"JСI Прогресс” салбар байгууллагаас зохион байгуулдаг Монгол Улсын хөгжлийн гарц IX цуврал уулзалт энэ сарын 16-ны өдөр болсон юм. Уулзалтын зочноор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож Монгол Улсын хөгжлийн гарц гаргалгааны талаар лекц уншсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ҮНДСЭН ХУУЛИУД ДУНДЖААР 18 НАСАЛДАГ
-Монгол Улсын хөгжлийн гарц бол зайлшгүй яригдах ёстой сэдэв мөн. Манай улс улс төр, нийгэм, эдийн засгийн мухардмал байдалд орчихсон байна. Үүнийг ганц би бодож байгаа юм биш, нийт ард иргэд төдийгүй мэргэжлийн судлаачид ярьж, бичиж байна.
Монгол Улсыг мухардмал байдлаас гаргах гарц бол Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулж, шинээр баталж хэрэгжүүлэх ажил юм. Яагаад гэвэл бид гарц гэхээр ганцхан ашигт малтмал, эсвэл залуучуудаа юм уу ахмадын туршлага гэж ярьдаг. Ерөөсөө гарцын тухай бүхэлд нь ярихгүй аль нэг хэсгийг нь онцлохоор гарц биш зүгээр цонх болж ойлгогдоод байгаа юм. Тиймээс би шинэ Үндсэн хууль жинхэнэ гарц байх талаар санаа бодлоо та бүхэнтэй хуваалцъя.
Энэ жил Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиолоо. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хууль батлагдаж байх үед залуус та бүхэн бага байсан биз. Харин бидний хувьд тэр ажилд шууд оролцох, эсхүл маш идэвхтэйгээр хажуунаас нь оролцох, байр сууриа илэрхийлэх үйл явц дунд байсан учраас Үндсэн хууль батлагдсан өдөр дөнгөж өчигдөр мэт тод санагдаж байна.
Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулиуд дунджаар 18 насалдаг болохыг эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоожээ. Тэр утгаараа манай Үндсэн хууль наслах ёстой дундаж насаа өнгөрөөчихсөн, харин ч хэтрээд явж байгааг ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, Үндсэн хуулинд хэзээ ч хүрч, халдаж болохгүй гэсэн ойлголтоос бид салах хэрэгтэй. Үүнийг дэлгэрүүлж ярих юм бол Үндсэн хууль тухайн ард түмний сайн сайхан амьдралыг цогцлоон байгуулахад тус болох ёстой бичиг баримт болохоос биш ард түмнээс тусдаа оршиж байдаг, ард түмний эрх ашиг хамаагүй болчихсон, тэглээ ч гэсэн хоймортоо бурхан тахил шиг шүтэж байх ёстой бичиг баримт биш гэдэг нь ойлгомжтой.
Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх, өөрчлөхгүй тухай асуудал янз янзаар яригддаг. Жишээлбэл, Энэтхэгт Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой зарчмын чухал асуудлыг хэн ч, яаж ч өөрчилж болохгүй гэж үздэг. Хүн амьд явах, эрүүл байх, сурч боловсрох, амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэх зэрэг. Түүнчлэн хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй байх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийнхөө асуудлыг шүүхээр хэлэлцэж байхад өөрөө оролцож үгээ хэлэх зэрэг хүний заяагдмал салшгүй эрхийг өөрчилж болохгүй. Эсхүл шинээр Үндсэн хууль боловсруулж байгаа бол тэдгээрийг заавал тусгах ёстой гэсэн зарчмын дагуу Энэтхэгийн шүүх Үндсэн хуулиа хамгаалдаг юм билээ.
Түүнээс бусад асуудал дээр өөрчилж болно. Тухайн нийгмийн хөгжлийн зорилт, тухайн ард түмний хөгжлийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудтай холбогдуулж өөрчилж болно гэсэн ойлголтыг бид авах ёстой. Тэгэхгүй бол манайхан "АНУ Үндсэн хуулиа 200 гаруй жил болж байж огт өөрчлөөгүй шахуу байхад манайх Үндсэн хуульд огт халдаж болохгүй. Тэгж яривал энэ бол нарийн асуудал, наана чинь сууж байгаа залуучуудын боддог ч асуудал биш.
