5 мянган талийгаачийн нэрийг барьж, хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэвэр авч байсан асуудлыг Нийгмийн хамгааллын яаманд байгуулагдсан ажлын хэсэг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд, АТГ-тай хамтран шалгахаар болсноо өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ. Энэ хэрэг илэрч мэдэгдсэн нь УИХ-ын сонгуулиас өмнөх явдал. Тухайн үед нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон. Нэг зүйлийг тодотгоход, нийгмийн даатгалынхны булхай луйврын ажиллагаа янз бүрийн хэлбэрээр явагддагийг мэдээллүүдээс харж болох юм.Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн "Нас барагсдыг амьдруулах "шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал "Өнөөдөр” сонинд анх нийтлэгдэж байсан билээ. Тэнд бол нэлээд нарийн тодорхой зүйлсийг өгүүлсэн байдаг.
Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд "Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. " хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.
За харин өдгөө АН-ын дарга болсон С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байв. Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан.
Харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол "150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан.
Энэ бол хариуцлагагүй үг л дээ. Салбар хариуцсан сайдын хувиар С.Эрдэнэ тэрийг нь хүлээн зөвшөөрөөд хажууд нь сууж байсныг хэлэх хэрэгтэй. С.Эрдэнэ бол цагтаа Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан, дараа нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан хүн. Тиймээс ч нийгмийн даатгалынхны өнгөрсөн жилүүдийн луйврын хэрэгт түүнээс хариуцлага асуух ёстой гэдгийг хэлэх хүмүүс олон бий. Монголын улстөрийн гол хоёр хүчний нэг АН-ыг удирдаж буйн хувиар ч, түүнээс хариуцлагатай байхыг нийгэм шаардаж буй юм.
1 сэтгэгдэл