УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах захирамжийг өнөөдөр гаргаад буй. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байгаа юм. Тэгэхээр МАН-ын даргын хувьд улстөрийн тогоонд үүссэн хэт халалтыг нэн даруй буулгахын тулд өөрийн хүнийхээ удирдаж буй засгийг унагахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон харагдаж байна.
Спикерийн эл шийдвэртэй зэрэгцэн нийтлэлч А.Баатархуяг МАН-ын хямралын шалтгаан нь Ж.Эрдэнэбатын алдаа, шалтаг нь М.Энхболдын ялагдал хэмээн бичсэнийг ишлэн хүргэж байна.
Тэрбээр "МАН-д шинэчлэл шаардлагатай, ялангуяа М.Энхболдын ялагдлын дараа өөрчлөн байгуулалт тулгамдсан асуудал болсныг улстөрийн үндэслэлтэй дүгнэсэн дүгнэлт огт гарахгүй байна. Хэрэв МАН-ын өөрийнх нь улстөрийн дүгнэлтийг хүлээвэл хэзээ ч нэгэн цагт болж магадгүй намын их хурлаас нь "Нохой булсан яс шиг” хөгийн юм сонсох байх.
Ерөнхийлөгчийн сонгуульд бие хүний нэр хүнд нөлөөтэй нь үнэн, гэхдээ аливаа үйл явцын үр дүн нэг л хүчин зүйлээс шалтгаалж байсан түүхгүй. Зайлшгүй ба санамсаргүйн дэнсэнд энэ үр дүнг тавьж үзвэл зайлшгүй ялагдах шалтгааныг МАН-ын Засгийн газар ба УИХ тавьсан байна. Том ялалт том хүлээлт үүсгэдэг, 65 гишүүн сонгосон сонгогчдын тэр хүлээлтийг хангаж чадахгүй бол тэр хэрээр "бумерангийн эффектэд” цохиулж унадаг ёсон байна. МАН ард түмэн рүүгээ шидсэн бумерангдаа цохиулж унасан байна. Түүнийг тоймлоё!
1. МАН-ын УИХ, ЗГ-аас Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож, хүүхдийг ялгаварлан гадуурхсан нь сонгогчдод таагүй сэтгэгдэл төрүүлсэн нь дамжиггүй. Ингэхдээ айлын угаалгын машин, ус буцалгагч тоолоход 4,5 тэрбум төгрөг зарлагадсан нь нэрмэжээ. Тэр 4,5 тэрбумаа хүүхдүүдэд өгсөн бол хэдэн хүүхэд баярлах байсан бол? Харин иргэд үүний хэд нь Н.Номтойбаярын халаасанд орсон бол...? гэж бодсон. Эцэст нь ганцхан М.Энхболд гэдэг хүний төлөө Төсвийн тодотголгүй 140 тэрбумыг тарааж төлбөрөө төлсөн. Төсөв "ёо” гэхгүй нь сайхан юмдаа...
2. Хятадын 3 сая жуулчинд ногоон гэрэл асааж, эдийн засгаа сайжруулна гэсэн цуурхалд ЗГ өөрөө цуурч унав. Хятадын жуулчид өвөг дээдсийнхээ яс үсийг хайдаггүй юм бол өөр юу үзэх вэ? Өөрийн нь улсаар дүүрэн "соёлт хүн төрөлхтний өв” байсаар атал түүх соёл нь яг ашигт малтмал шигээ газрын гүнд байдаг ангамал талаас юу харах гэж? Жуулчин авчрахаасаа өмнө үзүүлэх юмаа бэлтгэдэг юм л даа. Түүхэн туршид энэ тал нутагт ихээхэн зоригтой цэрэг, ихээхэн шуналтай маймаачин хоёр л аз туршин хөл тавьж байсан гэдгийг Харвардад нь заадаггүй бололтой.
3. МАН-ын сонгуулийн 60 тэрбумыг босгохын тулд агентлагийн дарга нараас гадна, ахлах мэргэжилтэнг хүртэл үнэлж урьдчилан зарсан. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан зуу, зуун тэрбум төгрөгийг төрийн албанаас гаргуулсан байна. Сайдууд тэр бумыг, багадаа хотын агентлагийн дарга нар тус бүр 50 саяыг гэх мэтээр мөнгө татсан.
4. Сангийн сайд төсвийн урсгал үлдэгдлийг улстөрийн шалтгаанаар багасгаж зарласан, Монгол банкны Ерөнхийлөгч валютын нөөц дууссан гэж зарласнаас долларын ханш эрс өсөж, инфляци гаарсан.
5. Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр бүрэн зогссон. Ипотек зогссон. Нэг талд 100 мянган байргүй иргэн, нөгөө талд 40 мянган борлуулалтгүй орон сууцны фонд байна. Үүнийг яаж холбохоо ч мэдэхгүй байна. Бүр энэ бизнесээр гаршсан Сангийн сайд нь хүртэл...
