|

Д.БЯМБАСҮРЭН: ГАДНЫ ЗАХИАЛГАТ БҮЛЭГЛЭЛ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЭРХГҮЙ

Д.БЯМБАСҮРЭН: ГАДНЫ ЗАХИАЛГАТ БҮЛЭГЛЭЛ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЭРХГҮЙ

 

Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг "Ярилцах цаг”-ийн зочноор урьж, Үндсэн хуулийн эргэн тойрон дахь асуудлаар ярилцлаа.

 

–Монгол Улс улс төр, эдийн засаг, тогтолцооны гүн хямралд орсон. Гарцаа Үндсэн хууль гэж томъёолдог. Үүнийг тойрсон олон сонирхлын зөрчил, дээр нь эх  хууль маань ч зөрчилтэй байгаад та ямар дүгнэлт хийж байна?
-Бид 1990 оны шинэ Үндсэн хуулиар 27 жил амьдарлаа. Социалист тогтолцооноос нийгмийн өөр байгуулалд шилжих үед нэг амьсгаагаар бүх зүйлийг зөв харж, шийдэх боломж байгаагүй байх. Үүний улмаас өнөөдөр бид Үндсэн хуулийн асуудал ярьж байна. Ярих цаг нь мөн үү гэвэл мөнөөр барахгүй бараг хэтэрчихлээ. Монгол орон бүхий л хүрээндээ хямарсан. Ялангуяа, төрийн  тогтолцоо, төрийн үйл ажиллагаа гүнзгий хямарч эгзэгтэй цэгтээ тулсан. Төр ямар байхаас нийгмийн амьдрал шууд хамаардаг. Одоогийн төр нийгмээ авч явах чадвар байна уу гэвэл энэ нь төрд алба хашиж буй хүмүүсийн тухай асуудал биш, төрийн тогтолцоотой холбоотой.

Өнөөдөр  76  хүнтэй УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж зарласан Үндсэн хуулийн заалт  өөрөө мухардалд орж,  хамаг хүндрэл бэрхшээлийн эх үүсвэр болсон. Уг нь Үндсэн хуулийн зарчим төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт гэж заасан ч  өөр нэг заалтдаа 76 хүнтэй УИХ төрийн дээд байгууллага гээд  томъёолчихсон. Гэтэл  76 хүн нь намуудаар дамжаад мафёз болон  масон  бүлэглэлийн төлөөлөл болж хувирсан. Иймээс нийгмээ олон түмний хүсэлд нийцүүлж, хөгжлийн болоод үндэснийхээ эрх ашигтай хамтатган  авч явах чадваргүй болчихож байгаа юм. Иймд 76 хүнтэй УИХ-ыг төрийн дээд байгууллага мөн гэж заасан  Үндсэн хууль маань амьдрах чадваргүй болчихсон. Нийгмийн амьдрал олон талын зөрчилд ороод ирэхээр төрийн нэр хүнд олон түмний дунд навс унасан. Эрх баригч  намын өндөр албан тушаал хашиж байсан гишүүн, дөнгөж томилогдсон Ерөнхий сайдыгаа "Хулгайч” гэж  цоллолоо. Тагнуулын газрын дарга байсан хүн Хууль зүйн сайдаа "Авлигач” гэлээ. Сангийн сайдаа ч авлигачаар дуудлаа. Хууль зүйн сайд нь  Тагнуулын дарга байсан хүнээ "Мафийн толгойлогч” гэж зарлалаа. Бид ямар төртэй байна вэ. Эрх барьж байгаа улс төрийн хүчнийг төлөөлж байгаа хүмүүс  төрд орж ирээд өөрсдөдөө ийм дүгнэлт өгсөн. Монгол төр байх ёстой  түвшингийнхээ ёроолд нь очжээ. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байна. Гэхдээ одоо Үндсэн хуулийн өөрчлөлт гэж нэрлэн  "боловсруулж хэлэлцүүлсээн”  гээд УИХ-д оруулж байгаа төсөл  нь  олон  түмний хүсч хүлээсэн өөрчлөлт  биш. Төрийн ялзрал доройтол хамгийн өрнүүн үедээ орсон 2015 онд боловсруулж,  олон талаас шүүмжлэн зарим хурц ирмэгийг мөлийлгөн, дээлийг нь сольсон төдий. Монголын эрх ашгийн үүднээс дүн шинжилгээ хийж боловсруулаагүй. Монголын төр гэдэг нэгдмэл ойлголтыг бүрдүүлдэг  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын нэгдсэн  зөвшилд  хүрээгүй. УИХ доторх  нэг намын тодорхой бүлэг, магадгүй гаднаас захиал­га авсан хэдэн хүний зүтгүүлж байгаа төслийг  Үндсэн хуулийн өөрч­лөлт гэж яриад байна. 

