|

Мартах ёсгүй хүн гэж байдаг...

Мартах ёсгүй хүн гэж байдаг...

 

Энэ өдөр ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг агсан бусдын гарт хэрцгийгээр хорлогдон таалал төгссөн өдөр. Жил бүрийн энэ л өдөр талийгаачийн төрөл төрөгсөд, дотны анд нөхөд нь хүндэтгэл үзүүлэхээр цугларч, харуусал илэрхийлсэн харцаар бие биенээ харж, намрын өглөөний жиндүү салхинд хүйт даасан хүрэл хөшөөний өмнө цэцгийн хэлхээ өргөдөг уламжлал тогтсоор 19 жилийг үзэж байна.

Монголчууд хэзээ ч мартах учиргүй эрхэм хүмүүн С.Зориг нь 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ардчиллын анхны цуглааныг Монгол Улсад удирдан зохион байгуулж, улс эх орноо ардчилал шинэчлэлийн замд уриалан дуудсан улс төрийн нэрт зүтгэлтэн нэгэн байсан. 

Гэгээн дурсамжаар ард түмнийхээ сэтгэлд амьд хэвээр яваа түүнийг залуу хойч үе ямар хүн байсныг таньж, түүнийг цаашид ч монголын ард түмний эрэлхэг, ухаалаг хүү байсан гэдгийг дурсан санаж яваг гэсэндээ түүний тухай цөөн баримтыг дурдаж байна.


С.ЗОРИГ ГЭЖ ХЭН БАЙВ...

С.Зориг агсан 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү нь болон төрсөн. С.Зориг  Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцаж байхдаа  тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ.  Физикийн олимпиадад эхний байруудад ордог,  чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байсан гэдэг. Тэрээр дунд сургуулиа төгсөөд Москвагийн улсын их сургуулийн философийн ангид суралцан төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байсан тухай нөхөд нь дурсан ярьдаг. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд байнга шатар тоглодог байсан гэдэг бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байлаа.

С.Зоригийг Хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөр танилцан, үзэл бодлоо нэгтгэсэн шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ. Тэрээр 1990 онд "Хонх”-ны дуугаар ардчилсан хөдөлгөөний салхийг Монголд сэвэлзүүлж, олон ардын зүрх сэтгэлд ардчилалын удирдагч болон үлдсэн эрхэм хөвгүүн юм. С.Зориг 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, "Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байлаа.  Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч "Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байжээ. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байв.


С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮД ЗОХИХ ШИЙТГЭЛЭЭ ХҮЛЭЭЛЭЭ

Одоогоос 16 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан түүний амь насыг хөнөөсөн хэрэг гарч, улс даяараа эмгэнэн гашуудахтай зэрэгцэн айдас түгшүүр, хардлага сэрдлэг дүүрсэн хоног өдрүүдийг монголчууд өнгөрүүлж билээ. Тухайн үед энэ хэргээс үүдэн Батаа, Оюунаа нэртэнгүүд айдас түгшүүртэйгээр амьдарч байсныг нуух юун. Тэрхүү аймшигт, харгис хэргийн ул мөр, сэжүүр улам бүдгэрсээр л байсан.

Гэтэл 2017 онд хамгийн дуулиант нэгэн үйл явдал болсон нь С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт этгээдүүд хэргээ хүлээж, ял сонссон явдал байв. Гэмт хэргийг үйлдсэн хэмээн шүүгдсэн Ц.Амгаланбаатарт 25 жилийн хорих ял, Б.Содномдаржаад 25 жилийн хорих ял, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон.

Шүүгдэгч Т.Чимгээд оноосон 23 жилийн хорих ялаас 20 жилийг гянданд, Б.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатар нарт оноосон 25 жилийн хорих ялын 20 жилийг чанга дэглэмтэй гянданд хорихоор болсон байдаг.  Түүнчлэн шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг шүүхээс онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцож, бусадтай бүлэглэн онц хэрцгий аргаах хүний аминд хүрсэн хэмээн шүүхээс үзсэн байна. 


ТӨГСГӨЛ

Их хотын төв гудамжинд байрших түүний хөшөөний дэргэд жилд хоёр удаа журмын нөхөд, төрөл төрөгсөд нь цуглаж, цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлдэг. Хүйтэн чулуун хөшөөнд хүн бие нь шингэсэн мэт холыг харан зогсох С.Зоригийн дурсгалыг хүндэтгэж, анд нөхөд нь гэгээн дурсамжаа тэнд хуваалцаж, хойч үедээ дурсан санаж явахыг захидаг.

Тиймээ... Мартах ёсгүй хүн гэж байдаг. Түүний хөшөөний зүг зурайх дурсамж, хүндэтгэлийн жим бүдгэрэхгүй...










0 сэтгэгдэл