Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, цөөн хэдэн компани, хувь хүн хэдэн зуугаар нь эзэмшиж, түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх нэрийн дор худалдаж татвараас зайлсхийдэг буруу жишгийг Засгийн газар таслан зогсооно. Тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байхыг тусгасан хуулийн төслийг батлуулснаар ирэх онд улсын төсөвт 36 тэрбум төгрөг төвлөрүүлнө гэж тооцоолжээ.
Тусгай зөвшөөрөл болон газар ашиглах, эзэмших эрхийн үндсэн ашиг хүртэгч, эцсийн эзэмшигч, шууд болон шууд бус шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүртгэн, хууль бус, далд болон шууд бус хэлбэрээр тусгай зөвшөөрөл, эрх шилжүүлэхэд татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан. Татвараа тайлагнаагүй, холбогдох мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл, газрын эрхийг нь цуцлах учир тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой далд, хууль бус үйлдэл буурна гэж Засгийн газар үзэж байна.
Тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол иргэдээс их ирж байгаатай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тушаал гарган "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар зогсоогоод байна.
2017 оны эхний хагас жилийн байдлаар ашиглалтын 1596, хайгуулын 1880, нийт 3476 тусгай зөвшөөрөл бүртгэгджээ.
0 сэтгэгдэл