|

Б.Чойжилсүрэнгийн компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэр өмнө нь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөцөд авагдахаар яригдаж байсан газарт  "Саудгобикоал транс” хэмээх компани олборлолт хийхээр кэмпээ байгуулан, хөрс хуулалт хийж эхлээд байгаа талаар бид мэдээлж байсан. Тус компанийн 50 хувийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн эзэмшдэг талаар мэдээлэл гарч байсан билээ. Энэ асуудлаар Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Гурвантэс сумын Тост багийн иргэд хэвлэлийн бага хурал хийсэн байна. Тэд байгалийн өвөрмөц тогтоцтой Тост, Тосон бумбын нурууны үргэлжлэл Хуршуутын голд олборлолт хийхийг эсэргүүцсэн нутгийн иргэдийг 802 захидлыг УИХ-д гардуулан өгч байгаа юм. Хуршуутын голын эхэнд олборлолт явуулснаар говийн баян бүрд, Тост Тосон бумбын байгаль экологид сүйрэл нүүрлэнэ гэж тэд үзэж байгаагаа илэрхийлж байна. Ингээд албан мэдээллийг хүргэе. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын урд хэсэг бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдсэний улмаас нутгийн малчдын гол амьдрах бүс нутаг, ундны эх үүсвэр нь нутгийн хойд хэсэг буюу Тост, Тосонбумбын нуруу болоод байгаа талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн С.Эрдэнэжаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон "Тост, Тосонбумбын нуруу нь ирвэс, аргаль, янгир зэрэг нэн ховор амьтдын өлгий болоод зогсохгүй баянбүрд бүхий усны эх үүсвэр, ховор эмийн ургамлын диваажин болсон нутаг юм. Иймээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аас Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, энэ оны гуравдугаар сард хилийн цэсийг тогтоосон билээ. Гэвч Тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоохдоо нүүрсний ордын ашиглалтын лицензтэй "Саудгобикоал транс” компанийн талбайг хамааруулаагүй. Үүгээр ч зогсохгүй тус компани техник хэрэгслээ байршуулж, кэмпээ байгуулж, газар шорооны ажлаа эхэлсэн нь нутгийн олны дургүйцлийг төрүүлж байна. Тиймээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч "Саудгобикоал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж, сумын иргэд болон "Гурвантэс эх нутаг”, "Тост” ТББ-ын нийт 802 өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байна” гэлээ.

Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид  "Тус компанийн эзэмшиж буй талбай одоо ашиглалт явуулж буй дөрвөн нүүрсний уурхайтай тэнцэхүйц том хэмжээтэй аж. Хамгийн гол нь компанийн лиценз бүхий талбай болох Хуршуутын гол нь сумын байгалийн үзэсгэлэн бүрдсэн, баянбүрд олонтой нутаг юм. Энд булаг шанд, заг сухай, төрөл бүрийн эмийн ургамал нэн баялаг. Мөн сумын цорын ганц тариалангийн бүс нутаг энэ талбайд оршдог. Иймээс тус ордод олборлолт явуулснаар Гурвантэс сумын нийт иргэдийн ундны усны эх үүсвэр, ан амьтан, ургамлыг тэжээх булаг шанд, баянбүрд сүйдээд зогсохгүй энэ нь говийн бүс нутгийн эко системд ноцтой хохирол учруулах болно” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


4 сэтгэгдэл