|

Нацагийн Багабанди У.Хүрэлсүхийн тухай ийнхүү өгүүлэв

Бусдын хүргэсэн бага ч атугай ач тусыг марталгүй санаж явах нь хүний сайн шинж чанаруудын нэг. Ухнаагийн Хүрэлсүх энэ сайн шинж чанарын эзэн мөн ажээ. Тэрээр миний улстөрч болох замыг зааж, Намын Төв Хороонд ажилд авсан ачтан бол тэр хүн гэж нэг бус удаа дурсан ярьсан байхыг нь уншиж, сонссон. Би тэр үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. У.Хүрэлсүхэд улс төрийн оргил өөд нисэх даль жигүүр хайрласан ачтан гэж өөрийгөө хэзээ ч бодож байсангүй, миний хүргэсэн тус гэвэл түүнд өөдөө өгсөх шат түшүүлэн тавьж өгсөн төдий л юм. У.Хүрэлсүх өөрийн оюун ухаан, хүч чадлаараа энэхүү шатаар итгэл төгс өгсөж байгааг хараад бахархалтай байдаг юм. Улс төрд жигүүр урган шууд дээш нисэхээсээ өмнө шатаар алгуур өгсөж, итгэлтэй урагшлах нь өлзийтэй. Энэ онцлог шинжийг У.Хүрэлсүхийн төрөлх зөн билэг зөв анзаарсан нь тун сайн хэрэг. 
 
У.Хүрэлсүхийн улс төрд хөл тавьсан цаг мөчөөс хойшхи улс төрийн амьдрал манай орны цаг агаар адил эрс тэс, хүйтэн ширүүн, гантай, зудтай, хүнд өнгөрлөө. Энэ он жилүүдийг У.Хүрэлсүх халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, журмын нөхдийн хамт тууллаа. Тэрээр Монголын улс төрд хүлэмжинд тарьсан цэцэг шиг бусдаар арчлуулж, тордуулж ургасангүй ээ, улс төрийн нүүр нүдгүй балбах цасан шуурга, мөсөн мөндөрт тэсвэр заан цохиулж, өөрөө ургасан улстөрч.
 
Улс төр хатуу тоглоом. Заримдаа дүрмээр тоглоно. Дүрмийн заалт үгүй бол газар дээр нь шинээр дүрэм зохион тоглоно. У.Хүрэлсүх аль алинд нь гаршсан улс төрч нэгэнт болж чаджээ. Тоглоомын дүрэм хатуу болохоор хожиж ялахын тулд улс төрч хүн харьшгүй эр зоригтой байх тавилантай. "Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэх үг бий. Түүний эр зоригийг Монголын улс төр олон удаа сорьсон. Сорилтыг нэр төртэй давж гарсан. Одоо түүнийг эр зоригтой улстөрч гэдгийг нь нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тэрээр гар хөлөө хүлүүлж, алтан амгай зуусан нэгэн байгаагүйд нь олзуурхана. Улс төрийн ууган намын гишүүд дээр доргүй амаа үдүүлж, дуугарч зүрхлэхээ байсан гай зовлонт, цөвүүн цагт зориг заан ам нээсэн. У.Хүрэлсүхийн үгийг улстөрчид,сэтгүүлчид сүүлийн арав шахам жил ишлэл аван ярьж, бичицгээлээ. Тэр хэлье гэсэн үгээ хэзээ ч, хаана ч, хэнээс ч эмээж айлгүйгээр хэлж чаддаг эр зоригтой улстөрч болон төлөвшжээ. Улс төрийн эр зоригтой байна гэдэг маш том давуу чанар.
 
"Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн үг байдаг. Би зоригтой, ухаантай ажиллах болно” гэж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдохын өмнө намын Бага хурлын гишүүддээ хандаж хэлсэн түүний үгэнд нөхөд нь эргэлзээгүйгээр итгэж, энэхүү онц чухал, том албанд тохоон томилсон юм. Ухаантай хосолсон эр зориг, эр зориггүй ухаанаас хавьгүй илүү зүйлийг бүтээн цогцлоож чаддаг болохоор түүнд намын хамт олон нь томоос том найдвар тавин хүлээж байна. Эр зоригийг сүүдэр мэт дагадаг хуучныг зоригтой өөрчлөн шинийг сэдэх, оргүй хоосноос биетэй бодитой зүйлийг цогцлоох, боломжгүйг боломжтой болгон өөрчлөх бүтээлч шинж түүнийг төрийн сайдаар ажиллаж байх үед нь ил тод илэрч байсан нь туйлын олзуурхууштай.
 
