүүрсний экспорт байхгүй үед ч уул уурхай 34 хувийн өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулалт жилдээ 400-450 сая ам.доллар, Монголбанкинд тушаах алтны хэмээ жилдээ 10 мянган тонн байжээ. Энэ үед гадаад зээл тун бага авчээ. Үүний дараа 2009 онд хямрал болж, экспорт, гадаадын хөрөнгө оруулалт буурсан ч эргээд 2010-2012 оны уул уурхайн хоёр дахь шатны тэлэлт эхэлж, Оюутолгой, нүүрсний экспорт эдийн засгийн том бүрэлдэхүүн болсон.
Улмаар экспорт жилд 37-40 хувь өсөж, гадаадын хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.доллар болсон. Нэг үгээр бол манай ДНБ-тэй тэнцэх хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Эдгээр хүчин зүйлийн улмаас 2009 онд дөрвөн тэрбум ам.доллар байсан эдийн засаг 2012 он гэхэд бараг гурав дахин томорсон. Ийм том хэмжээний эдийн засгийг бага валютын орлогоор хэрхэн удирдах вэ гэдэг том сорилт, бэрхшээл Ардчилсан намын эрх барьж байх үед тулгарсан байна.

Улмаар гадаад зээлийн эх үүсвэрээ нэмсэн. Хөгжлийн банкны 580 сая, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар болон бусад эх үүсвэрүүд багтаад нийт зээлийн хэмжээ 3.2 тэрбум ам.долларт хүрсэн. Эдгээр нь нийт гадаад зээлийн 80 хувь нь болж байна. Өнөөдөр бухимдаад байгаа өр ийм байдлаар нэмэгдсэнийг Ардчилсан намын бодлогыг барьж байсан нөхөд мэднэ. Тийм л учраас өнөөдөр Ардчилсан намынхан өр яриад, өрийг өрөөр дарлаа гэж гайхах нь нийгмийн олонход таалагдах ч учир шалтгааныг ойлгохуйц тодорхой хэсэгт бол нэг л үнэмшилгүй сонсогдож байгаа хэрэг.
Мөн өнөөгийн сөрөг хүчин эрх барьж байсан тэр жилүүдэд хэдийгээр өр, зээл боловч орлогын санхүүжилт, эх үүсвэр хүртээмжтэй, хангалттай байсан боловч бас л эдийн засагт ажлын байр, бүтээмж, хөрөнгө оруулалт, хуримтлал болж тогтоогүйг эдийн засгийн шинжээч, судлаачид хэлдэг. Тэгвэл өнөөдөр ч бас эдийн засгийн өсөлт иргэдэд хүрч очихгүй байгаагийн шалтгаан нь юу юм бэ? Сөрөг хүчнийхний гогдож аваад байгаа шүүмжлэл тэгэхээр нэгэн цагт өөрсдөд нь ч бас хаяглагдаж байжээ.

Хариу нь олддоггүй бодлого шиг мөнхийн асуултууд үргэлжлээд л байдаг. Иргэд уг нь үүний хариултыг л эрх баригчдаасаа, бодлого тодорхойлогчдоосоо хүссээр ирсэн.Хэн нь ч төрд байгаад хэрэг алга Аль ч нам нь нэг, нэгнээсээ ялгагдах юмгүй болчихсон атлаа сонгуулиар зүгээр л байраа сольж суугаад ээлж өнгөрөөдөг болсныг л иргэд харж байна. Эрх баригчдад нь ч, сөрөг хүчинд нь ч итгэх эцсийн найдвар бараг л тасарч байна. Ийм үед юутай ч сөрөг хүчин жагсаал зохион байгуулах гэнэ.
Агуулга муутай, үр дүн өгөхгүй ийм улс төрийн акцыг иргэд дэмжих болов уу. Үгүй яах вэ, бухимдсан хүмүүс тэнд цуглаг, болохгүй бүтэхгүйгээ яриг, бүр орилж бархираг. Иргэдэд ийм зүйл хэрэгтэй. Харин тэднээс Ардчилсан нам ялгарах ёстой юм шүү. Асуудал дэвшүүлж, гаргалгаа ярих ёстой улстөрийн хариуцлагатай хүчин гэдгээ тэгээд хэрхэн яаж мэдрүүлэх гэж байна даа?!
 
З.Боргилмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"

0 сэтгэгдэл