Ер нь та нарт энэ талаар бодох ч эрх байхгүй, тийм мэдлэг боловсрол ч байхгүй. Үндсэн хуулийг маш өндөр боловсролтой хуульчид л хийдэг юм. Үндсэн хуулийн зүйл заалтыг маш мундаг Үндсэн хуулийн цэцэд сонгогдчихсон, насаараа хуульчийн ажил хийсэн мэргэжлийн хүмүүс л Үндсэн хуулийг тайлбарладаг, хамгаалдаг юм. Бусад хүмүүст Үндсэн хууль хамаагүй” гэсэн ойлголт газар авсан байна. Энэ бол огт буруу төсөөлөл.
ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ЗӨВХӨН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ БИШ
-Үндсэн хууль бидний гол баримтлах хууль зүйн бичиг баримт учраас өөрчлөх эсэх тухай асуудал, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх тухай асуудал хүн бүрийн хэрэг мөн. Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг ганцхан байгууллагад өгч болохгүй. Үндсэн хуулийг бид үеийн үед өөрчлөхгүй, гар хүрэхгүй, халдаахгүйгээр байлгаж болохгүй.
Үндсэн хууль бол ганцхан хууль эрх зүйн баримт бичиг биш. Үндсэн хуулинд бичсэн байдаг эрт эдүгээгийн түүхийн сургамжийг авч, өвөг дээдсийнхээ сургаалийг хүндэтгэн хэлж ярьдаг түүхийн бичиг баримт. Мөн шашин судлалтай холбоотой олон асуудлыг зохицуулсан байдаг. Жишээлбэл, харгис биш байвал ямар ч шашныг хүндэтгэнэ, хүн шүтэх эс шүтэх эрхтэй, төр ба шашны байгууллагууд нэг нэгнийхээ ажилд хутгалдан орж болохгүй зэрэг зарчмууд заавал байдаг. Дээр нь социологийн асуудлууд, хүний эрхийн асуудлууд, филиософийн асуудлууд ордог.
Манай одоогийн Үндсэн хуульд гэр бүлийг тодорхойлсон ойлголт байхгүй. Зүгээр гэр бүл гээд биччихсэн байгаа. Гэтэл одоо дэлхий дахинд энэ талаар маргалдаж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Зарим оронд ижил хүйстнүүд хоорондоо суухыг гэр бүл гэж нэрлэе гэдэг. Тэгвэл ихэнх оронд эрэгтэй, эмэгтэй хүний холбоог гэр бүл гэж ойлгодог. Ийм гэр бүлийг төр хамгаална гэсэн зарчмыг Үндсэн хуулиндаа олон орон суулгасан.
Тэгтэл зарим оронд Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийж байна гээд ижил хүйстнүүд гэр бүл байж болно гэв. Тэгтэл гэр бүл гэдэг чинь филиософи, шашин, социологи, психологи, эрүүл мэнд, анагаах ухааны асуудал болж байна. Тэгэхээр Үндсэн хуульд энэ асуудал яаж туссанаасаа болж байна. Үндсэн хуулийг дагаж, түүнд нийцэж бүх хуулиуд гарна. Үндсэн хуульд бичигдсэн зарчим зайлшгүй үйлчлэх ёстой.
Хоёрдугаарт, Үндсэн хуулиндаа Монгол Улс бол тусгаар тогтносон улс мөн гэж зарлан тунхагладаг. Мөн нутаг дэвсгэрийн хувьд бид хуваагдашгүй цул гэж зарлан тунхаглах ёстой. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл холбооны улс биш.
Нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч Бүгд Найрамдах Улс гэдгийг тодорхой хэлэх ёстой. Бүгд Найрамдах Улсын тогтолцоо гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ бол ард түмэн нь төр засгаа сонгодог, өөрчилдөг, төр засгийн эрх мэдэл ард түмний гарт байдаг тэр тогтолцоог Бүгд Найрамдах тогтолцоо гэж үздэг. Бүгд Найрамдах тогтолцоо шүү, Бүгд дайсагнах биш. Ийм тогтолцоо байхгүй нөхцөлд, жишээлбэл, язгууртнууд нь засгийн эрх мэдлийг дандаа барьдаг, хааны хүүхэд дандаа төрийн тэргүүн байдаг, эсхүл шашны тэргүүн дандаа шашин төрийг хослон барьдаг энэ бүх тогтолцоо бол Бүгд Найрамдах тогтолцоо биш.
Ийм нөхцөлд заавал хоорондын зөрчил, дайсагнал гардаг. Зарим нь төрөлхийн илүү эрхтэй, зарим нь дутуу эрхтэй ийм байдал тухайн нийгэм, ард түмэн хөгжихөд маш их хор хохиролтой гэж үздэг. Тиймээс хүн төрөлхтөн хөөцөлдсөөр, янз бүрийн бослого, цуглаан, жагсаал, хувьсгал хийсээр байгаад Бүгд найрамдах засаглалын хэлбэр л хамгийн чухал, хамгийн зөв хэлбэр юм гэдгийг олж тогтоож Бүгд найрамдах засаглалын хэлбэрийг өөрийнхөө Үндсэн хуульд суулгасан байдаг.
Монгол ч тэгж суулгасан байгаа. Уг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн нэртэй байсныг хасаад Монгол Улс болсон. Гэхдээ одоогийн үйлчилж байгаа Үндсэн хуульд Бүгд Найрамдах засаглалын хэлбэрийг сонгоно гэсэн байгаа. Энэ бол их чухал зарчим. АНУ-ын Ерөнхийлөгч Линкольн "Ард түмний байгуулсан, ард түмний төлөө үйлчилдэг, ард түмний засаглалын хэлбэр чинь Бүгд найрамдах засаглалын хэлбэр” гэж хэлсэн.
ТА БҮГД ҮНДСЭН ХУУЛИА ЗААВАЛ УНШ, БҮР ЦЭЭЖИЛ
-Дашрамд асуухад энд Үндсэн хуулийг бүтнээр нь уншсан хүн байна уу?
Үндсэн хуулиа уншаагүй бол та үүргээ ч мэдэхгүй, эрхээ ч мэдэхгүй байна гэсэн үг. Та эрхээ мэдэхгүй байх тусмаа төр засгийн албан тушаалтнуудад ашигтай. Та эрхээ мэдэхгүй юм чинь эрхээ хамгаалж чадахгүй. Эрхээ хамгаалж чадахгүй юм чинь таныг яаж ч болно. Толгойг чинь эргүүлж болно, эрхийг чинь зөрчиж болно, бизнесийг чинь булаан авч болно, сургуульд сурах, эмнэлэгт эмчлүүлэх асуудал чинь төр засгийн албан тушаалд гарсан хүмүүсийн дураараа дургих далим болно. Та нарын төлөө үйлчлэх ёстой тэр зүйл зохицуулалт энэ Үндсэн хуульд туссаныг мэдэхгүй бол та нар эрхээ хамгаалж чадахгүй гэсэн үг.
Тиймээс та бүгд Үндсэн хуулиа заавал унших хэрэгтэй. Үргэлж халаасандаа авч явах хэрэгтэй. Болж өгвөл цээжилсэн байх хэрэгтэй. Манай Үндсэн хууль том биш шүү дээ. Үндсэн хуулиа цээжилсэн, мэдсэн хүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулж чадна. Жинхэнэ Бүгд Найрамдах засаглалыг хэрэгжүүлж байгаа улс орны бүрэн эрхт гишүүн мөн гэдгээ хэлж болно. Тэгсэн цагт Үндсэн хууль танд үйлчилнэ. Таны төлөө, таны эрх ашгийг хамгаалахын төлөө үйлчилнэ шүү гэж та бүхэндээ хандан хэлэх байна.
