|

Хавхыг хилээр оруулахыг хориглох эсэх нь Гаалийн ерөнхий газраас шалтгаалахаар боллоо

Хавхыг хилээр оруулахыг хориглох эсэх нь Гаалийн ерөнхий газраас шалтгаалахаар боллоо

 

Амьтны тухай хуульд хавхаар ан хийхийг хориглосон байдаг. Гэвч монголчуудын ангийн хэрэгслийн нэг зэвсэг нь хавх хэвээр байсаар байна. Уг нь хууль, дүрэм, журмууд биенээ үгүйсгэдэггүй, баримтлах чиг нь нэг байж, мөрдөгддөг бол дээрх хуулийн хэрэгжилтийн хүрээнд хавхыг хэрэглээнээс хасах, хил, гаалиар оруулахыг хориглох байсан. Гэвч хөдөө орон нутгийнхны, ялангуяа чоно, үнэг, тарвага хууль бусаар агнадаг анчдын хамгийн хямд бөгөөд үр дүнтэй ангийн хэрэгсэл болсоор байгаа. Үүнийг өнгөрсөн гурван жилд баруун аймгуудад өрнүүлсэн "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аянаас харж болох юм. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санаачилгаар эхлүүлсэн тус аяны хүрээнд 1400 гаруй хавхыг иргэд сайн дураараа авчирч, эд зүйлсээр сольсон байдаг юм. Аяны ач холбогдол болоод үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүүгээс тодрууллаа.


 


-Баруун аймгуудад өнгөрсөн намар зохион байгуулсан хавхны эсрэг аяны зорилго, ач холбогдлын талаар хэлж өгөөч?

-Хүүхдийн санаачилга, оролцоотойгоор эхэлсэн хавх хураах аян энэ онд гурав дахь жилдээ үргэлжилж, 1434 хавхыг байгальд тавихаас сэргийлж чадлаа. Энэ нь нэг жилд хамгийн багадаа 14340 амьтны амийг аварч байна гэсэн үг. Анх 2015 онд Ховд аймгийн Эко клубийн сурагчдын дунд зохион байгуулагдаж, улмаар Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд хавханд орсон ирвэсний дүрс автомат камерт бичигдсэнээс үүдэн энэхүү аян бүс, улсын хэмжээний аян болон өргөжсөн. Буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь хууль хяналтынханд баригдахгүй байх нэг хэлбэр болдог. Ийм хавханд нэн ховор амьтад өртөж бэртэх, үхэж үрэгдэх тохиолдол их гарсаар байгааг таслан зогсоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ-наас 2015 онд хавхны аяныг дэмжин жил бүр уламжлан өрнүүлж байна.

-Энэ жилийн хувьд ямар үр дүн гарсан бэ?

-Аяны дүнг зөвхөн хурааж авсан хавхны тоогоор нь гаргадаггүй. Байгаль тавихаас сэргийлсэн хавхны тоо болон тухайн аймгийн байгаль орчны газраас явуулсан сургалт сурталчилгааны ажлын дүнг үндэслэдэг. Энэ жилийн аяны нэгдүгээр байрт332 хавх цуглуулсан Баян-Өлгий аймаг, хоёрдугаар байрт 229 хавх цуглуулсан Увс аймаг, гуравдугаар байрт 100 хавх цуглуулсан Ховд аймаг шалгарч, тус бүр гурван мотоциклиор шагнуулсан. Харин Говь-Алтай аймаг 80, Завхан аймаг 34, Хөвсгөл аймаг 20 хавх хураасан дүнтэйгээр аяны хаалтын арга хэмжээнд оролцлоо. Энэ жилийн хувьд нийт дүнгээр792 хавхыг байгальд тавихаас сэргийллээ.Аймгуудын хувьд хавхны эсрэг аянд урьд жилүүдээс илүү идэвхтэй оролцох болсон нь дээрх үр дүнгээс харагдаж байна. Тухайлбал, хамгийн олон хавх цуглуулсан Баян-Өлгий аймгийн нэг улсын байцаагч тавиас доошгүй цуглуулах зорилт тавьж ажилласан байгаа юм. Мөн 12 сумын иргэдэд сургалт, сурталчилгаа хийж, урамшууллын арга хэрэглэсэн нь үр дүнгээ өгсөн байна. ХаринХөвсгөл аймгийн тухайд хавхаар ан хийх тохиолдол бусад аймгуудынхаас харьцангуй бага.Тиймээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт сурталчилгааг түлхүү явуулсан нь харагдсан. Нэг хавхны цаана жилдээ 10 амьтны амь байдаг гэж бодохоор хөвсгөлчүүд 200 амьтныг аюулаас сэргийлсэн гэсэн үг.

-Аяны хүрээнд багагүй зөрчил илрүүлж, түүний хэрээр хавхны хор хөнөөлийн талаар сургалт, сурталчилгаа эрчимжсэн. Зөрчил буурах хандлага гарсан уу?