-Монгол Улс 2000 оноос хойш Үндсэн хуулийн бус Засгийн газартай явж ирлээ.

-МАН-ын УИХ дахь бүлэгт хуучин намынхаа дүрийг сэтгэлдээ тээж яваа нөхдүүд бий, тэд юу ч хийж мэднэ.

-Монголын улс  төр дэх  мафёз  бүлгээс  масон бүлэглэлд  шилжсэн хүмүүс Үндсэн хуулийн өөрчлөлтийг зүтгүүлж байна.–Хоёр танхимтай парламентын тогтолцоотой болчихвол олигархиуд, мафёз, масон бүлгүүд орж ирж чадахгүй.

 

–Үндсэн хуулийг өөрчилснөөр  төрийн бодлогыг тодорхой болгож, тогтворжуулна гэцгээх юм. Төрийг хэн тогтворгүй  болгож  байна вэ гэвэл 76 гишүүн өөрсдөө. Гэтэл өөрсдийн эрх мэдлийг биш, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлачихвал болчих юм шиг  яриад байна?
-Ямар ч үзэл бодол, үйл ажиллагаа логик зөрчилд орсон нөхцөлд өөрөө өөрийгөө үгүйсгэж мөхөлд хүрдэг. Одоогийн Үндсэн хуулийн төслийн зөрчил үүний тод илрэл. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг  хязгаарласнаар төрийн  үйл ажиллагаа тогтвортой  болохгүй. Ер нь монгол төрд ийм логик зөрчил илрээд удлаа. Тэр нь эдийн засагт ч  байна. Жишээ нь, оффшор бүсэд мөнгө гараад байна, нийгмийн баялаг тийшээ урсчихлаа, татаж авчиръя гэдэг. Их хурал оффшорын эсрэг хууль баталлаа гэлцдэг. Гэтэл саяхан Европын холбоо Монгол Улсыг  оффшор бүс гээд зарлачихлаа. Өөрөө оффшор бүс байж асуудал  шийднэ гэж юү байх вэ. УИХ саяхан төсөв  хэлэлцсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтэрч болохгүйг зарим гишүүн сануулахад Сангийн сайд нь "Тийм л дээ, гэхдээ би алдагдалтай төсөв батлуулмаар л байна” гэж урдаас нь хараад суучихсан. Гишүүд нэг гартаа Төсвийн тухай хууль барьчихаад нөгөө гараараа түүнээсээ давсан алдагдалтай төсөв баталлаа. Энэ нь хулгайч "Би хулгай хийж болохгүй л дээ, гэхдээ хулгай хиймээр л байна” гэвэл "хий” гээд явуулсантай адил ойлголт. Ийм зөрчил өнөөдөр Үндсэн хуулийн төсөлд илэрсэн. Үндсэн хуульдаа "Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт” гэж бичсэн атлаа төрийн бүх эрх мэдэл 76 хүний гарт байна гэж хуульчлаад, ард түмэн, бүх нийтээрээ санал өгч сонгосон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хассанаар төрийн тогтвортой байдал сайжирна гэж ярьж байгаа нь зөрчилтэй.