Үндсэн хуулийг аль болохоор яг байгаагаар нь,бичсэнээр нь хэрэгжүүлэх зарчим барих нь их чухал гэж би боддог. Тэгэхгүй бол сүүлд нь ямар нэгэн албан тушаалтнууд жирийн иргэнд тайлбарлахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн байна уу, Дээд шүүхийн гишүүн байна уу, эсхүл Ерөнхийлөгч байна уу, Ерөнхий сайд байна уу, Их Хурлын дарга байна уу, Их Хурлын гишүүн байна уу, Засгийн газрын гишүүн байна уу, ямар нэгэн албан тушаалтан тайлбарлах эрхийг авч үлдэх гээд байгаа юм. Мэдээж хэрэг албан тушаалтан тайлбарлахдаа иргэнд биш өөртөө ашигтай тайлбарыг гаргах гэж оролдоно. Хүссэн хүсээгүй угаасаа тэндхийн төлөөлөгч юм чинь. Иргэн Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг эдлэхгүй. Тэгэхээр Шведийн Үндсэн хуулинд яг бичсэнээр нь баримталж хэрэглэнэ гэсэн заалтыг зориуд бичиж оруулсан байдаг.
Манай Үндсэн хуулинд яг бичсэнээр нь дагаж мөрдөнө гэсэн заалт байхгүй учраас хууль, шүүхийнхэн, хүний эрхийг хязгаарладаг, зөрчдөг байгууллагынхан өөрийнхөө дураар, үзэмжээрээ хүний эрхтэй холбоотой асуудалд ханддаг. Тэгээд өөрсдөө журам гаргаад, өөрсдийнхөө хууль бус үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулаад ажилладаг. Үндсэн хуулийг яг бичсэнээр нь ойлгож дагаж мөрдөхгүй байгаагаас болж хэрэгжих ёстой олон сайхан заалтууд хэрэгжихгүй, эсхүл урвасан, эсхүл гуйвсан, гажсан байгаа. Тийм учраас Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг яг зааснаар нь хөдөлбөргүй дагаж мөрдөнө гэж оруулах ёстой.
ГУРАВДАГЧ ОРОН МОНГОЛД ОРЖ ИРЭХДЭЭ ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН ҮЗЛИЙГ АШИГЛАЖ БАЙНА
-Ардчиллын тухай бодохдоо бид ганцхан либерал ардчилал гэж ойлгоод, одоо энэ үзэл хямрах байдалд орчих шиг боллоо. Та бүхэн ажиглаж байна уу. Либерал ардчилал үзлийг олон оронд шүүмжилж байна. Тухайн улс орны үндэсний эрх ашгийг хамгаалдаггүй, олон улсын банк, санхүүгийн байгууллага, олон улсын баячуудын хуйвалдаж, тухайн улс орны баялгийг өөртөө ашигтайгаар зохицуулахын тулд либерал ардчиллын нэрийг барьж, зарчмыг нь тулгаж, тухайн орныг тойруу замаар эрх мэдэлдээ оруулах гэсэн үзэл баримтлал мөн хэмээн шүүмжилж байна.
Тэр утгаараа АНУ-ын Трампын сонгуулийн дүн сонин гарсан. Хиллари Клинтон бол Уоллстритын банк санхүүгийн бүлэглэлийн төлөөлөгч, хээл хахуульд автсан этгээд, Америкийн ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, зөвхөн банк, санхүүгийнхэн болон тэдний гар хөл болсон хэвлэл, мэдээллийн байгууллагын эрх ашигт үйлчлэх хүн, хоёр нүүртэй, ам ба ажил нь зөрдөг хүн гэж АНУ-ын ард түмэн ярьж байна. Либерал ардчилал хоёр үзүүртэй зүү гэдэгтэй адил хоёр нүүртэй хүмүүст ашигтай.
