Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа аваад хоёр сар болж байна. Хоёр сар гэдэг бүрэн эрхийнх нь хувьд өчүүхэн ч нэлээд ажил амжуулах багагүй хугацаа юм. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд сонгуулийн үеэр ярьж байсан 60 тэрбумын асуудлыг хөндсөн. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарыг дуудаж ирүүлээд сүртэй гэгч нь эхэлж байлаа. Харин сар гаруйн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 4-ний өдөр УЕПГ-аас уг хэргийг хаасныг мэдэгдсэн юм. Прокуорын мэдээлэлд "...хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн” гэсэн байв.
Ингэж Ерөнхийлөгч Х.Баттулгын эхний ажил хана мөргөв. Дараа нь долдугаар сарын 19-нд Англид суугаа Элчин сайд С.Баяр, Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татахаар зөвшилцөх бичгийг УИХ-д хүргүүлсэн. Дараахан нь С.Баяр өргөдлөө өгсөн тухай мэдээлэл гараад энэ асуудал таг чиг боллоо. Наймдугаар сарын 24-нд Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалтнууд, тэдний хамаатан, төрөл саднуудад оффшор бүс дэх хөрөнгө, мөнгөө 49 хоногийн дотор оруулж ирэх хугацаа олголоо гээд сүртэй гэгчийн мэдээлэл түгээсэн. Энэ хугацаа уржигдар дуусч, холбогдох байгууллагууд нь Ерөнхийлөгчид мэдээлэл хүргүүллээ. 49 хоногийн хугацаанд нэгч төгрөг Монголд орж ирээгүй байна. Одоо Ерөнхийлөгч ямар арга хэмжээ авах гэж байгаа юм, бүү мэд.
Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгоо гэж бас нэг явдаггүй ажил байна. Анхны зарлигаараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар З.Энхболдыг томилж байв. З.Энхболд, Х.Баттулга хоёрын хэн нь Ерөнхийлөгч вэ гээд л сүүлийн үед улс төрийн хүрээнд мааз маягийн яриа гарах болоод байгааг хэлэх хэрэгтэй. Долдугаар сарын 28-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр, наймдугаар сарын 3-нд яруу найрагч Ц.Хуланг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр, наймдугаар сарын 22-нд Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон. Ингээд бусад зөвлөхөө томилдоггүй, албан ёсны гурван зөвлөх томилоод л таг зогссон байгаа юм. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэж хэр хэмжээний, ямархуу цар хүрээний хүн байдаг вэ гэдгийг хамгийн ойроор нь өмнөх Ерөнхийлөгч нарын зөвлөхүүдийг харахад болох байх. Лут лут эрхмүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж байсан даа. Тэр ч байтугай, Ерөнхийлөгч Н.Энхбаярын зөвлөхүүдийн дийлэнх нь Ерөнхийлөгч Н.Багабандид зөвлөж байсан байдаг. Түүнчлэн наймдугаар сарын 22-ны өдөр А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томилов.
Бас Ч.Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, О.Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан, Ч.Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, С.Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Ц.Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, Ш.Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан, Л.Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан, Д.Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, С.Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, Ц.Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, Ц.Сосорбарамыг Усны асуудал хариуцсан, Б.Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, Н.Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, С.Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, Н.Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, Л.Баян-Алтайг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон. Орон тооны бус зөвлөх гэж хэн бэ, ямар эрх үүрэгтэй вэ. Шуудхан хэлэхэд ямар хэрэгцээтэй хүмүүс вэ гэдэг бас л асуудал шүү. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед бол Орон тооны бус зөвлөхүүдийг Төрийн ордонд нэвтрэх үнэмлэх авах гэсэн хүмүүс л гэдэг байсан. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болохоор нэг асуудал хариуцсан хоёрын зэрэг Орон тооны бус зөвлөхүүдийг томилсон байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан Ч.Ганбат, Л.Баян-Алтай, кино урлагийн асуудал хариуцсан Б.Баатар, Н.Оргил хоёр байна. Ингэхээр Орон тооны бус зөвлөхүүд гэж Ордны үнэмлэхтэй хүмүүс байдаг гэх тодорхойлолт үнэнд ойртож байгаа юм. Түүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-аас эхлүүлсэн анхны айлчлал нэлээд асуудалтай болсон дуулдаад байгаа. Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалын түүхэнд байгаагүй үйл явдлуудаар дүүрэн болсон гэж байна. Энэ үеэр ярьсан хамгийн гол зүйл нь нүүрсний тухай байв. Хоёр талтай л яригдаж байгаа. Энэ яахав, явсаар шийдлээ олж таарна. Болох болохгүй нь цагийн эрхээр тодорхой болох юм.
