|

Хатуу чанга хяналтын дор 5 жилд нэг удаа болдог ХКН-ын 19 дүгээр их хурлын тэмдэглэл

Бээжингийн төвд, алдарт Тяньмины талбайн баруун талд сүндэрлэх Ардын Их Танхим (The Great Hall of the People) хэмээгч аварга барилгад урьд өмнө нь зочилж байсангүй. Харин 2017 оны 10 сарын 18-ны бороо шивэрсэн лхагва гаригийн өглөө олон улсын сэтгүүлчидтэй нэгдэн 5 жилд нэг удаа болдог улс төрийн хамгийн том арга хэмжээ болох ХКН-ын 19 дүгээр их хурлын нээлтийн ажиллагааг үзэж сонирхохоор анх удаа зочлов. Хаа газрын сэтгүүлчид гэдэг баахан аппарат хэрэгсэл чирч явдаг болохоор тэднийг нэг бүрчлэн шалгах процесс бараг л цаг үргэлжилж, урт дараалалд усан бороог халхалсан шүхрийн дор эгнэн зогссоор арай гэж нэвтрэн оров. Хурлын танхимаас шууд дамжуулалт хийхийг хориглосноор үл барам утасны сүлжээ унагагч тавьсан байсан нь ерөөс энэ барилга тэр чигтээ дан хурал зөвлөгөөн болдог газар болохоор анхнаас нь тэгж төхөөрөмжилсөн гэлээ.

1982 онд баригдсан уг барилга 171 мянга 801 метр.кв талбайг эзлэн оршдог, үүнээс 90,000 куб метрийг нь хурлын гол танхим эзлэх бөгөөд нийт 10,000 хүний суудалтай гэхээр манай төрийн ордны их танхимаас даруй 10 дахин том болж таарч байна. Хятадын өнцөг булан бүрт байх ХКН-ын 89 сая гишүүдийг төлөөлж ирсэн Их хурлын төлөөлөгчид нээлтийн чуулганы дараагаас өөр өөрийн танхимдаа хэдэн зэрэг хуралдаж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тавьсан 65 хуудас илтгэлд дурьдагдсан 5 жилийн ажлын тайлан болон ирэх 5 жилийн төлөвлөгөө, бодлого хөтөлбөрийг нарийвчлан хэлэлцэх юм. Шанхай танхим, Хэбэй танхим, Тяньжин танхим, Өвөр Монгол танхим гээд сонгуулийн нийт 40 тойргийн нэрээр нэрлэсэн 40 өөр танхим энэхүү барилгад багтжээ. Тэрхүү 40 тойргоос сонгогдсон/томилогдсон нийт 2287 төлөөлөгчид нэгдсэн чуулганаа тараад өөр өөрийн тэр танхимдаа хуваагдан хуралдаж, санал дүгнэлтээ ирэх өдрүүдэд нэгтгэнэ. Бас намын төв удирдлага болох Төв Хорооны 200 гишүүн болон саналын эрхгүй 160 альтернатив гишүүдийг сонгоход саналаа өгнө. Цаашлаад тэрхүү төв хороо нь үлдэж хуралдаад, дундаасаа 25 хүнтэй Улс төрийн товчоо, 7 хүнтэй УТТ-ны байнгын хороо буюу Хятад улсыг өдөр тутам удирдах гол ачааг үүрэх нийт 32 хүнийг томилно. Түрүүчийн хурал болсон 2012 оноос хойш Төв хороо, УТТ-ны бүрэлдэхүүнээс нэлээд хүмүүс авилгын эсрэг тэмцсэн хатуу "дайн”-д өртсөн болохоор тэдний орыг залгах хүмүүсийг хариуцлагатай сонгох үүрэг эдгээр 2287 хүнд оногджээ.