 

–Тэгвэл манай улсад  засаглалын ямар хэлбэр тохиромжтой вэ?
-Засаглалын тухай ойлголт манайд хийсвэр төвшинд яригдаж ирсэн. Дэлхийн улс орнууд янз бүрийн хослол, найрлага хэрэглэдэг. Жишээ нь,  Франц улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай гэдэггүй биз дээ. Парламент нь хоёр танхимтай, Засгийн газар, Ерөнхий сайдтай орон. Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэдэг хоёр эрэг, хоёр туйл. Энэ хоёрын хооронд олон янзын хувилбар байж болно. Монголын нөхцөлд хамгийн боломжтой, ашигтай хувилбар нь 1990 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мөрдөж байсан хоёр танхимтай тогтолцоо юм. Төрийн дээд байгууллага нь бүх ард түмнийхээ төлөөллийг оруулсан Ардын  Их Хурал /АИХ/ байсан. АИХ нь Ерөнхий сайдаа томилж, Ерөнхийлөгчөө сонгож, хууль тогтоох Улсын Бага Хурлаа байгуулж байсан. Улсын Бага Хурал нь АИХ-д тайлангаа тавьж, дүгнүүлдэг байлаа. Одоогийн төрийн тогтолцооны хамгийн эмзэг асуудал нь УИХ тайлангаа хэнд ч тавьдаггүй. Зөвхөн сонгуулиар ард түмнээр дүгнүүлнэ. Хэчнээн сонгууль болоход мөнгө тарааж худал яриад явчихдаг байдал даамжирсан. УИХ-ын гишүүн ямар ч хариуцлага хүлээдэггүй, бүгд төмөр дархлаатай болчихсон. Энэ нь төрийг  эвгүй байдалд оруулж, мафи, масон  бүлгүүд шургалах сонирхлыг төрүүлээд байна. Тийшээ орчихвол ямар ч хэрэг хийж, Монголыг худалдсан ч, газар шороог нь  зарсан ч хамаагүй. Хариуцлага хүлээхгүй гэсэн  байдалтай болсон учраас төр доройтолд орсон. Төрийг ард түмний гарт өгөх засаглалын хэлбэрийг сонгоход манайхан Америкийн хоёр танхимтай парламентын  тогтолцоо бол Монголын түүхэн төрт ёсны амьд уламжлал, амьд жишээ юм. Түүхийн хамгийн эгзэгтэй үед, дэлхийн тавцанд ямар их ганцаардмал, дотооддоо зөрчилтэй үед хоёр танхимтай Ардын Их Хурал, Улсын Бага Хуралтай парламентын тогтолцоо Монголыг аварсан.

 

–Ардын Их Хурлыг сэргээчихвэл төлөөллийн ардчиллын зарчим алдагдана гэж гишүүд хэлдэг.  Улс төрийн намууд  хууль тогтоох УИХ-д порпорциональ, мажоритар тогтолцооны алийг сонгох вэ гэж маргадаг. 100 хувь порпорционалиар явъя гэх нь ч бий. Аль нь зөв бэ?
-АИХ дээр очоод намууд олон түмнээс хүлээсэн итгэлийнхээ хувь хэмжээгээр, мэргэжлийн дадлага, туршлагатай, итгэл даах хүмүүсээ Улсын Бага Хуралд оруулна гэдэг нь өөрөө  порпорциональ систем үйлчилж байгаа хэрэг шүү дээ.  Монгол төрийн амьд өв сангийн үнэт зүйлээ  бид авч явах ёстой. Үүний эсрэг саяын Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл боловсруулсан хүмүүс тэмцлээ. Яагаад гэвэл АИХ-тай  болж, тэр нь  хууль тогтоох хурлаа хийдэг болбол нөгөө олигархиуд,  мафи, масон   бүлгүүдийн төрд орох зам хаагдах учраас тэр. Уг нь  ийм замаар явбал төр тогтвортой байж монголчууд зөв явж чадна.