Харин онгоцны буудал дээр охин нь аавыгаа жийнсэн өмдтэй тоссон гэдэг Монголоор дүүрэн яригдаж байна. Оросууд энийг тоосон юм уу, үгүй юу бүү мэд. Харин охин нь аавыгаа бус Монгол Улсын Төрийн тэргүүнийг тосч, айлчлалын арга хэмжээнд оролцож байгаагаа мэдрэх ёстой байсныг эх сурвалжууд хэлж байгаа. Дээрээс нь орчуулагчийн тухай ярих нь зүй ёсны юм. Орчуулагч эрэгтэй хэн байсан, ямар чадвар чансаатай эсэх нь хоёрдугаарт яригдах ёстой аж. Учир нь Ерөнхийлөгч тэр арга хэмжээнд хэлэх үггүй байсныг эх сурвалжууд хэлж байгаа. Түүний хэлсэн үг нь Элчин сайдын хэлэхээр бэлдсэн үг байсан байгаа юм. Бас манай Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг орчуулах хүн бэлтгэгдэж очоогүй нь итгэмээргүй явдал. Арга хэмжээ эхлэх гээд, Ерөнхийлөгч үгээ хэлэх гэтэл орчуулагч "НЕТ”. Ингээд нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэгчээр дээрээсээ доошоо тушааж хайсаар өнөөх "орчуулагч”-ийг олсон байна.
Ер нь бол Х.Баттулга Ерөнхийлөгчийн энэ айлчлал эхлэхээс өмнө, эндээ л хэл ам дагуулж байсан. Гишүүдийг дагуулж явахгүй гэлээ гээд л ярьцгаасан. Ер нь бол Ерөнхийлөгчийн айлчлалыг хэн ингэж зохион байгуулав гэдгийг ярих хэрэгтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар уу, аль эсвэл Гадаад харилцааны яам уу. Аль нэг нь хариуцах л ёстой. Энэ мэтээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлаа авснаас хойшх "бал сар” нь үргэлжилж байна. Жишгээр бол 100 хоногийн дараа үр дүн танилцуулах учиртай. Уг нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө л өөрийгөө энэ мэтэд бэлтгэсэн байх байв. Судлаачдын дүгнэлтээс харахад Х.Баттулга энэ сонгуульд ялах магадлал багатай байсан нь тодорхой харагддаг. Учир нь эрх баригчид МАХН-ын дарга Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг хаасан. Ингэснээр МАХН хоёр дахь хувилбараар сонгуульд оролцсон байдаг. Гэсэн ч МАХН-ын нэр дэвшигч эхний шатны санал хураалтаар бараг л хоёроор гарсан.
Гэтэл МАН буюу эрх баригчид өрсөлдөөнөөс хассан юм. Улмаар МАН-ын нэр дэвшигч М.Энхболд хоёрт үлдэж Х.Баттулгатай өрсөлдөөд ялагдсан. Чухамдаа МАХН-ыг төрийн эрхээр дарж сонгуульдсаны дүнд, дундаас нь Х.Баттулга гарч ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч болсон нь туйлын үнэн юм. Улстөрчид, судлаачид байтугай жирийн иргэд ч ингэж хэлнэ. Х.Баттулга ингэж л Ерөнхийлөгч болсон. Гэлээ гээд Монгол төрийн уламжлал, дипломат хэм хэмжээнд ийм байдлаар "шинэдэж” хандаж болохгүй юм. Бас "бал сар”-аа хурдан дуусгаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл хэрэгтээ орох хэрэгтэй байх. Төр төмбөгөр,ёс ёмбогор гэдэг. Тиймээс Төрийн хэргийг тултал хийж, түмэн олны итгэлийг даах учиртай. Эхлүүлснээ хэрхэн дуусгаж, амласнаа яаж биелүүлэхийг нь ард түмэн харж л байгаа.
Б.ДАМДИН-ОЧИР
2 сэтгэгдэл