Жишээлбэл, Хиллари Клинтон АНУ-д байхдаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж ярьдаг боловч эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их зөрчдөг Саудын Арабт очихдоо эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг ярьдаггүй, тэгээд нэг лекц уншсаныхаа төлөө олон зуун мянган ам.долларын шагнал авдаг. Энэ бол тойруу замаараа хээл хахууль мөн гэж. Ийм хоёр нүүртэй зарчмыг дэмжихгүй гээд Америкийн ард түмэн Трампт саналаа өглөө. Америкт Либерал ардчилсан үзэл хямралт байдалд орсон. Манайд ч адил байна. АН Либерал ардчилсан үзлийг ярих дуртай, ингэж ярьж гарч ирж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ үүнийгээ ч сайн ойлгоогүй, мэдээгүй байх жишээтэй. Хамгаалахгүй, хэрэгжүүлэхгүй байсаар ардчилал гэдэг юм чинь хараалын үг болох нь.
Орост аль хэдийн хараалын үг болсон. Орост демократия гэдгийг дерьмократия гэдэг болсон. Дерьмо гэдэг нь баас гэсэн үг. Яагаад гэвэл Ельциний үеийн Гайдар Ерөнхий сайдын үед Либерал ардчилсан онолыг хэт туйлшруулан ойлгож тулгаад Оросын ард түмэн их зовсон. 1998 онд Орос улс дампуурлаа зарласан. Дефолт болсон, та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр Либерал ардчилсан үзэл өнөөдөр хямралд орчихсон байгаа. Гэхдээ Либериал ардчилсан үзэл бол ардчиллыг зөвхөн нэг талаас нь өрөөсгөл хараад байгаа үзэл.
Жишээ нь, Либерал ардчилсан үзэлд хэт их баригдаад манайхан Оюутолгойн гэрээг маш буруу хийсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах ёстой, ямар ч хамаагүй үнэ цэнээр оруулах ёстой, байгалийн баялгаа өгөх ёстой, бид нарт технологи ч байхгүй, хууль эрх зүйн мэдлэг ч байхгүй, банк санхүү, дэд бүтэц ч байхгүй, хурдан өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд төр засагт гарсан хэдэн хүмүүс богино хугацаанд олдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад гадныхантай сүлбэлдэн хуйвалдаад муу гэрээ байгуулсан.
Монголын ард түмэн Оюутолгойн гэрээгээр ногдол ашгаа хэзээ авах билээ, та нар мэдэж байгаа юу. 2009 онд гэрээ байгуулсан Оюутолгой бол хамгийн багаар бодоход 30 сая тонн зэстэй, 1.5 мянган тонн алттай, өөр янз янзын ашигт малтмал бүхий том орд. Монгол Улс гэрээнд зааснаар ердөө 34 хувь эзэмшинэ. Энэ муу гэрээг Дубайд очиж гарын үсэг зурснаараа Ч.Сайханбилэг улам баталгаажуулсан. Энэ муу гэрээгээр Монгол Улс дөнгөж 2036 онд Оюутолгойгоос ногдол ашгаа авна. 27 жилийн дараа гэсэн үг.
Ийм муу гэрээг бизнес эрхэлдэг хүмүүс хэзээ ч, хэнтэй ч хийхгүй. Тухайн үед ашигтай гэрээ байгуулсан юм шиг ярьж байсан ч одоо ичээд ашигтай гэж ярихаа больсон. 27 жилийн дараа ногдол ашгаа авдаг гэрээ ямар ашигтай байх вэ дээ. Ерөөсөө 5-10 жилд багтаан оруулсан хөрөнгөө нөхдөг бизнес хэрэгтэй биз дээ. Чадвал 3-5 жил, их удаан гэхэд 10 жилийн хугацаа хангалттай. Гэтэл одоо Оюутолгойн гэрээнээс эдийн засгийн ашгийн тухай бодох хэрэггүй, харин гуравдагч орны ашиг сонирхлыг оруулж ирэхийн тулд хийсэн, бараг зүгээр бэлэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тэд тэгэхээр гуравдагч орон Монголд орж ирэхдээ либерал ардчилсан үзлийг ашиглаж байна.