 

–Зарим нь Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлбэл   асуудал  шийдэгдэж, хариуцлагатай болно  гэлцдэг. Та  Монгол Улсын түүхэн дэх Ардын Их Хурлаар батлагдсан анхны бөгөөд сүүлчийн Ерөнхий сайд. Таниас хойш АИХ Ерөнхий сайд батлаагүй, 76 хүн л   Ерөнхий сайдаар тоглож ирлээ. Хамгийн сүүлд л гэхэд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын хэн  нь ч танхимаа өөрөө бүрдүүлж чадсангүй. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
-Ардын Их Хурлаар батлагдсан Ерөнхий сайд  дархлаатай байдаг юм. Ард  түмнээсээ  баталгаа авсан  гэсэн үг. Энэ нь Засгийн газар тогтвортой ажиллах үндэс болно. Засгийн газрыг огцруулах асуудлыг сайдын суудал мөрөөдсөн Их хурлын гишүүд шийдэж болохгүй. Монголын сүүлийн 20-оод жилийн түүхийг харахад, Их хурлын гишүүд дөрвөн жилийн хугацаанд хүн бүр сайд, байнгын хорооны дарга хийгээд явчих сонирхолтой.Тэгээд намтартаа би Монгол төрийн сайд байсан, байнгын хороо даргалсан гэж бичдэг. Ийм сонирхолд хөтлөгдөж болохгүй. Тэрийг дагаад нөгөө идэж  уух, төрийг завхруулах бүх юм эхэлдэг. Хэрэв Засгийн газрыг огцруулах юм уу, өөрчлөх асуудлыг АИХ шийддэг болбол мафёз бүлэглэл, олигархиуд тэнд орох  зам хаагдана. Үүнээс л Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл боловсруулагчид айж байгаа юм. Одоогийн Их хурлын цөмийг бүрдүүлж байгаа  нам, гишүүдийн олонх  ч ингэж болгоомжилж байна. Энэ дотор явцуу бүлэглэлийн төлөөлөл олон бий. Дор хаяж 30-40 хувь нь байгаа.

 

–Эрх баригч намынхан  эх хуульд гар хүрэх  хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ард түмний зөвлөлдөх санал асуулгаар шийдсэн тул галт  тэрэг хөдөллөө гэцгээж байна?
-Тэнд бүх ард түмний зөвлөлдөх санал асуулга огт болоогүй. Анхны зөвлөлдөх уулзалт гэдэгт статистикийн түүвэр судалгааны аргаар авчирлаа гээд ямар ч мэдээлэлгүй хүмүүсийг цуглуулж нэг минут асуулт явуулж, хоёр минут хариулт өгсөн болоод тэрийгээ зөвлөлдөх уулзалт хийлээ гэж зарласан. Энэ нь улс орны хувь заяаг шийдэх арга биш, олон түмнийг мунхруулах, нүдийг халхлах хуурамч заль. Үндсэн хуулийг завхруулж, монгол төрийг сулруулан  болж өгвөл улс үндэстнийхээ хувь заяаг даах чадваргүй болгох зорилготой  бүлэглэлийн явуулсан муу арга. Нэг жишээ хэлье, Хан-Уул дүүрэгт 4750  хүнтэй хорооноос 26 хүнд нь урилга өгч цуглуулан хурал хийчихээд ард түмэнтэй зөвлөлдөв гэсэн. Ингэж болохгүй. Одоогийн эрх баригчид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, 1921 оны хувьсгал тэр үеийн МАХН буюу Ардын намын гавьяа байсан. 1990 оны ардчилсан хувьсгал АН-ын гавьяа, дээр нь Ардын намын нөлөө орсон. Хэрэв  одоо Үндсэн хуулийг ийм байдлаар олон түмнээ мэхэлж, төрөө доройтуулж өөрчлөлт оруулбал Ардын намынхны түүхийн өмнө хүлээх ял болж хувирна. "Галт тэрэг хөдөлсөөн” гээд 1996 онд тэр үеийн МАХН-ын дарга Б.Даш-Ёндон Сонгуулийн хуу­лийг явуулчихаж байсан. Одоо тэгж болохгүй.

 

–Мафёз  болоод масон  бүлэглэл юугаараа ялгаатай юм бэ?
-Мафёз  бүлэглэл нь тодорхой бүлгийн ашиг сонирхлын төлөө төрд нөлөөлж, төрийн  бодлогоор дамжуулж өөрөө ашиг хонжоо олох зорилготой. Масон  бүлэглэл нь явцуу бүлгийн ашиг сонирхлоос давсан,  улс төрийн хүрээтэй нэгдэн төрийг гартаа оруулж авах, төрийн толгойг барих сонирхолтой байдаг. Ийм бүлэглэл Монголын төрд бий болж Үндсэн хуулийн өөрчлөлтийг зүтгүүлж байна.

