Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд ялагдсанаар тус нам дотор томоохон хөдөлгөөн үүсч, МАН-ын даргыг шинээр томилох нь нэгэнт тодорхой болсон билээ.
М.Энхболд У.Хүрэлсүхэд мэдэгдэлгүйгээр хуучин МАСЗХ-ны угшилтай УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь дуудаж дарамталж байжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн 1-р шатны санал хураалт дууссаны дараа нийтлэлч А.Баатархуяг: "МАН-ын бүлгийн хурал дээр "гардан тулаан” болов. М.Энхболд унасныхаа бурууг чихэх гэж У.Хүрэлсүхийг хардаж дайрснаас хамаг юм эхэлжээ. Учир нь У.Хүрэлсүх ба хуучин МАСЗХ-ныхны хариуцаж ажилласан хэсгүүд дээр М.Энхболд алгасалгүй унасан нь тодорхой болж, түүнийг нь М.Энхболдод "үнэнч” матаачид даргадаа нэг бүрчлэн гаргаж өгснөөс хамаг хэрэг мундарчээ. Гэтэл үнэндээ МАСЗХ-ынхэн дээр ч унасан зүйлгүй, хавтгайдаа нурсан, ялангуяа өөрийнх нь фракцынхан хавтгайдаа бүр дүүргийн хурлынхнаасаа эхлээд хотын хурлынхан нь гишүүдтэйгээ элбэж ажилласан нийслэлд нурсан.
Сонгуулийн үеэр М.Энхболд У.Хүрэлсүхэд мэдэгдэлгүйгээр хуучин МАСЗХ-ны угшилтай УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь дуудаж дарамталж байжээ. Энэ нь нөгөө 60 тэрбумын бичлэг дээр хотын фракцынхан "У.Хүрэлсүхийн хөлийг тайрна” гэж хэлсэндээ хүрч байгаа хэрэг байж. Энэ дагуу "Зүүний хүчний холбоо”-ны гишүүдийг хотын фракцынхны матаас ба жагсаалтаар Жа.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ гэхчлэн ганцаарчлан дуудаж уулзсан ба хамгийн сүүлд эсрэг ажилласаар байсан Я.Содбаатарыг өрөөндөө дуудаж "эсрэг ажиллаад байвал хохь чинь шүү” гэж дарамтлаад гаргасан байна. Бас сонгуулийн Төв штабаас тэднийг холдуулж, хөдөө цөлжээ. Үүнд МАН-ын эх орончид сүрхий эгдүүцэж явсан нь ингэж тэсэрчээ. МАСЗХ-ын энэ гишүүдийг өмнө нь МАН-ын асаалттай 10 танк гэдэг байсныг М.Энхболд мартсан бололтой. Даарин дээр давс гэж Ж.Эрдэнэбат хажуугаас оролцож, шадрыгаа пойлдох гээд барилцаж авахдаа тулжээ. Ж.Эрдэнэбат ямар ч мэдээлэлгүй, араа л харж явдаг нь төдий л дээ…
У.Хүрэлсүх ч хариуг нь барьж "Гурваар гарч нам шившиглэчихээд буруугаа бидэнд чихэх гэж байгаа бол хүлээж авахгүй! Буруу хүн дэвшүүлж болохгүй гэсээр байтал өөрөө шунаж байж намын нэр хүндийг шороотой хутгасан чамтай харин хариуцлага тооцно, намыг хагалан бутаргаж хүчийг нь барсан хүн бол чи өөрөө шүү” гэж хэлээд хурал хаяж явжээ." хэмээн бичсэн юм.
Өчигдөр болсон хэд хэдэн үйл явдал Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын ажлын уялдаа холбоо маш муу, нэг нэгэндээ огт итгэхгүй байгааг хэнд ч ойлгомжтойгоор харуулав.