Улстөрчдийг үнэлэх нийгмийн үнэлэмжийн тэргүүн эгнээнд ярианы урлаг, үг яриагаараа олон түмний сэтгэлийг эзэмдэх чадвар байдаг билээ. Намын Төв Хорооны босгыг алхан орж ирж байсан үетэй нь харьцуулахад У.Хүрэлсүх ярианы урлаг сурах талдаа том алхам, том алхмаар зогсохгүй үсрэлт хийж чадсан байна. Ийнхүү ярих хэлэх чадварт суралцахад нь сонгогч түмний итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдон, төр түшилцсэн, төрийн сайдаар ажилласан, үзэл бодол нэгт, үе тэнгийн залуусаа удирдан төрийн байгууллагад хүчин зүтгэсэн амьдралын их сургууль, өөрийнх нь хичээл зүтгэл, уйгагүй чармайлт тусалсан нь мэдээж. Хүний зүрхийг үгээр дулаацуулна гэдэг хэн хүнд заяадаггүй чадвар мөн. "Хамаатан садан чинь хаяж, нөхөд чинь урваж, албаны шатнаас унасан ч гэсэн илтгэх чадварыг эзэмшсэн л бол Та хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ” гэсэн ухаантны үг олон арван жил, зууныг алгасан улстөрчдийн уриа дуудлага болсон хэвээр байна.
 
Өөрийн үзэл бодол, үнэт зүйлс, үндсэн зарчимдаа асар хүчтэй салхинд ч ажралгүй тайван зогсох аварга сүрлэг мод лугаа адил бат тууштай бай. Энэ бол төрийн хүнд зайлшгүй байх ёстой эрхэм сайн чанар. У.Хүрэлсүх энэ эрхэм сайн чанарын эзэн үргэлжид байна гэдэгт найдая. Төрийн хүний зарим хэрэгт уул мэт бат суух, зарим хэрэгт зарц мэт хүлцэн явах, зарим хэрэгт гал мэт дүрэлзэн явах учиртай тухай өмнө нэг удаа хэлсэн үгээ давтан хэлье. У.Хүрэлсүх улс орон, намынхаа эрх ашгийн төлөө уул мэт бат суух үүрэгтэй. Ард түмэн, намын хамт олныхоо төлөө зарц мэт хүлцэн явах үүргээ хэзээ үл мартан хүчин зүтгэг. Зөв, шударга үйл хэргийн төлөө гал мэт дүрэлзэх эр зоригоо мохоон шантрааж үл болно. Ихийг амлалгүй, ихийг хийхийг нь хүлээе.
 
Хамгийн сайхан юу вэ. Хүссэн зорьсондоо хүрэх. Хүссэн зорьсондоо хүрч, хамгийн сайхнаар бахархан бахдаж яваг. Цаг ямагт сайн хүн, сайн нөхөр байг. Бусдын төлөө өөрийгөө зориулдаг хүн хамгийн сайн хүн. Зовох цагт нөхрийн чанараа таниулдаг, жаргах үед нь мөсөө харуулдаг сайн анд нөхөр байх эрхэм чанараа мөнхөд хадгал. Улстөрч хүн өдөр бүр баатарлаг үйлс бүтээн цогцлоож чадахгүй ч өдөр бүр хүний төлөө сэтгэл гарган, санаа тавьж явах үүрэгтэйгээ умарталгүй санаж явах ёстой.
Хийгээгүй буюу дутуу хийсэн ажлын ард заавал овог нэр үлддэг юм. Ухнаагийн Хүрэлсүх гэдэг нэр хийсэн буюу гүйцээж хийсэн ажлаа үлдээгээсэй гэж хүснэ.
 
Монгол Улсын хоёрдахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди

0 сэтгэгдэл