Си Жиньпин 2012 онд болсон ХКН-ын яг ийм хурлаас ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, улмаар БНХАУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш авилгын эсрэг "дайн” зарлаж, намын гишүүдийн элдэв тансаглалыг таслан зогсоож, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх томоохон зорилт тавин маш амбицтай ажилласныг ажиглагчид дүгнэж байна. Үнэхээр ч тавхан жилийн дотор Хятад улс үсрэнгүй хөгжлийн замд шуудран орж, эдийн засгийн өсөлтийн хурд нь дэлхийн дунджаас 2,8 дахин өндөр буюу 7,3%-д хүрсэн билээ. Сүүлийн 5 жилд Хятадын 60 сая иргэн ядуурлын түвшингээс дундаж түвшин рүү шилжин орж чаджээ. Үүнийг тоо баримтаар батлаад байлтгүй, бараг л байнга ирдэг хүмүүсийн нүдэнд шууд ил харагдах факт болоод байгаа юм.
Цагт 300 км хурдалж чаддаг суман галт тэрэгний дэлхийд байхгүй хамгийн том сүлжээг ердөө тавхан жилийн дотор барьж байгуулж чадсанаар ёстой нөгөө "зам дагаж хөгжил” гээч нь бодитоор бий болсон байна. Бидний хэдэн нөхөд тэр суман галт тэргээр нь Бээжингээс 300км-ын зайд орших Тяньжин боомт руу цагийн дотор аялж очоод, тэнд шинээр байгуулагдаж байгаа Эко хотын төсөл, ажлын явцтай танилцаад ирсэн. Тэгж их хурдтай давхиж байгаа нь огт мэдэгддэггүй, дуу чимээгүй, илүү дутуугүй сайхан л эд байна лээ. За тэгээд сансар судлал, батлан хамгаалах, ногоон хөгжил, өндөр технологи, зам барилга, инновац гээд үсрэнгүй хөгжсөн олон салбарыг нэрлэж болно. Энэ бүх "гайхамшиг”-ийг 5-хан жилд багтаах гэж хэтэрхий том мега төслүүдийг ямар ч урьдчилсан хэлэлцүүлэггүйгээр асар хурдан шийдэж, "нүд ирмэх зуур” дэндүү хурдан барьж байгуулж байгаад санаа зовних хүмүүс ажиглагчдын дунд ганц хоёр байсан ч, нэгэнт түрүүчийн хурлаараа бодлого төлөвлөгөөгөө баталчихсан болохоор түүнийхээ дагуу харин ч сайн ажилласан, авилга багассанаар шийдвэр хурдан гардаг болсон хэмээн өмөөрөх хүмүүстэй илүү олон таарч байв.

За ингээд Си Жиньпины гурван цаг хагасын илтгэлээс ажигласан сонин сайхнаа хуваалцъя.
Өнгөрсөн 5 жилд юу хийв? Илтгэлийн эхний 30 минутыг тэрээр энэ асуултад хариулахад зарцуулав. "Өнгөрсөн таван жил: Бидний ажил – Түүхэн өөрчлөлт” нэртэй эхний хэсэгт тэрээр дэлхийн эдийн засаг хямралаасаа гарах гэж зүдэрсэн, эргэн тойрон элдэв мөргөлдөөн, шийдэхэд бэрх асуудлууд өрнөсөн гадаад орчинд харин ч ХКН болон Хятад улс өсөлт хөгжлийн хувьд гайхамшигт ололтонд хүрч чадсан гэдгийг тэрээр онцолсон. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2012 онд 52 их наяд юань байсан бол одоо 80 их наяд юань болсон гэнэ. Ингэснээр дэлхийн эдийн засгийн хөгжлийн 30 хувийг Хятад улс дангаараа хангах болжээ. Илтгэл дээр дурьдсан дэд бүтцийн салбарт гарсан амжилтуудыг нь хараад "төрөөс хийх хамгийн гол зүйл нь дэд бүтэц юм байна, бусдыг нь хүмүүс өөрсдөө эрэлт-нийлүүлтийнхээ зарчмаар төрөөс хамааралгүйгээр аваад явчихдаг юм байна даа” гэсэн бодол эрхгүй төрсөн. Дээр дурьдсан суман галт тэрэгний асар том сүлжээнээс гадна хурдны замууд, том жижиг гүүр, боомтууд, онгоцны буудлууд зэргийг сүүлийн таван жилд ёстой "үйлдвэрлэх” шиг болж, Хятадын өргөн уудам нутгийг дэд бүтцээр бүрэн холбож чадсан байна. Ингэснээр нийт 80 сая хүн хөдөөнөөс хот суурин газар луу шилжин ирж төвхнөжээ. Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах хамтарсан төслүүд "Нэг бүс Нэг зам” санаачилгын "ач”-аар зөвшилцөл ойлголцлын аливаа төвөгөөс ангид байж, хурд нь түргэссэн гэнэ. Тийм ч учраас Бээжин-Тяньжин-Хэбэй районы Эко хотын төсөл болон Сингапур-Хятадын худалдааны чөлөөт бүсийн төслүүд маш амжилттай урагшилж байгаа гэлээ.

"Өнгөрсөн 5 жилд Хятад улс иноватор улс болж чадсан” гэдгийг Си Жиньпин бахархалтайгаар илтгэв. Учир нь шинжлэх ухаан технологийн салбарт асар их ахиц гарч, улмаар Тиангон-2 хэмээх сансрын лабраторыг амжилттай хөөргөсөн ажээ. "Өнөөдөр Хятад улс худалдаа, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлд дэлхийн тэргүүлэгч улс болж нэгэнт чадлаа” гэсэн Си Жиньпины дүгнэлт танхим дүүрэн алга ташилтаар мялаалгуулав.

Өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд бид үзэгдэхүйц алхам хийж чадсан гэсэн хэсгийн гол санаа нь засаглалыг сайжруулах, хүнд суртлыг арилгах чиглэлд хийсэн 1500 орчим эрх зүйн реформоо багтаажээ. Мөн ардчиллын хөгжилд алхам урагшилсан гэж цохон тэмдэглэв. Өмнөх хэсгүүдэд тэрээр "socialism with Chinese characteristics” буюу "Хятадын онцлогтой социализм” гэх үгийг хэрэглэж байсан бол энэ хэсгээс эхлээд "socialist democracy” буюу "социал демократ”, "socialist consultative democracy” буюу "социалист зөвшилцлийн ардчилал” гэх хэллэгүүдийг түлхүү хэрэглэж эхэлсэн нь сонирхолтой санагдсан. Юутай ч хуульд үндэслэсэн засаглалыг (манайхан хуулийн засаглал гэж нэрлээд байдаг) хөгжүүлнэ, энэ улсыг ард түмэн удирдаж байгаа, нам бол манлайллыг л хэрэгжүүлж байгаа гэсэн санааг тэрээр онцолж, өнгөрсөн таван жилд яг энэ чиглэлээр олон ажил хийгдэж, өөрчлөлт бүх шатанд гүнзгийрсэн гэлээ.

Үзэл суртал, соёлын салбарт үлэмж ахиц гарсан. "Хятадын онцлогтой социализм”, "Хятад мөрөөдөл” гэх уриалгууд ард түмний сайшаалыг хүлээж, ирээдүй хойчдоо итгэх тэмүүлэлтэй болсон. Ингэснээр нийтийн ёс зүй дээшилж, ёс зүй биеэ авч явах байдлын стандарт маш түргэн хэвшил болж чадсан гэлээ. Энэ хэсэг бол ч яахын аргагүй үнэн гэдгийг Хятад руу ирж очдог хүмүүс бараг мэднэ дээ. Хэдхэн жилийн өмнө Бээжингийн гудамжинд гишгэх газар олддоггүй, нэг их дуу чимээ гаргаад л нус цэрээ "бахархалтайгаар” хаядаг байсан улс нэг л мэдэхэд энэ муу зуршлаасаа ор мөргүй салчихсан байсан. Одоо Хятадыг тийм байсан гэдгийг хүмүүс бараг мартаж эхэлж байх шиг… За тэгээд бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлсэн, Хятадын онцлогийг дөвийлгөх болсноор хүмүүс өв соёл өвөрмөц байдлаараа бахархаж, соёлын зөөлөн хүчний бодлогын үр дүнд Хятадын соёл дэлхийн тавцанд танигдаж, байр сууриа эзлэх болсон гэсэн дүгнэлт мөн л удтал нижигнэсэн алга ташилтаар мялаалгасан. Энэ бол бахархлын алга ташилт байсныг танхим дотор сууж байсан хүний хувьд мэдэрсэн шүү.

