|

Уураас төрсөн урлаг


 Уураас төрсөн урлаг

Тусламжийн хүнсэнд дугаарлан зогсох хүмүүсийн зураг дунд намхан нуруутай ази хүү эмээнгүй харцаар харан зогсоно. Нэг л танил энэ хүүгийн царайг сайн аживал БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун байх аж.

Миний зорилго өөрийн уур хилэн, үзэл бодлоо илэрхийлэхдээ татгалзах аргагүй эрх мэдэлтэй, удирдагч хэмээгдэх хүмүүсийн албан тушаалыг эсрэгээр нь үзүүлэх ...

Абдалла Ал Омари

Уг зургийг нягтлан ажваас АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обамагийн ядрангуй царай, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн удирдагчид дүрвэгсдийн цуваан дунд ядарч зутарсан төрхтэйгээр дүрслэгдсэнийг олж харав. Сирийн зураач, кино найруулагч Абдалла Ал Омарийн "Хөндүүр” хэмээх цуврал зураг нэлээд шуугиан тариад байгаа юм. "Эдийн засаг, зэвсэглэл, улс төрийн хүчирхэг гүрнүүдийн удирдагчид бидний гуталтай ижил төвшинд байгаагаар дүрсэлбэл хүмүүс хэрхэх бол гэж бодсон” хэмээн Абдалла Ал Омари хэлжээ.

"Миний эх оронд нүүрлээд буй аймшигт зүйл уур цухлыг минь хүргэж, эх оронгүй болсон бухимдал минь дээд цэгтээ тулсан. Өш хонзонгоо ийм "ялдам” урлаглаг байдлаар авахаар шийдсэн минь энэ. Миний зорилго өөрийн уур хилэн, үзэл бодлоо илэрхийлэхдээ татгалзах аргагүй эрх мэдэлтэй, удирдагч хэмээгдэх хүмүүсийн албан тушаалыг эсрэгээр нь үзүүлэх байлаа” хэмээн ярих Омари Сириэс дүрвэж эх оронгүй болсон 5 сая гаруй дүрвэгсдийн нэг юм. Омари дүрвэгсдийн асуудал, тэдний хямралын талаар хэвлэл мэдээллээр цацагдаж буй худал мэдээллийг өөрчлөх хэрэгтэй гэж боддог байна.

 Уураас төрсөн урлаг

 

"Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрчид гээд бүгд л олон сая хүн дүрвэж буй талаар мэдээлж, санаа зовоож буй талаар ярьдаг. Гэвч тэр олон сая хүмүүсийн талаар, тэдний амьдралын талаар, хувь хүн бүрийн түүхийг мэдэх үү? Хүмүүст ойр түүхээр дүрвэгсдийн асуудлыг таниулахыг би өөрийн уран бүтээлчийн үүрэг гэж үзэж ийм алхам хийсэн. Үүнд цаг хугацаа их орох байх. Гэхдээ улстөрч биш хүн ч гэсэн ийм нөхцөл байдалд өөрийн хувь нэмрээ оруулж яагаад болохгүй гэж? "Хөндүүр” зурган төслийн минь утга учир ч үүнд оршино” хэмээн Омари онцолсон байна.

Сирийн нийслэл Дамаск хотноо 1986 онд төрсөн Абдалла Ал Омари 2012 онд нутаг нэгт Гассан Сибай, Фоуад Дадо нартай хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгээрээ урлагийн гараагаа эхлүүлжээ. Мөн онд шинэ залуу уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг үнэ хаялцуулан худалдаалдаг " Залуу цуглуулагч” дуудлага худалдаагаар түүний зурсан цөөнгүй хөрөг зураг өндөр үнээр худалдагдсан байна. Нутагтаа нэгэнт танигдсан авьяаслаг зураач залуу Омари 2015-2016 онд Лос Анжелес, Берлин хотуудад болсон алдарт Кристигийн дуудлага худалдаа болон Жусоорын дуудлага худалдаагаар нэлээд бүтээлээ өндөр үнэд хүргэн худалдсан нь түүний нэр хүнд, авьяас дэлхийд танигдаж эхэлсний баталгаа болсон юм. Омарид Бельги улсад улс төрийн орогнол олгосон бөгөөд тэрээр саяхнаас Брюссель хотноо амьдарч хүнд байдалд орсон улс орнуудын талаархи төсөөлөл, хүчирхэг хэмээгдэх гүрнүүдийн удирдагчдын дүр төрхийг эвдсэн цуврал зургуудаа бүтээн туурвиж байгаа аж.

Мөрийг нь дэрлэн унтах бяцхан охиноо тэврэн үүргэвч, гудас үүрсэн ядарч зутарсан төрхтэй шаргал үст цагаан арьст эр гэр бүлийнхнийхээ зургийг урдаа барьжээ.

 Уураас төрсөн урлаг

 

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трампын нүүрэнд цаг үргэлж тодрох ярвагар, ихэмсэг, дээрэнгүй төрх энэ удаад салхинд хийссэн мэт оргүй арилжээ. Үл хөдлөх хөрөнгийн магнат, мөнгөнд умбасан, өлсөж цангахын зовлонг лавтайяа 3 үеэрээ үзээгүй тэрбумтан Ерөнхийлөгч Доналд Трампын хэний ч санаанд оромгүй атлаа сэтгэл сэртхийлгэм дүрийг бүтээсэн нь дэлхий нийтэд хөнгөн цочроо өгсөн биз. 
Сэтгэл санааны шаналгаанаас үүдсэн болов уу гэмээр гүнзгий үрчлээ бүхий хижээл насны эмэгтэй цайвар шаргал алчуур зангидаж, өнгөө алдаж хэлхийсэн хүрэм хэдрэн гунигтай цэнхэр нүдээр ширтэн суух нь "дэлхийн хүчирхэг 100 эмэгтэй”-н нэг хэмээгдсэн Германы канцлер Ангела Меркелийн нэн шинэ төрх байлаа. 

 Уураас төрсөн урлаг

 

Хүчирхэг байна гэдэг хүчгүйд эзэрхэг хандах бус дээрэнгүйгээс өмгөөлөхөд хүчээ ашигладаг нэгнийг хэлнэ гэх нь бий. Үнэхээр тийм бол дэлхийн хүчирхэг гүрнүүд хэмээгддэг улсууд, тэдгээр улсуудын удирдагчид эх оронгүй болж, унтах газар, идэх хоолгүй ядарч яваа дүрвэгсдийн асуудалд өнгөн дээрээ санаа зовних бус бодит арга хэмжээг дорвитой авахад үнэхээр анхаардаг уу гэсэн асуултыг тавихад, тэднийг харах өнцөгөө өөрчлөхөд Омарийн бүтээлийн гол зорилго орших ажээ.


0 сэтгэгдэл