Үүний дараахан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар Сайд У.Хүрэлсүх нар хамтран мэдээлэл хийж: "Хэвлэл мэдээллээр манай намыг дотооддоо хагарч бутарсан юм шиг яриад байна. Өөрсдийнхөө намыг хагалан бутаргаж болно л доо. Хүний намыг битгий хагалахаар улайраач ээ гэж хэлмээр байна...Ерөнхий сайд бид хоёр муудалцаж, янз бүрийн хатуу үг шидэлцсэн зүйл байхгүй." гэх мэтээр тайлбар хийсэн билээ. Гэвч үнэндээ МАН-ын удирдлагын хүрээнд нөхцөл байдал тун хүнд болсныг эх сурвалжууд баталж байна. Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор хариуцлагаа хүлээж, огцрох ёстой гэж үзэж буй аж.
Харин МАН-ын одоогийн удирдлагуудын хувьд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд У.Хүрэлсүх нарыг намынхаа эсрэг ажиллаж, нэр дэвшигчээ албаар унагасан гэж үзэх үндэслэл бий гэх. Энэ л зөрүүтэй ойлголтын улмаас МАН дотор маш том зөрчил үүсч буй нь нэн тодорхой бөгөөд албан тушаалын эрэмбийн хувьд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын харьцаагаар энэ бүхэн нь илэрч байна. Өчигдөр болсон хэд хэдэн үйл явдал Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын ажлын уялдаа холбоо маш муу, нэг нэгэндээ огт итгэхгүй байгааг хэнд ч ойлгомжтойгоор харуулав.
2017 оны 7 сарын 15-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шуурхай хуралдаан хийж, түймрийн тархалтын мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өгсөн юм. Энэ үеэрээ тэрээр . "Монгол орон энэ хавраас хойш их, бага хэмжээний түймрээс салсангүй, энэ сарын 13-нд гарсан түймрийг унтраахаар хүн, хүчээ өнөөдөр илгээж байгаа нь хэт удаан байгааг, нөхцөл байдлаа зөв үнэлж ажиллах хэрэгтэйг Шадар сайд У.Хүрэлсүхийн шууд удирдлаганд байдаг ОБЕГ-ынханд онцгойлон анхааруулсан. Энэ үеэр Шадар Сайд У.Хүрэлсүх түймрийн голомтонд ажиллаж байв.
Үүнийхээ дараа буюу 7 сарын 15-ы орой Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд гарч буй түймрийн голомтод ажилласан юм. Хачирхалтай нь энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх түүнийг угтан авч, нөхцөл байдлыг танилцуулаагүй. Харин маргааш нь буюу 7 сарын 16-ы өглөө Улсын Байнгын Онцгой Комиссыг зарлан хуралдуулж, өмнөх өдөр нь Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг даалгаврыг бүхэлд нь үгүйсгэсэн буюу ямар ч нэмэлт хүч, батлан хамгаалах салбарын дэмжлэг одоохондоо хэрэггүй гэсэн мэдээлэл хийгээд, Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймрийн голомтонд очиж, танилцах хүсэлт тавьсан тул нөхцөл байдлыг танилцуулахаар явлаа хэмээв.
Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Шадар Сайд У.Хүрэлсүх нар гал түймрийн нөхцөл байдал дээр ажилласан юм. Гэтэл мөн өдрийн орой Засгийн Газар хуралдаж, хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Шадар Сайд У.Хүрэлсүхийн шууд удирдлаганд ажилладаг Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ үеэр Шадар Сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа нөхцөл байдалтай холбогдуулан хийсэн шуурхай зөвлөгөөнд оролцон, Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулах авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар болж буй тухай мэдээллийг сонсоод сууж байлаа. Ийнхүү гал түймэртэй холбоотойгоор хоёрхон өдөрт өрнөсөн үйл явдал л Ерөнхий Сайд, Шадар Сайд нар ажлын уялдаа холбоогүй, нэг нэгэндээ итгэхгүй байгааг нэн тодорхой харуулав. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл гэдэг нь тодорхой бөгөөд МАН-ын удирдах хүрээний улс төрчдийн дунд Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг энэ оны 11-р сарын үед огцроно гэсэн таамаглал байгаа юм.
1 сэтгэгдэл