|

Буур өргөдөг аваргыг машин өргөхийг би үзсэн

1956 онд би Архангай аймгийн ХЗЭ-ийн хороонд ажиллаж байсан бөгөөд тэр жилийн 5-р сард цахир суманд ажлаар явж билээ. Бидний арваад хүн Хангай, Цахир сумаас аймаг орохоор ,,,, баазын шуудангийн жолооч Санжаажав гэдэг нэг өндөр жолоочийн Газ -51 машинд сууж Тариат сумын хуучин төвийн өмнөх Маст гэдэг газар байсан хэдэн айлын гадна очиж түр зогсож байх хооронд сууж явсан машины урд дугуйны хий гарсан байлаа. Жолооч дугуйгаа хийлэх гэтэл данхараадгүй учир тэдгээр айлуудын нэгнээс түлээ тайрч ивэг бэлтгэх бас адуу малын хашаанаас хөшүүрэг хийх шургааг олж бэлтгэх болж төдөлгүй дугуйн голд ивэх эвлэгийн ивэг хөшүүрэг мод бэлэн болгоод жолоочдоо хэлж билээ. Гэтэл бидний сууж явсан машины жолооч өндөр Санжаажавтай хамт ханхар цээжтэй, өндөр биерхэг боловч бөгтөрдүү нэг өвгөн ирээд хөшүүрэгдэхээр шургааг чинь туялзах боловуу? Би өргөе, та нар дэмжээд хөндийрөхөөр нь тайрсан түлээгээ ивээрэй гэдэг юм байна. Тэгэхэд би энэ зэргийн өвгөн ийм машин өргөх гэж хаа байхав. Яасан ч өөрөөсөө хэтэрсэн хамаагүй юм ярьдаг хөгшин бэ? Гэж бодож байлаа. Гэтэл нөгөөх өвгөн маань Газ-51 машины өмнө ирж сөхөрч суугаад миний хөл муу, суугаад өргөөд үзье гээд машиныг өргөхөд машины дугуй газраас нэлээд хөндийрөхөөр нь тэнд байсан хүмүүс дэмжиж өргөтөл төдөлгүй машины дугуй дээр гэгч өргөгдөж, тайрсан түлээгээ ивэж, бид дугуйгаа амархаан хийлж билээ. Тэгээд тэндээс явах замдаа саяны машин өргөдөг ханхар өвгөнийг хэн гэдэг хүн бэ? Гэхэд жолооч өндөр Санжаажав гуай маань яагаав өнөөх буур Жамъян аварга гэдэг хүн шүү дээ гээд тэр аварга бөхийн тухай бөөн яриа болж билээ. Тэгэхээр буур Жамъян аварга маань залуу зандан цагтаа буур өргөж байсан бол насан өндөр болсон үедээ /энэ үед 60 орчим настай байсан болов уу/ сөхөрч суугаад машин өргөж байхыг би үзсэн. Энэ тохиолдлыг нүдээр үзсэн арав гаруй хүмүүс агуу их бяртай энэ хүний хүч чадлыг одоо дурсан санаж байгаа биз ээ
                                                                                                                        Цэцэрлэг хотын иргэн өндөр настан                                                                                                                                                                           Тогтохын Ядамсүрэн

0 сэтгэгдэл