-Хавхны аян өрнүүлснээс хойш 2016 онд 514 хавххураан авч, зургаан сая төгрөгийн торгууль тавьсан байдаг. Мөн Гаалийн ерөнхий газраас гаргадаг хориглосон барааны жагсаалтад хавхыг багтаавал үүнээс илүү үр дүн гарах боломжтой гэдгийг орон нутгийн удирдлагууд тодорхойлох болсон. Ер нь торгож, шийтгэх бол төрийн байгууллагаас баримталж буй бодлого биш. Хууль тогтоомжийг таниулан сурталчлах замаар урьдчилан сэргийлэх нь илүү дүнтэй болох нь практик дээр батлагдсан. Тиймээс "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт тэр дундаа Амьтны тухай хуулийн анг хавхаар хийхийг хориглосон заалтын хэрэгжилтийг хангах, хулгайн агнуураас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход орон нутгийн байгууллагууд олон иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ энэхүү аян цаашид амьтан агнах хориглосон арга хэрэгсэл болох хавхыг Монгол орны хэмжээгээр хэрэглэхгүй байх талаар сурталчлах, бусад аймагт сайн туршлага бий болгох ач холбогдолтой юм.

Хавхыг монголчууд ангийн зориулалтаар өргөн хэрэглэсээр байгаагийн нэг нотолгоо нь дээрх яриа мөн. Аяны хэдхэн хоногийн хугацаанд дээрх хэмжээний хавх цугларч байгаагийн цаана хил гаалиар хавхыг хэн дуртай нь оруулж ирдэг болохыг давхар илтгэж байгаа юм. Түүнчлэн орон нутгийн удирдлагууд, байгаль хамгаалагчдын зүгээс удаа дараа "Хавхыг хилээр оруулж ирдэг бараа, бүтээгдэхүүний жагсаалтаас хасуулахад буруудах юмгүй. Хавхыг хүмүүс ангийн зориулалтаар ашиглах гэж л худалдан авдаг. Хадгалах, гэртээ байлгах гэх мэт ямар нэг бэлгэдлээр бус хууль бусаар ан хийх гэж хадгалж, ашигладаг нь нууц биш. Бусад ангийн хэрэгслээ бодоход хамаагүй хямд өртөгтэй, эвдрэл гэмтэл гэхээр зүйлгүй, алга боллоо ч гарзгүй шахам зэрэг нь хүмүүст ашигтай. Тиймээс хилээр оруулж ирэхийг хориглох хэрэгтэй” гэсэн санал, хүсэлтийг шийдвэр гаргагчид, салбар яамныханд хүргүүлсээр ирсэн байдаг. Энэ дагуу БОАЖЯ тэргүүтэй холбогдох албаныхан Гаалийн ерөнхий газарт хавхыг хилээр оруулах бараа, бүтээгдэхүүний жагсаалтаас хасах хүсэлт хүргүүлээд байгаа юм. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар болон жилд Монгол Улсын хилээр хэчнээн тооны хавх оруулж ирдэг талаар Гаалийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны төвийн дарга н.Баасандоржоос тодрууллаа.

-Хавхаар ан хийхийг хориглосон хуультай ч орон нутагт энэ төрлийн хууль бус ан их гардагтай холбоотойгоор хавхыг хилээр оруулахгү, хориотой бараа, бүтээгдэхүүний жагсаалтад оруулж өгөхийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хүссэн хүсэлтийг танай газарт хүргүүлсэн гэсэн. Энэ хүсэлттэй холбоотойгоор арга хэмжээ авахаар ажиллаж байгаа болов уу?

-БОАЖЯ-наас хавхыг хилээр оруулахгүй бараа, бүтээгдэхүүний жагсаалтад оруулахыг хүссэн хүсэлтийг Гаалийн ерөнхий газарт тавьсан байгаа. Энэ дагуу шаардлагатай, судалгаа, ажиллагааг чиг үүргийн мэргэжлийн хүмүүс үргэлжлүүлэн хийж байгаа байх. Одоогоор хориглосон ч юм уу, ямар нэгэн эцсийн шийдвэр, зөвлөмж гараагүй байна.

-Монгол Улсад жилд хэчнээн тооны хавх хилээр оруулж ирдэг вэ?

-2016 оны хувьд 120 ширхэг зүйл хавх гэсэн нэртэйгээр хилээр оруулж ирсний дийлэнх нь буюу 90 гаруй нь хулганы модон хавх, үлдсэн нь ангийн буюу хавх төмөр гэсэн ангилалаар оруулж ирсэн байдаг. Энэ оны хувьд 567 модон хавх хилээр оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ онд ангийн зориулалттай төмөр хавх хилээр оруулж ирээгүй гэсэн үг.

Ямартай ч хавхыг хилээр оруулж ирэх барааны жагсаалтаас хасуулах саналаа БОАЖЯ холбогдох газарт өгч, саналын дагуу ажлууд хийгдэж, судлагдаж байгааг албаныхан ийн хэллээ. Гэхдээ санал хүргүүлнэ гэдэг ямар нэгэн шийдэлд хүрсэн гэсэн үг биш. Нэг хавхаар хамгийн багадаа 10 амьтны амь хөнөөдөг, нэн ховор, ховор амьтад хавханд орж гэмтэж, үхдэг тэр ч бүүхэл хүүхэд хавханд "орж” гэмтдэг гэх мэт бараан сүүдэр дагуулсан хавхыг хэрэглэхийг хориглох, хилээр оруулж ирэхийг бүр мөсөн хязгаарлах цаг нь болжээ. Нэн ховор төдийгүй ховор амьтдаа хавханд шаналж үхэх, бэртэж гэмтэх аюулыг таслан зогсоох эрх мэдэл, эцсийн шийдвэр одоо Гаалийн ерөнхий газрынхны л мэдэлд байна.

 

Х.Тэргэл

 


1 сэтгэгдэл