6. Хямралын үед шаардлагатай арга хэмжээ авалгүй цаг алдсанаас эдийн засаг улам хүндэрчээ. Өрийг улам илүү хүүтэй өрөөр л дарж, хугацаа хожсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн эрсдлээс айж шиэчлэлийн шийдэмгий арга хэмжээ авалгүй хугацаа алдсан, Засгийн газар чадамжгүй юу хийхээ мэдэхгүй байна. Одоо бол нам нь илүү шийдэмгий Ерөнхий сайдыг зүй ёсоор шаардаж эхэллээ. 580 сая ам.долларын өрийг өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр дарсан, ирэх жил 620 сая ам.доллар төлнө.
7. Далай ламыг урьсныхаа төлөө Хятадын ЗГ-аас уучлалт гуйж олон улсад шившиг болсон. Энэ ЗГ унавал Далай ламыг ахиж урих эрх нээгдэнэ дээ! Далай ламыг урихгүй гээд дандаа МАН-ыг сонгохгүйгээс хойш...
8. Автомашины болон шатахууны татварыг нэмснээр иргэдэд ноцтой дарамт учруулсан. 5 сарын 1-ээс татвар нэмэх хууль үйлчилж эхлэснээр иргэдийн амьжиргаанд ноцтой дарамт үүсэж, инфляци нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
9. Тэтгэврийн насыг 65 болгох хууль баталсан.
10. ОУВС татвар нэмэхийг шахаагүй байхад ОУВС-гийн нэр барьж өөрийн Засгийн газрын нэр хүндийг аврах гэж оролдсоноос гадаад санхүүгийн дэмжлэгээ бүрэн алдсан. Үүнээс болж ОУВС-ийн "Экстендэд файнд пасилити” хөтөлбөр гацаад байна.
11. Далай ламын асуудлаас болж улстөрийн гадаад орчны тэнцвэр алдсанаас ОУВС-гийн хөтөлбөрийг хамгийн хүнд нөхцлөөр хэрэгжүүлэх шахаанд орсон.
12. Төсвийн хяналтыг сайжруулалгүй 3 тэрбум ам.долларын нөөц байхад хувааж идээд, төсвийн дарамт ачааллыг татвар нэмэх замаар хөнгөлж, иргэдэд үүрүүлэх арга замыг сонгосон. ЗГ-аас концесст их хэмжээний мөнгө төлөвлөж, түүгээр сонгууль санхүүжүүлсэн...
13. Гарамжав, Номтойбаяр нарын компанийн хятад ажилчдын төлбөр 9 тэрбум төгрөгийг чөлөөлсөн.
14. Оюу толгойн гүйлгээг Монголын банкуудаар дамжуулахаас татгалзаж, гадаадын банкуудад өгсөн.
15. Дэд бүтцийн төслүүд бүрэн зогссон.
16. Дэлхийн банк Монгол Улсын 2017 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг 0.7 хувиар бууруулж, хоёр хувь болголоо. Гэхдээ оны төгсгөлд эдийн засаг төсөөлснөөс өсөлттэй гарна, учир нь сонгуулиар их хэмжээгээр мөнгө тарааж, худалдаа идэвхжсэн. Ирэх жилийн 4 сараас хүндрэл дээд цэгтээ тулна.
17. Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 2.0 орчим хувиар агшиж байна.
18. Төсвийн алдагдал гурван их наяд төгрөгт хүрээд байна. 2013 онд төсвийн алдагдал 170 шахам тэрбум төгрөг байсан бол энэ хэмжээ 2017 онд 17 дахин өссөн байна.
19. Ерөнхий сайд "Бид эх орноо өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, ирээдүйгээсээ зээлж авсан” гэж хэлсэн.
20. Сангийн сайд Тосон бумбын нурууны алтны ордын асуудалтай холбогдож байна. Энэ газар хүний амь настай холбоотой.
21.УИХ-ын гишүүд боовны асуудалд хүйс хамаарахгүй орооцолдов.
22. М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд унасны дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хотын дарга, Намын даргын суудлыг хуваарилах дотоод зөрчил хурцдаж байна. Хэт төвлөрлийг задлах оролдлого нь хүчтэй эсэргүүцэлтэй тулж байна. Үүнээс болж ЗГ улстөрийн хямралд нэрвэгдээд байна.
23. Гадаад улстөрийн харилцаа бүрэн дампуураад байна.
24. Концессийн гэрээгээр Номтойбаярын компани руу цахилгааны шугам татах зэрэг 5 концессийн гэрээний булхай хоорондоо булаалдсанаас болоод ил болсон.
25. УИХ-аар "Оффшорчдыг хамгаалсан хууль” баталсан.
26. Ц.Элбэгдоржтой нам дамнасан бүтэлгүй хуйвалдаан хийсэн нь илэрч нурсан, Ерөнхий сайд гадаад бодлого, ТЕГ-ыг хяналтаасаа алдсан” хэмээн тодотгон өгүүлсэн байна.
1 сэтгэгдэл