 

–Бид цаашид яах вэ?
-Ард түмэн Үндсэн  хуулиа  өөрчилье гэж хүсч байгаа бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар зөвшилд хүрсэн төсөл боловсруулах хэрэгтэй. Ингэхдээ ард түмнийхээ санаа бодол, эрдэмтдийн зөвлөгөө, саналыг авах ёстой. Төслөө боловсруулаад  ард түмнээрээ жинхэнэ ёсоор хэлэлцүүлэх хэрэгтэй. Нөгөө асуудал нь,  одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж батлах  гэж байгаа УИХ нь  хэн билээ. УИХ-д  85 хувийн  суудлыг эзэлж байгаа нэг нам. Энэ маш эргэлзээтэй.  Гэхдээ 85 хувийн суудал авсан энэ нам жил хүрэхгүй хугацаанд 60 тэрбумын асуудалд хутгалдаж баахан шуугиан тарьсан. Өөрсдөө үүнийгээ хүлээн зөвшөөрч, Ц.Сандуй гэдэг хүнийг 60 тэрбумын хэрэгтэн мөн гэж албан тушаалаас нь буулган хариуцлага тооцож байна гэж зарлалаа. Ганц хүн энэ намыг ийм болгож  ганцаараа 60 тэрбумыг авчихаагүй.  Энэ намынхан албан тушаал худалдаж, төрийн албыг зарж ирсэн нь нэлээд эртний. Магадгүй  дангаараа биш ч байж болно. Би 2004 онд "Улс төрийн намууд төрийн албыг худалддаг лангуу боллоо” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэлд өгч байсан. Түүнээс хойш 10  гаруй жил үргэлжилж ирлээ.  Тэгэхээр гол асуудал нь  60 тэрбумаар төрийн албыг худалдаж авсан улс төрийн хүчин Үндсэн хуулийн өөрчлөлт хийх эрхтэй юү. Миний бодоход тэдэнд ийм эрх байхгүй. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчээр хийвэл хэдийгээр УИХ-д 10 гаруйхан хувийн суудалтай ч гэлээ олон түмнийхээ дунд асар их хүчтэй байгаа тэр улс тө­рийн хүчнүүдийг өдөөж, тэднийг нийгмийн хага­ралд  хүргэж, сөргөл­дөөнд уриалсан хэрэг болно.

 

–Ерөнхий сайд нь намын даргын албаа давхар хашихаар болсон. Тэгэхээр эрх баригч намын байр, суурь өөрчлөгдөх болов уу? 
-Тэр хүн намын дарга аваад  удаагүй байна. Юу хийхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ хуучин тогтолцоогоор, хуучин намынхаа дүрийг сэтгэлдээ тээж яваа хүмүүс Их хуралд орсон  хүмүүс дотор нь олонх юм. Тэд  юү ч хийж мэднэ. Тиймээс үүнийг зогсоох хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулсан бол парламентын гаднах намуудынхаа саналыг авах ёстой. Тэд нийгэмд байгаа үзлийн төвүүд шүү дээ. Тэгж байж төслөө боловсруулна. Дээр нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ баталж болохгүй. 1999 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг 20 минутын дотор баталсан. 2000 оны сонгуулиар давхар дээл гэдэг асуудал гарч ирэнгүүт Ардын намынхан 1999 оны өөрчлөлтийг  барьж аваад  маш хүнд байдалд орсон. Цэц, Ерөнхийлөгчийн талаас эсэргүүцсэн ч тэр хэвээрээ 17 явлаа. Өнөөг хүртэл бид Үндсэн хуулийн бус Засгийн газартай явж ирлээ. Ийм байдалд орохгүйн тулд Үндсэн хуулийг бүх нийтийн санал асуулгаар батлах хэрэгтэй, өөр зам байхгүй.


Зууны мэдээ Ч.Үл-Олдох


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл