|

Б.Жагар: 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг нотолсон


Б.Жагар: 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг нотолсон

Нийслэлийн ИТХ-ын АН, МАН-ын бүлэгт 60 тэрбумын асуудлаар өгсөн шаардлагынхаа хариуг авахаар "Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн"-ийхөн өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа цугласан. Энэ үеэр НЗДТГ-ын хаалга эвдэрсэн асуудалд холбогдуулан цагдаагийн байгууллагаас тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагар нарын гурван хүнээс тайлбар авсан.

Энэ талаар Б.Жагар өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр  "Би НЗДТГ-ын хаалгыг эвдээгүй. Бид дотогшоо орж, шаардлагынхаа хариуг авах гэсэн боловч хамгаалагчид биднийг оруулахгүй гээд хаалгаа түгжсэн. Түгжсэн хаалгыг нь нүдтэл самбар нь уначихсан юм. Гэтэл цагдаагийнхан намайг баривчлахыг оролдсон. Би цагдаагийн байгууллагад хаалганы хэргээр гурван удаа баригдаж байна. Сонгуулийн үеэр намайг хаалга эвдсэн гэж гүжирдсэн. Дараа нь МҮОНРТ-ийн байрны хажуугаар алхаж явтал хаалга эвдэх гэж байна гээд дахин саатуулаад ЧГД-ийн цагдаагийн хэлтэст дөрвөн цаг суулгасан. Харин өчигдөр хамгаалагчид нь өөрсдөө хаалгаа дотроосоо түгжиж эвдчихээд намайг дахин гүтгэх гэж  оролдсон” гэв.

Мөн тэрээр "Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн”-ийхөн "УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 60  тэрбумтай холбоотой 90 минутын бичлэгийг гадаадад судалгааны байгууллагаар шинжүүлж, эвлүүлэг биш гэдгийг нотолсон. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ынханд энэхүү бичлэгтэй холбоотой асуудлыг яаралтай шийдэхийг үүрэг даалгавар болгосон. Гэвч ард түмэн бид дугарахгүй бол дөрвөн жилийн хугацаанд энэ асуудал замхрах магадлалтай байна. Иймд бид хариуцлага тооцуулахаар шаардах бичиг хүргүүлж байгаа юм. Цаашид ч тэмцэнэ” хэмээлээ.

 

1 сэтгэгдэл