АРДЧИЛЛЫГ ЗӨВ ЗҮЙТЭЙ ОЙЛГОХ НЬ ХАМГИЙН ДЭЭД ЗЭРГИЙН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ МӨН
-Бид ардчиллыг хамгаална гэдэг ч юм уу, ардчилсан оронд төр засаг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой гэдэг ойлголтуудыг гажуудуулан туйлшруулж буруу хэрэглэснээр Оюутолгойгоо алдчихсан. Монголын ард түмэн бухимдаад, уурлаад Оюутолгойн гэрээг засъя гэж шаардаж байна. Ингэж шаардахаар үндэсний үзэлтэй, хэт үндсэрхэг үзэл баримталсан хүн болж харагдах гээд байдаг. Оюутолгойгоо тавиад туучихвал ардчилсан үзэлтэй болж харагдах гажуудал үүссэн. Тиймээс үүнийг засахын тулд Либерал ардчилсан үзлийн тухай тодруулж ярьж байгаа юм.
Ардчилсан үзэл бол хамгийн том үндэсний үзэл. Угаасаа ард, ардчилал гэдэг нь эртний Грекийн "Демос” буюу "ард түмэн” гэсэн үгнээс гарсан, ард түмэн засгийн эрх барих гэсэн утгатай үг. Ард түмэн болгон өөрийнхөө эрх ашгийг хамгаалсан үндэсний үзэлтэй байдаг. Харин манайд энэ ойлголтыг хөгжүүлэхдээ үндэсний эрх ашгаа хамгаалах мөн чанар утгаас өөр тийш нь гуйвуулан гажуудуулж эсрэг утгатай буюу үндэсний эрх ашгаас зайлж зугтсан, тэр битгий хэл бүр өөр орны эрх ашгийг, өөр орны компани, олон улсын байгууллагын эрх ашгийг хамгаалах үзэл болгож хувиргасан нь өнөөгийн хямралт байдлыг бий болгосон. Тиймээс үндэсний үзлийг ардчилсан үзэлтэй холбож, ардчиллын дотор байгаа нөөц бололцоог Монголын ард түмний сайн сайхны төлөө зориулах сайхан боломжийг нээнэ.
Хэдийгээр бид ардчиллыг шүүмжилдэг ч яагаад ардчилал, ардчиллын зарчмыг баримталдаг вэ гэхээр ардчилал хувь хүнд ч, тухайн улс үндэстэнд ч хамгийн их боломж бололцоог олгодог. Ерөөсөө хүн аливаа бурханд итгээд суулгүй өөрийнхөө амьдралыг диваажин, эсхүл там болгоно, чи өөрөө сонголтоо хий гэсэн зарчим. Харин үүнийг бид шашин юм шиг ойлгож ардчиллын дайсан гэж зарим хүнийг зарлаад, эсхүл нэг хүн өөрийгөө ардчилсан хүн гэж зарлаад явж байгаа нь буруу. Ардчилал бол дундын өмч, бүхний өмч байж сая жинхэнэ ардчилал байна. Нэг хүн, нэг нам ардчиллыг өмчилж авснаараа ардчилал улам гуйвж, гажиж байхаас биш нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж чадахгүй болно.
Тэгэхдээ ардчиллыг зөв зүйтэй ойлгох нь хамгийн дээд зэргийн үндэсний үзэл мөн. Тухайн үндэстэн, тухайн хүнд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх хамгийн сайхан боломж бололцоог олгосон үзэл. Гэхдээ дотроо учир дутагдал агуулдаг ч үүнээс илүү тогтолцоо байхгүй учраас бид ардчиллыг баримтлахаас өөр аргагүй юм. Шинэ Үндсэн хуулинд ийм зарчмуудыг заавал суулгаж байж гарцаа зөв олох ёстой.
Үргэлжлэл бий.
Н.Энхбаяр
326 сэтгэгдэл