Амьдралын чанар ард үлдсэн таван жилд айхтар дээшилсэн гэж Си Жиньпин илтгэв. Ядуурлын түвшин 10,2% байснаа одоо 4 хувиас ч багассан байна. Боловсролын салбарт бодит ахиц гарч, 13 сая ажлын байр шинээр нэмэгдсэнээр өрхийн орлого эрс дээшилжээ. Дэд бүтэц хөгжсөнөөр хот хөдөөгийн амьдралын чанарын ялгаа эрс багасаж, дундаж давхарга жил ирэх бүр өсөн тэлж байгаа гэлээ.
Социалист улс болохоор нийгмийн халамжийн тогтолцоог дурьдахгүй байхын аргагүй. Орон сууцны хөнгөлөлтийн бодлого олон сая хүмүүсийг тохилог орон гэртэй болгосон, мөн төрийн хамгаалалтын хамгийн том салбар болох улс орны батлан хамгаалахын салбарт шинэ шинэ амжилтууд нэвтэрсэн гэнэ. Батлан хамгаалахын салбар нь зөвхөн дайн тулааны зорилгоор биш, нийтийг хамарсан байгалийн гамшиг, осол аваарын үед аврах ажиллагаа явуулах, терроризмтай тэмцэх, олон улсын энхийг сахиулах үйл хэрэгт оролцох зэрэгт ашиглагддаг өргөн үүрэг хүрээтэй болжээ. Энэ ч чиглэлээрээ техник технологи элдэв хэрэгслүүд нь орчин үеийн өндөр түвшинд хүрч бэхэжсэн байна.

Си Жиньпиний илтгэлд дурьдагдсан бас нэг "амжилт” бол Хятадын "шүдний өвчин” гэгдэж байсан Хонг Конг, Макао, Тайванд явуулах бодлого нь ихээхэн дэвшилттэй байгаа явдал гэнэ. Хонг Конг, Макао-гийн хувьд "Нэг улс-Хоёр систем” хэмээх бодлогын ачаар тэнд заавал засаглалын тогтолцоог нь өөрчлөх гэж хүчлэхгүй орхисноор намжмал байдал бэхжиж, харилцаа гүнзгийрэн хэвийн байдалд орсон гэнэ. Тайваны хувьд ч улс төрийн намжмал байдлыг эрхэмлэх болсноор энх тайван тогтож, элдэв сөргөлдөөн, үл ойлголцол гарахаа больсон гэлээ.

За тэгээд намын дотоод дахь шинэчлэл буюу авилгатай хийсэн "дайн”-ыхаа ялалтын агшнуудыг дурдсанаар түүний "тайлан”-гийн хэсэг өндөрлөсөн юм. Түүнээс цааших 3 цаг нь ирээдүйн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, төсөөлөл нь байлаа. Энэ тухай зав гараад, сонирхол төрвөл үргэлжлүүлэн бичихээ амалъя.

(Зарим гэрэл зургийг Хятадын олон улсын радиод ажилладаг найзуудаасаа авав)

Цагааны Оюундарь 
Oyundary Tsagaan

Эх сурвалж: https://www.facebook.com/ts.oyundary/posts/10155845754878035

1203412033 1203112029

0 сэтгэгдэл